Монголд 44 мянган хүдэр байлаа. Өнгөрсөн жил нэг тойм тоо гаргасан. Хангайн нуруунд 120, Хөвсгөлд 300,Монгол Алтайд 90 гаруй хүдэр тоологдлоо.

Posted on 2007/08/28

1



Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан, Биологийн ухааны доктор Дашгэндэнгийн Цэнджав нь 1947 онд Төв аймгийн Сэргэлэн сумын “Буурал Хангай”-д төрсөн. МУИС-ийг 1971 онд “Амьтан судлаач” мэргэжлээр дүүргэсэн. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид 1971 оноос одоо хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, төслийн удирдагчаар ажиллаж, “Хүдэр үржүүлэн өсгөх” төсөлт ажлыг удирдан амжилттай хэрэгжүүлж байна. Их, дээд сургуульд багшилж, оюутан, магистрын дипломын ажлыг олон жил удирдсан монголын нэртэй эрдэмтдийн нэг. БНМАУ-ын Улаан ном /1987/, Монгол улсын Улаан ном /1997/, БНМАУ-ын Үндэсний атлас /1989/, Монголын Нэвтэрхий толь /2001/ зэрэг үндэсний томоохон бүтээлүүдийн хамтран зохиогч. Тэрбээр ШБОС 20 гаруйг хамтран боловсруулж хэрэгжүүлсэн нэгэн. Хүдэр үржүүлгийн Улсын шинэ бүтээлийн 1140 тоот патентын эзэнтэй “Утга зохиол, урлаг”-ийн цухас хөөрөлдлөө.
-Хүдэр хэмээх гайхалтай сонин гөрөөсний тухай яриагаа хоёул эхлэе. Энэ талаар та чамгүй мэргэшсэн ганц хүн шүү дээ. Улам л цөөрөөд байх шиг. Тэд мөхсөн амьтдын тоог дахиад нэгээр нэмэх үү?-Одоогоос 20 гаруй жилийн өмнө1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс нэг тоолсон байдаг юм. Тэгэхэд Монголд 44 мянган хүдэр байлаа. Өнгөрсөн жил нэг тойм тоо гаргасан. Хангайн нуруунд 120, Хөвсгөлд 300,Монгол Алтайд 90 гаруй хүдэр тоологдлоо. Хэнтийд бас иймэрхүү тоо гарах байх. Хувь заяа нь хэцүү хэцүү.-Тооллогын зардал хаанаас гарав. Тэр Эрдэнэбаатар л лав мөнгө өгнө гэж байхгүй. Угаасаа уул ус, лус савдгаа гомдоох чивэлт заяанд төрсөн этгээд юм билээ. Мөнгө нь хаанаас гарав?-Монгол Алтай, Саяаны төслийнхөн Хөвсгөлийн тооллогод 5000 ам.доллар, германчууд Хангайн нурууны тооллогод 5000 ам.доллар тус тус гаргасан. Зардал мөнгөний асуудал шийдэгдвэл Хэнтийн нурууны тооллогыг эхлүүлнэ дээ.-Та дээр юу ярьчихваа. Монгол Алтайн нуруунд юун хүдэр байдаг билээ?-90-ээд оны эхээр Тувагаас орж ирсэн цөөн тооны хүдэр нутагшиж байгаа нь тогтоогдсон. Монголд хүдрийн заар авна гээд тэр сайхан амьтныг хайр найргүй хядаж, өнөөдөр мөхлийн ирмэгт тулж ирээд байна. Хулгайн анчид заараас гадна урт цагаан соёог нь авах гэж их хөнөөдөг. Тэд хил гаалийн мэдээгээр алан хядагчид 22 мянган хүдрийн заарыг Хятадад гаргасан байна гээд бод доо.-Тэр заараар яадаг юм?-Үнэртэн, гоо сайхны үндсэн түүхий эдэд хэрэглэгддэг “мускон” гэдэг бодис хүдрийн зааран дахь агууламжийн гурван хувийг эзэлдэг юм гэсэн. Сонирхуулж хэлэхэд монгол хүдэр чинь Олон улсын агнуурын үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртсэн юм шүү дээ.-Манайхан гадныхантай нийлж хүдрээ мөхлөөс хамгаалахын төлөө гаршуулж байгаа сураг дуулдсан. Үнэн үү?-Хүдрийн аж ахуйг Гачууртын дээд эхний Бугат ууланд байгуулсан. Байгаль орчны яамнаас санхүүжиж байгаа. Гаршуулах үйл явц дажгүй шүү. Бид сайн төл авч байгаа. Зарим залуу хүдрийг ойд нь буцааж хүртэл тавьсан. Гэхдээ хулгайн анчид асар их байна. Тэд асар хүчирхэг, харин хууль дүрэм, хүчнийхэн маш сул байна.-Монголоос өөр хаана ч байдаггүй мазаалайн хувь заяа дээсэн дөрөөн дээрээ дэнжигнэсээр л явна уу, эвий хөөрхий дөө. Тэгж амьд явснаас бушуухан мөхөөд “Улаан ном”-доо үлдээсэй билээ.-Дэлхийн хаана ч үгүй эл сонин амьтан Алтайн цаад говийн Шар хулсны булаг, Атас Чингис уул, Сэгс цагаан богд орчмоор нутаглаж байна. Одоо бүгд нийлээд 30 шахам л мазаалай байгаа. Яамнаас мөнгө гаргаж, Эдэрэнгийн нуруунд хүртэл хашаа барьж өгсөн. Угаасаа маш цөөрсөн болохоор бие биенээ олохгүй мунгинаж явсаар наймдугаар сарын гэнэтийн ороогоо өнгөрөөчихдөг.Нутагладаг газар нь ч гэсэн сонин. Нэг тийм үхмэл ертөнц гэмээр.-Юугаар хооллодог юм бэ дээ, зайлуул?-Мазаалай чинь бас их сонин. Уул нь махчин атлаа өөрөө байгаль орчиндоо зохицоод өвсөн тэжээлтэн болчихсон байх жишээтэй. Говьд ургадаг хармаг жимс, бажууна, царцаа, дэвхрэг… юм юм л иднэ дээ. Мазаалай чинь Хятадын пандаг бодвол хамаагүй хөнгөн шингэн шүү. Ууландаа явж байхыг нь харвал их хурдтай. Тэгээд бас болоогүй ээ, цаг улирлаа дагаж өнгө зүс нь хувирна.-Ирвэсний тухайд асуудал ямаршуу байна?-Ирвэс үү, байгаа газраа тоо толгойгоороо байж л байгаа. Тэгээд ч говийнхон ирвэс агнахыг цээрлэдэг. Агнасан айл нь голомтоороо сүйрсэн гашуун түүх бий.-Ахууна шувуу Баян-Өлгийд мэр сэр үзэгдэж байснаа бүрмөсөн алга болсон гэл үү?-Цагаан ятуу юу. Ой хөвч, өндөр уулын тагтад хур, хойлогтой зэрэгцэж амьдардаг жигүүртэн. Арай ч устаж мөхчихөөгүй байна. Ахууна бол нүүдлийн шувуу биш болохоор ивээл зүсэнд хувирдаг. Намар нь шаргал, өвөл нь цав цагаан болох жишээтэй.-Зэрлэг тэмээ (хавтгай), хулан, бөхөн… нарыг их л эрт урьд цагаас дархалсан санагдах юм. Өнөөдөр өсөн төлжиж гавихгүй л юм даа. ,-Хавтгай говиор 700-гаад байгаа. Хулантай адил нүүж нутагладаг амьтан. Хулан гэснээс энэ зэрлэг илжиг голдуу сүрэглэдэг. Бөөнөөрөө цахилж яваа нь цахилгаан цахилж байгаа юм шиг их сонин харагдана. Сүүлийн үед хулан олширлоо, бэлчээр сүйтгэлээ гэх болж. Хулангийн тоо толгойн хувьд нэг их өсөж шалиагүй. Олширсон нь худлаа. Махыг нь хэрэглэх л гэж тийм яриа гаргах болж. Өнөөдөр Монголд ойролцоогоор 2000 гаруй хулан байна. Цагаан зээр, хар сүүлт зээрийн хувьд тоо толгои нь буурсан. Монгол бөхөн үндсэндээ устаж үгүй болсон. Хорхой бөхөн цөөн толгойгоор байгаа. Бөхөнг их хэмжээгээр агнаж, эврийг нь урагш гаргаж байна гэж уншсан юм байна. Нутгийнхан арай хэдхэн бөхөнгөө алаад эврийг нь урагш өгчихнө гэж байхгүй байх аа. Казакстаны бөхөнгийн эвэр манайхаар дамжиж урагшаа гардаг юм шиг байна лээ. Ер нь ан амьтдын тоо толгойн хомсдолд байгаль цаг уурын өөрчлөлт их нөлөөлсөн тал бий. Ихэнх ховордож байгаа амьтдын хувьд ойрын хэдэн жил тооллого явагдаагүй.-Хөвчийн хандгай арай устаж үгүй болчихоогүй биз дээ?-Байгаа. Тийм олон биш. Хөвчийн анчид ярьдаг юм “Нэг хандгай унагаснаас хоёр бор гөрөөс нь хавьгүй дээр” гэж. Энэ ч үнэний ортой шүү. Товчхон хэлэхэд, хөвчийн анчид бус би хэлэхэд “Ойд бор гөрөөс, хээр талдаа туулай л амьд үлдэх шив дээ”. Өөрөөр хэлбэл энэ хоёр амьтан л мэр сэр нүдэнд үзэгддэг боллоо. Байгалийн сэдвээр хүмүүс их ярьж байна. Бүхэл бүтэн яам ажиллаж байна. Гэтэл , бид чинь хээр хөдөө байтугай дэргэдэх орчноо ч өөд нь татсан юм алга. Гадныхны Монголын байгаль хамгаалалд өгч буй мөнгөний урсгалыг тэр хувааж иддэг хүмүүс нь энэ тухай бас нэг юм хэлэх биз. Тийм үү, үгүй юу дүү минь!- Улаан чоно дахиж харагдсан уу?-Монголын улаан чонын сүргийн хамгийн сүүлчийнх нь бараа 1972 онд л харагдсан шүү дээ. Говь талын бүс, Хөвсгөлийн ууланд нутагладаг өвөрмөц сонин амьтан байсан юм билээ. Говийнхон түүнийг “Шар хорхой” гэж нэрлэдэг. Ер нь бүх амьтад нэн хурдацтай ховордож байна.-Ургамал, амьтны аймаг сүйрэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс гэвэл та эрдэмтэн хүний хувьд юу хэлэхсэн бол?-Уул уурхай, ашигт малтмал, хүрээлэн буй байгаль орчны бохирдол. Ан амьтад, араатан жигүүртэн сүйрч, дайжиж байна. Хятадууд энд тэндгүй олноор нутагшиж, ялангуяа уурхайн хятадууд ан амьтныг олноор нь хядаж, хүнсэндээ хэрэглэх нь идэвхжлээ. Гэтэл монголд агнуурын нөөц хомсдсон. Чи тарвагыг л бод л доо. Агнахыг хоёр жил хориглолоо. Өссөнгүй, дахиад хоёр жил сунгалаа. Ан амьтанд бодит аюулыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд учруулах боллоо. Бодоод үз л дээ. “Зар мэдээ”, “Шуурхай зар”, өдөр тутмын сонинууд, мөн FM-үүдийн сувгаар “Тарваганы цөс, хүн мах… авна”, “Мөндлийн арьс авна” гэсээр байгаад бид газрын шар тос /тарвага/-оо устгаж санаа амарлаа шүү дээ. Уул нь манай улс чинь жилд 800-гаас нэг сая 200 мянган тарвага агнадаг байлаа. Сүүлдээ тарваганы ичээ ухдаг байсан эрлэгүүд том амьтдын ичээг ухаж эхэлсэн нь маш ноцтой асуудал болоод байна. Монгол дахь экологийн сүйрэлд хятадын бодлого ч орсон байхыг үгүйсгэхгүй. Дээрээс нь сансрын хэт ягаан туяаны нөлөө ч бий.-Эх дэлхийн ирээдүй их л бүрхэг болж байгаа юм байна даа?-Энэ сансар судлалын пуужин, хиймэл дагуулууд дэлхийн озоны давхаргын цоорхойг жил ирэх бүр улам томсгосоор байна. Түүгээр нарны хэт ягаан туяаны урсгал чөлөөтэй орж ирж байгаа. Энэ нь яваандаа эх дэлхийн амьдралыг баллаж, монголчуудын ярьдгаар галав юүлнэ гээч болно. Өөрөөр хэлбэл халуун галав ч юм уу, усан галвын үечлэл цаг хугацааны хувьд ойртлоо гэсэн үг.

Advertisements