Үргэлжлэл

Posted on 2007/12/18

0



Луйвраас луйварт О.Чулуунбатыг 1993 онд Монгол банкны Ерөнхийлөгч Д.Моломжамц тэргүүн дэд ерөнхийлөгчөөр авч 1996 он хүртэл ажиллуулсан юм. Энэ үед банкны хамгийн том луйврууд хийгдэх анхдагч алхмуудыг хийсэн билээ. Хамгийн эхлээд мөнөөх Марубанийн өрийг Монгол банкинд татаж, ул мөргүй болгожээ. Дэд Ерөнхийлөгчийн хувьд энэ нь ёстой хүүхдийн тоглоом байв. О.Чулуунбат 1996 оны УИХ – ын сонгуулиас өмнө төрийн өмчийг бүхэлд нь МАХН – ын бүлэглэлүүдэд тарааж өгөхийг Ерөнхий сайд П.Жасрайгаас шаардаж байсан ба сонгуульд ялагдсаны дараа үүнийгээ сануулж амыг нь асууж байжээ. Тэр Төв ази, Сэлэнгэ банкны хуйвалдаанд гар шамдаж орсны харгайгаар эдгээр банк дампуурав. Ингэж байтал 1996 оны сонгуулийн өрсөлдөөн эхэлсэн юм. О.Чулуунбат МАХН ялна гэдэгт бат итгэж байсан тул сонгуулийн өмнөхөн ардчиллын талын Цагаандарийн Энхтүвшин, Баабар нарын 10 – аад хүнийг банкинд өртэй, болгоомжилбол зохих хүмүүс гэж нэрийг нь зоож байгаад телевиз, сониноор мэдээлж орхисон нь хожим түүнд чамгүй гай болсон билээ. Сонгуульд ялсны маргаашаас Баабар нарын нөхдүүд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Чулуунбат, Буянгийн Жагаа нартай тооцоо бодохоор ажиллаж эхлэв. 1996 оны 7 дугаар сард засгийн эрх авсан АХЭ 8 дугаар сарын эхээр Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбатын оронд Ж.Үнэнбатыг томилов. Тэд О.Чулуунбатыг булхайг дөнгөж ухаж эхэлж байтал эвсэл дотроо зодолдож юун тооцоо бодохтой мантай юм болов. Ахиад л азыг тэнгэр түүнийг ивээжээ. Тэрбээр сайн дураараа ажлаа өгсөн нэртэйгээр морины Пунцагбалжиртай ан гөрөө хийж нэг үзэв. Гэхдээ байнгын аюул хэвээрээ байсан учир удалгүй эрдмийн ажил хийх нэрийдлээр гадаадад гарсан юм. Гэтэл шинэ боломж гарч ирэв. Та бүхний өмнө дурдсан О.Чулуунбатын надад огт хамаагүй гэх Силикатын өмнөх захиргаанаас ХОТШ банкаар дамжуулан МАХН – ын Удирдах Зөвлөлд О.Чулуунбатын төлбөр болгон 1996 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хийсэн шилжүүлгийн хуулгыг үзэж байна. Энэ бол О.Чулуунбат МАХН – ын нарийн бичгийн дарга болох гэж 400.000 төгрөгөөр МАХН – ыг хахуульдсан баримт юм. Нөгөө талаар бидний нэгэнт мэдэх 1 сая долларын гэмт хэргийн баримт ч болох юм. Эндээс О.Чулуунбатын МАХН –ын дээд удирдлагад ойртсон түүх эхэлнэ. Тэрээр МАХН – ын нарийн бичгийн дарга болох хүслээ намайг дарга болооч гэж гуйгаад байна гэсэн монгол сагсуу үгээр бараг хүн болгонд хэлдэг байсан юм. 1996 оны сүүлчээр тэр нарийн бичгийн дарга болж чадаагүй хэдий ч МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн гэсэн улс төрийн томоохон албан тушаалд очиж чадсан юм. Ингээд МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн О.Чулуунбат МАХН – ын удирдлагуудыг санхүү – бизнесийн бүлэглэлүүдтэй холбох ажлыг өөртөө авч, тэднийг казино руу дагуулах, бизнес санхүүгийн томчуудтай танилцуулах зэрэг ажлыг гардан хийж үүнд зориулсан зардлыг өөрөөсөө санхүүжүүлж байлаа. Харьд байсан дөрвөн жил Байдал ихээхэн аюултай болж, бараг дээлээ нөмрөх дээрээ тулсан учир тэр АНУ руу бараг оргон гарав. АНУ – д түүнийг хүлээн авах хүн бэлэн байлаа. Энэ бол түүнтэй 1983 оноос хамт ажиллаж байсан Ц.Одонгуа байсан юм. Тэр эмэгтэй 1994 онд АНУ явжээ. Тэнд хараар ажиллаж байсан ба нэг хэсэг ЭСЯ – ны Худалдааны төлөөлөгчдийн газарт ажиллаж байгаад энд хэлэмгүй будлиан гарч ажлаасаа халагдсан юм. Энэ хоёрын холбоо банкны дээрэм, луйвар бүрт илэрдэг юм. Харьд байсан талаараа О.Чулуунбат албан ёсны намтар дээрээ ийн бичсэн байдаг. Энэ нь: • 1996 онд Москва, ШУА, ОХУ • 1996 – 1997 онуудад Вашингтон хотын академи • 1998 – 2000 онд Нью-Йорк хотын “Шалиш Капитал Маркет” брокерийн пүүст диллер гэсэн гурван газар бөлгөө. Гэтэл тэр АНУ –д өөрийнх ам алдсанаар бизнес, арилжааны чиглэлээр ажиллаж, валют, алтны наймааны диллер хийж байсан төдийгүй Люксембургийн банкинд хүртэл ажиллаад авчээ. Улмаар Монголын өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой бүхий л том үйл явдалд байнга оролцох болсон “Жерард металлз” –тай нягт харилцаа тогтоосноо О.Чулуунбат нуудаггүй байсан юм. Монгол банкинд өндөр албан тушаал хашиж байсан хүн арилжааны банкинд, тэр тусмаа гадаадын банкинд ажиллаж болохгүй хуультай атал тэрээр диллер тоглож байжээ. Үүнийг ч бас яая гэхэв. Гэтэл туучий чинь Монгол банктай гадаадын банкны өмнөөс диллер тоглож алт, валютын наймаа хийж байжээ. Үүнээс илүү хорлогчинтой юм гэж даан ч үгүй билээ. Энэ үеэр Монгол банк диллерийн арилжаанаасаа үе үе мөнгөө их хэмжээгээр алдаж, чингэхдээ нэг л залуу алдаад байдаг болов. Энэ их алдагдлыг хүлээсэн залуу хожим нь О.Чулуунбатын хувийн урилгаар АНУ – д гарч, тэндээ амьдарч байна. Одоо О.Чулуунбатын валют, алтны диллер хийж Монгол улсад учруулсан хохирлын хэмжээг тооцох л үлдэж байна. АНУ –д байхдаа О.Чулуунбат намын шинэхэн дарга Н.Энхбаярыг олон улсын тавцанд гаргаж ирэх үүргийг өөртөө хүлээсэн нь тодорхой байдаг. Гэв гэнэт Н.Энхбаяр Дэлхийн банкны зөвлөх болчихдог юм байна. Энэ оньсгийн тайллыг О.Чулуунбат өөрөө хэлсэн байдаг. Би л Энхбаярыг дэлхийд анх гаргаж, би л өөд нь татсан гэх онгироо үгийг нэг нөхөрт шивнэж орхитол тэр нь мэдээж хэрэг Үндэсний удирдагчийн чихэнд хүрснээр олны хүртээл болсон юм. 1998 онд С.Зоригийг амь насыг бүрэлгэсэн хэрэг гарав. О.Чулуунбат Ардчилсан Холбооныхон давраад байвал эндээс хүн явуулаад нэгнийг нь цааш нь харуулчихаж болно шүү дээ гэж АНУ –аас занаж байжээ. Энэ болон урьдын олон хэрэгт нь эчнээ эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуул, цагдаа түүнийг мөрдөж эхлэв. С.Зоригийн ажлын хэсгийнхэн түүнийг Москва, Бээжин болон байн байн ирдэг Новосибирскэд хэд хэдэн удаа отсон боловч тэр яаж ийгээд мултраад байв. Тагнуул, Цагдаагийн дотроос юмуу, их дээрээс түүнд мэдээлээд байсан гэж энэ явдлыг мэдэх хүмүүс дүгнэдэг юм. Хүчнийхэн ингэж их хичээхийг бодоход түүний тэр занал ортой байсан байж магадгүй л юм. О.Чулуунбат АНУ –д байхдаа Н.Энхбаяр болон МАХН – ын удирдагчидтай хувийн дотно харилцаа тогтоосон байдаг. Ямар дарга нарын чемедон зөөж үзээгүй биш. Ер нь бол соёлын сайд байхад нь мөнгөөр тусалж, өрийг нь дардаг байсан юм билээ. Нөгөө талаар тэр тэнд очсон Ардчиллын нөхдүүдтэй холбоо тогтоохоо мартсангүй. Эзгүй байхад болсон явдал буюу банкны дээрэм 1996 онд Засгийн эрхэнд гарсан “Ардчилсан Холбоо” эвсэл эдийн засгийн давуу байдал олж авах стратегийн нэн зоримог үйл ажиллагаа эхлүүлэв. 1996 оны 9 дүгээр сарын 17 –нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Үүний шалтгааныг дээр дурдсан. О.Чулуунбат энэ үед “Ард” банкны ТУЗ-ийн гишүүн байлаа. Олонхийн бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд М.Энхсайхан : “Ардын банкыг ямар ч үнээр хамаагүй авах хэрэгтэй. ОУВС-нд захидал бичсэн. Тэд болохоор надад биш, Д.Моломжамцад хандаж бичээд байна. Бид тэднийг, тэд биднийг мэдэхгүй байна. Гадаадын зээл тусламж олдохгүй байж магадгүй. Найдвартай банк хэрэгтэй байна. ХХБ- ыг бид гартаа авлаа. Одоо “Ард” банкийг аваад гүйцээ” гэж хэлжээ. Энэ явдалд ХХБ нэн идэвхитэй оролцсон юм. Өөрөөр хэлбэл хувийн банкны нөхдүүд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч болж, төрийн өмчийн оролцоотой томоохон банкыг татан буулгажээ. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ – ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт арилаад өгсөн баримт байдаг. М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэг, П.Очирбатын эхнэр Цэвэлмаа тэргүүтэн “Ард” банкны 1-р касснаас хэдэн саяар тоологдох хадгаламжаа авч, ХХБ-нд хадгалуулж амжсан зэрэг жижиг сажиг гэмээр явдал нэлээд гарав. Энэ операцаар Хадгаламж, Сэргээн босголт банкуудыг байгуулсан юм. Ингээд талын нэг тараасан мөнгөө хувьчилж авсан банкиндаа цуглуулах, өөрсдийнхөө тавьсан өр зээлийг нуун зувчуулах, мөн өрсөлдөгчдөө дарамтлах зүй ёсны шаардлага үүссэн тул Банкны Өр зээл барагдуулах албыг байгуулав. Энэ үйл явдлыг УИХ – ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан хоёр удирдаж, Сангийн сайд П.Цагаан, Монгол банкны Ж.Үнэнбат хоёр голлон зохион байгуулсан байдаг. П.Цагаан О.Чулуунбат хоёр 10 жилийн нэг төгсөлтийн хүүхэд бөгөөд энэ үеэр П.Цагаан АНУ –д байн байн очиж байсан нь ихээхэн сэжигтэй байдаг. Энэ нь М.Энхсайханы улс төрийн уналтыг нь түргэтгэсэн эдийн засгийн гол шалтгаан байсан билээ. 1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцорсныг олон хүн санаж байгаа. Энэ операцийн үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн байдаг юм. Энэ мөнгө төөрч төөрч Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг. Үүнийг нь Н.Энхбаяр дор нь мэдээд авчээ. Ингээд Н.Энхбаяр өрсөлдөгчдийгөө дарамтлах байнгын зэвсэгтэй болсон төдийгүй “Голомт”-ыг МАХН – ыг далдуур санхүүжүүлэгч болгож чадсан юм. МАХН, АН хоёр цаагуураа байнга сүжрээд байдгийн эдийн засгийн учир шалтгаан нь ердөө л энэ юм. Энэ бүх явдлыг засгийн эрх барьсан балмад хүмүүс урьд нь засгийн эрх барьж байсан балмад хүмүүсээ эдийн засгийн хувьд шахан зайлуулах тэмцэл хийсэн гэж ойлгох нь зүйтэй юм. Мөн энэ үеэс эхлэн манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болсон бөгөөд энэ нь одоо болтол үргэлжилж байна. Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм. Багцаа тооцоогоор монголын банкин дахь мөнгөн хөрөнгийн лавтайяа 60 гаруй хувийг дансны аргаар дээрэмдсэн байдаг. Энэ явдалд оролцсон олон хүн өнөөдөр энэ дээрмээ бараг мартчихаад элит өөрсдийгөө гэдэг болчихож. Мөн эд хөрөнгөө өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мэт аархах болсноор барахгүй өөрсдийгөө төр барих заяатай хүмүүс гэх болж. Гэвч хорвоод ул мөргүй арилдаг зүйл байдаггүй гэдгийг сануулан хэлэх нь судлаачид бидний үүрэг болой. Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн юм. Энэ ажлыг хэн нэг мэргэжлийн хүн гаднаас зохицуулж байсан нь тодорхой байдаг. Гадаадаас алт, валютын диллер хийж байсныг нь харгалзвал О.Чулуунбат, Ц.Одонгуа нар гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ гэсэн гарцаагүй дүгнэлт гардаг юм. Буцаж ирэх замаа зассан нь Ардчилсан Холбоо эвсэл төрийн эрх 4 жил барьсан гэх боловч үнэн хэрэг дээрээ жил гаруйхан барьсан бөгөөд М.Энхсайхан унаснаар эрх мэдэл МАХН – ын мэдэлд бүрэн шилжсэн юм. Н.Энхбаяр АХЭ – ийн Засгийн газруудаар тоглох шиг болж байсныг бид бүгдээрээ мэднэ. Энэ үед Ардчилсан Холбоо эвсэл гэгч нэрийн төдий болж, МАХН – ын шууд гар хөл болсон билээ. Ингэсээр байтал 2000 он гарав. МАХН ялах нь дэндүү тодорхой болсон энэ үед банк санхүүгийн байтугай, эдийн засгийн талаар ямар ч мэдлэггүй Н.Энхбаярт мэргэжлийн луйварчин ус агаар шиг хэрэгтэй болсон нь мэдээжийн хэрэг бөгөөд АНУ –д дөрөө нийлсэн О.Чулуунбат түүнд хамгийн сайн хань болох байв. Н.Энхбаяр Цагдаагийн даргатай тусгайлан уулзаж О.Чулуунбатад эчнээ үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, үүний хариуд МАХН Ч.Амарболдыг оролдохгүй гэсэн тохироо хийсэн байна. Ингээд О.Чулуунбатын Монголд ирэх зам нээлттэй болов. Ингэж тэр хувалз болох замаа нээсэн юм. Түүнийг шил шилээ дарсан бүр ч том луйвар хийх нүгэлт ирээдүй хүлээж байлаа… Судлаач Д.Ганхуяг. 2006 оны 7 дугаар сарын 15. Үргэлжлэл бэлэн байгаа …

Advertisements
Posted in: Болъёоо