Монгол залуусаа уншаад нэг үзээрэй!

Posted on 2007/12/23

0



Өөрийгөө хэрхэн урамшуулах вэ?
Ажилдаа амжилт гаргахад Танд юу нөлөөлдөг вэ? өөрийн амьдралыг сайжруулах, гэр бүлийнхээ хангалуун амьдралыг бий болгох боломж нөлөөлдөг үү? Компаниас Таны ажлыг үнэлэн олгодог шагнал, урамшуулал, бэлэг, дурсгал. Энэ бүгд мэдээж таны өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусалдаг зүйлүүд. Гэхдээ хүний амьдралд үргэлж байдаг маш чухал нэг зүйлийг огт мартаж болохгүй. Энэ бол өөрийгөө урамшуулах юм.

Бүх зүйл болж бүтэхгүй байна

Тухайн хүн ажилдаа хичнээн дуртай байсан ч эрт, оройгүй хэзээ нэгэн цагт энэхүү дуртай ажил нь баяр баяслыг авчрахаа больж, уйтгартай, цаг нөхцөөсөн, нэг үгээр хэлбэл бүх урам зоригийг унтраагч хүчин зүйл болдог. Яагаад ийм зүйл болдог вэ? Нэгдүгээрт, бид хүүхэд байхаасаа л “хүсэхгүй байна” гэдэг үгийг мэддэггүй, харин “ёстой” гэдэг үгийг их сонсдог байсан. Ажиллах ёстой, тэр хүнтэй уулзах ёстой, үүнийг хийх ёстой, мөнгө олох ёстой гээд л. Хийх ёстой боловч нэг их хүсэхгүй байна гэсэн үг. Ядрах, ажилдаа сонирхолгүй болох, уйтгар гуниг энэ бүгд нэг талаас урамшуулал муу байгаагаас үүсдэг. Энэ байдлаас гарахад танд хэн туслах вэ? Таны гэр бүлийнхэн үү? Хамтран ажиллагсад уу? Удирдлагууд уу? Эсвэл Та өөрөө юу ?

Өөрөө өөртөө тусал

Хүн бүр өөр өөр байдаг учраас энэ байдлаас гарахад туслах цорын ганц “эм” гэж байдаггүй. Бид өөрсдийн хувийн онцлогоосоо хамааран өөр өөр зүйлүүдээс урамшиж, цааш ажиллах урам зоригийг өөр өөр хүчин зүйлээс олж авдаг.

Зорилгоо тодорхойл

Хүн өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан байж олж авсан эцсийн үр дүндээ хамгийн их урамшдаг. Тиймээс өөрийгөө урамшуулах анхны шат бол зорилгоо нарийн, нягт тодорхойлох юм. Урьдын ярьж байсан “ёстой” гэсэн үг бүх л урам зоригийг “үгүй” гэдэг үг рүү түлхэж байдаг. Та зөвхөн өөрийн зорилгодоо хүрэх ёстой бус, харин үүнийг хүсэж байна гэдгээ өөртөө итгүүлээрэй. Өөрийн зорилгыг дүрслэн бодож байгаарай. Зорилгоо цаасан дээр юмуу компьютер дээр бичээд нүдэнд харагдах газар өлгөөрэй. Ийнхүү зорилгоо тодорхойлсны дараа та уг зорилгодоо хүрчихсэн байна гэж төсөөлөөд үз. Танд юу мэдрэгдэж байна? Гэхдээ нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Таны хүсэл бүр түүнийг биелүүлэхийн төлөөх идэвхитэй үйл ажиллагаагаар гинжлэгдэх ёстой.

Би өөрийгөө амьдарч байна гэдэгт итгэж байна

Хэн бүхэнд өөрт нь үнэн сэтгэлээсээ итгэдэг хэн нэгэн / гэр бүлийнхэн, хамт олон , найз нөхөд / зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ зорилгоо биелүүлэхэд өөрөө өөртөө итгэх нь хамгийн чухал юм. “Амжилтандаа итгэх нь амжилттай яваа хүмүүсийн хамгийн үндсэн, чухал зан характер юм. Амжилтандаа итгээрэй тэгвэл та түүнд заавал хүрэх болно”. Тухайн хүн “одоо хийж буй ажил минь надад үнэхээр тохирсон, миний дуртай ажил” гэж бодож байгаа л бол энэ бодол нь л түүнийг амжилтанд хүргэх жигүүр болдог. Бусад хүмүүс танаар үнэхээр бахархдаг гэдгийг үргэлж санаарай!

Үнэн сэтгэлээсээ ярилцах

Урам зоригоо алдах бас нэгэн шалтгаан бол “би юу ч хийж чадахгүй”, “миний бүх зүйл болохгүй байна” гэсэн бодол юм. Бүх зүйл бодож байснаас өөрөөр, төлөвлөсний дагуу явахгүй байна уу? Үүнээс болоод нэгдүгээрт, яах вэ? хоёрдугаарт, хэн буруутай вэ ? гэсэн асуултууд гарч ирдэг. Мэдээж эхний асуултанд хариулт өгөхөд бид бүгдэд нэлээн хүндрэлтэй. “Эргэн тойрноо хуурах нь тийм ч сайн зүйл биш” боловч бидний ихэнх нь үүнийг бага байхаасаа ашиглаж сурсан. Харин эцсээ хүртэл өөртөө үнэнч байх, өөрийн үйлдлийг шударга дүгнэх, өөрийн алдааг хүлээх нь тийм ч хялбар биш, өөрөөр хэлбэл буруутныг эргэн тойрноосоо хайх нь илүү хялбар шүү дээ. Тиймээс та нэг зарчмыг баримталж сураарай. Хэрэв таны ажил, хэрэг, амьдрал тань хүссэнээр тань явахгүй бол энэ нь та ямар нэгэн зүйлийг арай зөрүү хийгээд байгаа гэсэн үг. Харин өөрийгөө зэмлэх шалтаг биш шүү. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд асуудлын гол учрыг олох хэрэгтэй. Хүссэн үр дүндээ яагаад хүрэхгүй байгаагаа ойлгохыг, үйл хөдлөлөө цэгнэхийг хичээгээрэй. Жишээ нь: Та “Би маш их ажилтай учраас үүнийг үнэхээр хийж чадахгүй нь” гэсэн хариулт өгч байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ таны хийх бизнес биш, танд хэн ч туслахгүй байна, эсвэл та өөрийн ажлаа зөв төлөвлөж чадахгүй байна уу? Асуудлыг зөв тодорхойлсноор та үүнийг шийдэх аргаа олно гэсэн үг. Өөрийн алдаандаа эергээр хандаж сураарай. Ямар ч туршлага туршлага л шүү дээ !

Бүх зүйл сайхан болно

“Хэрэв та тухайн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол түүнд хандах хандлагаа өөрчлөөд үзээрэй” гэсэн мэргэн үг байдаг. Хэрэв тухайн хүн аливаа нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг эрмэлзвэл түүний бодол санаа аяндаа түүндээ дасаж эхэлдэг. Үүнийг шинжлэх ухааны хэллэгээр рефрейминг гэдэг бөгөөд энэ нь сөрөг бодлоос татгалзах гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, “надад энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн хийх ямар ч хүч тэнхээ алга гэхийн оронд та өөртөө “тиймээ, одоо надад маш хүнд байна, гэхдээ би өөрийнхөө зорилгодоо хүрвэл ” гэж хэлдэг болно гэсэн үг юм. Та “ёстой”, “тэгэхээс, ингэхээс”, “хийх хэрэгтэй” гэсэн үгнүүдийг хэрэглэхээс аль болох татгалзаж байгаарай. “Даваа гаригт би эмчид очиж үзүүлэх ёстой”,”Даваа гаригт би эмчид очиж үзүүлмээр байна” гэсэн 2 өгүүлбэрийн ялгааг сайн мэдрээрэй.

Өөрөө өөрийгөө магт

Аливаа магтаал нь хүмүүсийн, тэр дундаа эмэгтэй хүний бүтээмжийг 2 дахин нэмэгдүүлдэг гэж эрдэмтэд баталдаг. Өөрийгөө магтах нь хэн нэгэнд сонин санагдаж болох ч биднийг өөрсдөөс минь илүү хэн мэдэх билээ. Бидний хүрсэн амжилт, хийсэн ажлыг биднээс илүү хэн мэдэх вэ? Тиймээ, бид өөрсдөө л өөрсдийгөө хамгийн сайн мэднэ шүү дээ. Өөрийгөө урамшуулж, хүрсэн амжилтаа дүгнэж байгаарай. Өөрөө өөртөө сайхан орчин бий болгож, хүссэн зүйлээ хийх, хөгжим сонсох, кино үзэх зэргээр сэтгэл хөдлөлөө эерэг байлгаарай. Таны сэтгэл санаа хэдий эерэг байна тэр хэмжээгээр таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байна. Таны ажиллах урам зориг үргэлж өөдрөг байг! Та бүгдийг хийж чадна !

Б.Гэрэлтуяа

Advertisements