БУРАНГУЙ СИСТЕМИЙН СҮҮЛЧИЙН АМЬСГАЛ

Posted on 2008/06/15

0



Cудлаач Д.Ганхуяг

Монголын улс төр системийн хямралд орсныг эхлээд эрдэмтэд нь дараа нь амтай болгон ярьсаар байгаа боловч түүнийг засах өөрчлөх оролдлогыг хэн ч хийсэнгүй. Энэ хооронд бүхэл бүтэн 18 жил өнгөрч ардчиллын эхэн үед төрсөн хүүхэд одоо эрийн цээнд хүрчээ. Сүүлдээ бид чинь бүгдээрээ шахам хуулиа сахия гэж орилох мөртлөө хуулийг яаж зөрчихөв гэхээс өөрийг бодохоо байчихсан хөгийн амьтад болон хувирч байна.

Засгийн эрх мэдлийг улс төрийн намууд оролцон сонгуулиар байгуулдаг дэлхийн жишгийг бид хэрэглэж буй мэт боловч намууд нь цөөн тооны хүмүүсийг эрх мэдэлд хүргэж, тогтоон барих шат дамжлага, хуйвалдааны үүр уурхай, сонгууль нь жорлон болж хувирч байгааг бид бүгдээрээ харж байна. Би амихандаа “Сонгуулийн дараа Та нар яахийм” гээд асуугаатахсан чинь “Иднэ” гэж маш олон хүн хариулж байна. (ganaa.mn блогоос үүнийг уншина уу? )

Нэгэнт эхэлсэн улс төрийн системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй бөгөөд энэ сонгууль бол ялзарсан системийн сүүлчийн амьсгал болно гэдэгт мөрийцсөн ч болох байна.

Мөнхийн сөрөг хүчин

Ардчилал анх гарч байх үед намуудын тоо хэмжээ хязгаараа алдсан билээ. Мэдээж монгол менталитетын дагуу хоёрхон нам эрх баригч болон 18 жил суусан бөгөөд энэ бүхний цаана нийгэм, сэтгэл зүйн маш нарийн далд үйл явц болсон юм.

Мэдээж Ардчилсан чиглэлийн намууд анх гарч ирэхдээ МАХН –ын сөрөг зогсох хүчтэй хүч болж чадсан юм. Энэ нь үзэл санааны хувьд коммунист үзэл суртлын эсрэг янз бүрийн урсгал, чиглэлийг номлох, сурталчлах, үйл ажиллагааны хувьд социализмын гэсэн юм болгоныг нураах, эвдлэх, хараах үйлдлийг л хийж чадаж байв. Хамгийн амархан энэ үйлдэл их том харагдаж, мэдээж хүн болгонд шахам таалагдаж байсан. Сүүний механикжуулсан ферм, савхин эдлэлийн үйлдвэр гэх мэт монголын бүх үйлдвэрүүд яахаараа социализмын үед байгуулагдсан учраас бүгдээрээ сүйрэх ёстой гэдгийг би одоо болтол ойлгодоггүй юм.

Монголын үйлдвэрлэлийг сүйрүүлсэн гол эзэд нь МАХН, АН хоёр билээ. Нэгэнт сурчихснаараа нам нам гээд байгаа болохоос биш, намын нэр барьсан хэдхэн л луйварчин байдгийг би төдийгүй, уншигчид бараг нэр нэрээр нь мэднэ дээ.

Өнөөдөр үйлдвэржүүлэлт яриад байгаа Ц.Элбэгдоржийн хийрхэл монголын үйлдвэрүүдийг сөнөөсөн бус уу. Тэр өөр олон ч юм сөнөөсөн дөө. Хэрэв тэр 1930-аад онд төрсөн бол ёстой улаан галзуу хувьсгалч болох байсан нь ямар ч эргэлзээгүй. Лениний боть сугавчилсан эвлэлийн ажилтан энэ нөхөр Ерөнхий сайд, намын дарга болох тоолондоо нэг шинэ лоозон санаачилдаг үнэхээрийн гажигтай амьтан юм.

Мэдээж одоо үйлдвэржүүлэлт ярих нь зүйтэй. Гэхдээ хүрсэн болгоноо сөнөөдөг хүмүүсийг ийм юманд ахин хавьтуулж болдоггүй юм. АН-ын лидерүүдийн үзэл санаа социализмыг устгахад хэрэглэх уриа лоозон, туг төдий зүйл байсан юм. Нэгэнт өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил болоогүй юмыг хаях шиг амархан зүйл байдаггүй билээ.

Одоо олон хүн ярьдаг юм. Ардчиллын лидерүүд анх тунхагласан үзэл санаанаасаа урвасан гэж. Миний бодлоор анхнаасаа сэтгэл зүрх, эрхэмлэлээрээ биш, сургаар авсан дуурайсан юмнаас урвана гэж юу байхав. Зүгээр л гарцгүй мухарт ороод ирэхээрээ аль эрт хаячихсан юмаа гэнэт санаж сэлмэрч навсраад таар шуудай шиг болчихсон уриа лоозонгоо ахин мандуулж амьтан хүнийг дахин хуурах гэж ядаж байгаа царай нь тэр.

Дурдан буй хугацаанд АН-ын хэдэн лидерүүд хэд хэд хуваагдаж, МАХН- ын бас л хэд хэд хуваагдсан бүлгүүдийн салшгүй нэг эд эрхтэн болтлоо хувирчээ. Ингээд АН мөнхийн сөрөг хүчин байх хувь заяагаа өөрөө бий болгожээ.

Францын коммунистуудыг засгийн эрх авахад айдаг гэж ярьдаг шиг манай ардчиллынхан ч засгийн эрх авахаас аль эртнээс эхлэн айдаг болсон юм. 1996 – 2000 онуудад Н.Энхбаярын удирдлагаар бантан хутгаснаасаа хойш тэд эрх мэдэл бүрэн авахаасаа хулгадаг болчихсон юм л даа. Ингээд тэд МАХН – ын гол гол бүлэглэлүүдтэй холбоо тогтоож, МАХН, АН хоёрын нэрийг барихын хамт хоёуланг нь сүйтгэгч адгийн новшнууд болон хувирсан.

2004 оны сонгуульд эвсэл ялсан. 2004 оны 6 дугаар сарын 29 –нд одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Бид ялагдсан ч ажилласаар л байх болно” ММ. №127, “Бид ялж, ялагдаж үзсэн нам” ӨН, № 151 гэж хэлсэн үг нь шарлаагүй сонины хуудас, телевизийн бичлэгт байж л байгаа. Энэ нотолгоо биш гэж үү ?

Эвслийг задалсан, МАХН –тай УИХ-ын хамтарсан бүлэг байгуулаад дараа нь хөөгдсөн, ХААН сонголтыг хэрэгжүүлэх Үндэсний эв нэгдлийн сүржин засгийн газар байгуулсан, 65 дугаар тойргийн нөхөн сонгууль дээр АН дэмжигчдээ шууд худалдсан, одоо бол “Энхбаяр” намын бууны нохой Ардчилсан Намынхан мөнөөсөө мөн. Үүнийг худлаа гэх мангар зоригтой хүн байвал шар хэвлэл ашиглах, цуурхал тараах новшийн аргаар нялцганаж байхынхаа оронд шууд л гараад ир л дээ.

Үндэстний эсрэг хүчин

Тусгаар тогтнол авчирч, хэлмэгдүүлж, бас өөрөө хэлмэгдэж, хахир хатуу үзэл суртал, захиргааны арга хэрэглэн монголын нийгмийг дэвшилд хүргэсэн улс төрийн хүчин бол МАХН байсан. 1990 оноос энэ нам шинэчлэгдэж эхэлсний гэрч нь би өөрөө юм. Гэтэл энэ нам:

· өмч хувьчлал гэх дээрэм луйвраар баяжигсдын хязгааргүй шунал

· хуучны номенклатур, одоогийн бюрократ ангид эрх мэдлээ алдсан

· мулгуу удирдагч нарынхаа сүйрүүлэгч үйлдлийн улмаас шинэчлэл нь бүрэн зогссоноор барахгүй илтэд XXI зуунд илтэд феодалын шинжтэй байгуулал тогтоогоод байна.

Нам төрийн удирдагчид нь уул овоо тахиж, энд тэндгүй бурхан, суварга босгож, найр наадам хэсч гангарч байх хооронд нь газар дэлхий хордож, уул ус ширгэж, иргэд нь амьсгалах агааргүй, уух усгүй бөөн бөөнөөрөө хордож үхэж байна. Мөн тэднийг зөвхөн найр наадам хэсээд давхиад явдаг гэж бодвол их эндүүрэл болно.

Тэд бол газар нутгаа худалдагч, хордуулагч, далд эдийн засгийг ивээн тэтгэгч, нийгмийн баялгаас хулгайлагч, нийгмийн замбараагүй байдал, ард иргэдийн зовлон зүдгүүрээр хоол хийн амьдрагч үндэстний дайсан мөн.

МАХН бол хатуу ширүүн ч гэсэн удирдаж чаддаг бидний сайн мэдэх хуучин нам биш, луйварчин, дээрэмчдийн цуглуулга болсныг одоо судлаач байтугай, иргэд бүгдээрээ мэдэх болж байна.

Өнөөгийн МАХН биднээс хуйлгайлсан мөнгө, зах зээлийн зарчмаар байгуулагдсан төрийн захиргааны байгууллагуудын сүлжээ, хоосон амлалт гурав дээр л тогтож байгаа юм. Хамаг гай нь энд байгаа ч юм бас биш. “Анхны саяыг хулгайлж олдог” гэсэн францын мэргэн үгийг санаад энийг одоо дүүрч гэж бодъё.

Гэтэл МАХН өрсөлдөн тэрсэлдэгч олон бүлгүүд болон хуваагдаж, тэр тэмцлийнх нь хөлд ард олон нэрвэгдэж байгаад л гол учир оршино. Хэрэв хэрүүл хийгээд гэвэл бид дотооддоо үзэл бодлоо илэрхийлж “ардчилсан” байна, дарангуйлал тогтоогоод юу ч ярихгүй байна гэвэл бид нэг үзэл санаатай бат цул байна гэнэ. Ингээд л ээлжлээд яриад байна даа.

Саяхан болсон XXY Их Хурлыг ярьдаггүй юм аа гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж авах юм байхгүй, хуучныгаа хуулаад биччихсэн. Нийслэл, дүүрэг, аймаг гээд л бие даасан олон бүлгүүдийнхээ байлдаанаас болж энэ нам нийгмийн хөгжлийг чөдөрлөгч, үндэсний эрх ашгийг эвдлэн бусниулагч хар хүчин болж хувирчээ. МАХН ажил хийх нь битгий хэл, сэтгэн бодох ч чадваргүй болчихоод байна.

Монгол хэдэн намтай вэ ?

Хэрэв ингэж асуувал олон хүн голдуу эсвэл улсын бүртгэлтэй 20 шахам нам, эсвэл парламентад суудалтай намууд, эсвэл МАХН, АН гэж хариулна байх.

Харин бодит байдал дээрээ бол Монголд МАХН, АН болон Ерөнхийлөгч нам гэсэн гуравхан нам байдаг юм.

МАХН, АН хоёр бол хэд хэдэн бүлэглэлүүдээс тогтож, тэдгээр нь хоорондоо холилдож, улс төрийн тайзан дээр “Учиртай гурван толгой” тоглож байдаг юм.

Харин Ерөнхийлөгч нам бол: 1. Н.Энхбаярын МАХН-ын дарга байх үеийн авилгалын сүлжээний үндсэн хэсэг, 2. АН-ын “Алтан гадас” болон Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн гол хэсэг, 3. Төрийн байгууллагад шургалсан тодорхой албан хаагчдаас бүрддэг юм. Ерөнхийлөгч Нам бол МАХН, АН хоёрын гол гол бүлэглэлүүдэд үлэмж нөлөөтэй, тэдний арчаагүй зөрчил дээр тоглож амьд явдаг. Ухаандаа АН-ыг Ц.Элбэгдорж биш, Ерөнхийлөгч Нам удирддаг.

Сөрөг хүчин байхдаа 4 Засгийн газрын толгойг залгисан, Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын засгийн газрыг сөнөөсөн, одоо С.Баярыг шууд хорлож байгаа, МАСЗХ –г өөрөө санаачлан байгуулж хэрэглэж байгаад устгасан мэт хөгийн явдлуудыг ганцхан Ерөнхийлөгчийн Нам зохион байгуулдаг. Энэ салхинд Х.Баатар, Д.Бадраа, Ц.Түмэнгэрэл, У.Хүрэлсүх, Хадгаламж зээлийн хоршооныхон гээд олон хүн хэлмэгдэж, нэрвэгдсэн. Ахиад ч цаашдаа олон болох биз. Ханилсан болгоноо зольдог, хавьтсан болгоноо сөнөөдөг ёстой муу ёрын амьтан…

Аливаа хүнд байдаг олон зөн билгүүдээс хамгийн хүчтэй нь амьд явах зөн билэг юм. Албан тушаал буумагц л маргааш нь гарцаагүй шоронд орох учраас тэр ямар ч хүнээс илүүтэй эрчим гаргадаг юм. Амьд явах зөн билгээрээ өөрийн байгуулсан авилгын сүлжээний жижиг аалзнуудаас нэг нэгээр нь барьж идэх буюу идэхээр сүрдүүлэх замаар тэсч үлддэг юм. Хэн ч байнгын айдас дор амьдрах дургүй учраас Ерөнхийлөгч намын аалзны тор тал талаасаа сэмэрч эхэлж байна.

Ингээд ирмэгц тэр энэ сонгуульд аль ч намыг ялуулахгүй байх, сонгуулийг бантан болгох, улмаар засаглалын хэлбэрийг өөрчлөх дэс дараатай алхмуудыг хийж эхлээд байна.

Үүнийг тун цөөхөн хүн мэддэг бөгөөд бусад нь аль хэдийнээ байхгүй болтлоо задран сэмэрч буй аалзны торон дотор байр сууриа олох гэж үхэн хатан зүтгэдэг юм. Ингээд л нэг бүхэл олигархи бүлэглэл МАХН, АН гэсэн хоёр нүүртэй болж аваад биднээр тасралтгүй тоглодог юм даа.

Монгол Путин болох замд

Америк маягаар хоёрхон нам хоёр төр барих ёстой, Орос маягаар Путиныг дагаж улс төрийн бүлэглэл үүсгэх ёстой гэх мэтийн онол маягийн яриа байнга гараад байдаг нь тохиолдлын зүйл биш. Үүний эхнийхийг Н.Энхбаяр МАХН, АН хоёрыг нэгтгэн удирдаж байх үедээ гаргасан. Удаагийнхыг нь Н.Энхбаяр Орост болсон сонгуулийн дараа шинэчлэн томъёолсон юм.

Н.Энхбаярын “халаасны нам” – Үндэсний Шинэ Нам “монголчууд одоо удирдагчаа тойрон хүрээлэх ёстой” гэж томъёолж байна. Бид чинь Н.Энхбаяраар удирдуулсаар байгаад хямрал сүйрэлд ороо биз дээ. Саяхан УИХ-ын чуулганы нээлт дээр сүүлийн жилүүдэд Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ ухарч байгааг дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын тоо баримтыг дурдан байж Н.Энхбаяр өөрөө нотолсон биш гэж үү ? Ийм адгийн үр дүн гарахад УИХ, Засгийн газрууд, намууд бүгдээрээ буруутай, харин л Н.Энхбаяр л ганцаараа буруугүй, харин ч бүх дутагдлыг нь хайр найргүй зааж өгөөд жигтэйхэн. Ичих нүүргүй ийм амьтныг удирдагчаа гээд, тэгээд бас тойрон хүрээлнэ гэж ҮШН-ын новшнууд л хэлж чадах байх.

Үндэсний эрх ашгийн дайсан болчихоод үндэсний үзэл маягийн хог новш гаргаж ирэх, хулгай хийчихээд бурханд мөргөхөө шинэ юм гэж бодоод байгаа бололтой.

Путин Оросыг босгож ирээд ахин гарч ирсэн бол Н.Энхбаяр Монголыг унагаж орхиод “Монгол Путин” болох гэж ядаж байгааг олж харахад нэг их хүнд биш.

Путин болох эхний алхам нь МАХН-ын Бага Хурлыг үймүүлж, өөрийн хүмүүсээ УИХ- д аль болох олныг оруулах явдал болно. Дээрэмчид аймшигт ахлагчаасаа айхын хамт цаг ямагт зайлуулахыг боддог зүй тогтол байдаг л юм даа. Одоохондоо банк дээрэмдсэн нь машин, халбага, сэрээ хулгайлснаа шоронгоор сүрдүүлж байна. Ийм систем угаасаа удаан насалж чаддаггүй.

Энэ бол Монголын улс төрийн системийг орвонгоор нь өөрчлөхийн зайлшгүйг л харуулж байгаа хэрэг юм.

Улс төрийн шинэ хүчин

Улс төрийн тогтолцооны задралыг улс төрийн хүчний дахин хуваарилалт хийж, системээ өөрчилж байж л зогсоож болно. Энэ үйл явц аль эрт эхэлсэн бөгөөд уг нь бол арай эрт ухаалаг, алсыг харсан төрийн удирдлагаар засаж болох байсан. Энэ боломжийг бид, бид ч гэж дээ, Н.Энхбаяр алдаж Монголыг маань хямралд оруулсан.

Ингээд Дундад Азийн хэв маягийг дуурайсан түүний дарангуйлал ганхаж эхэлсэн. Тэр нь иргэний хөдөлгөөний хатуу, ширүү тэмцэл байв. Мэдээж иргэний хөдөлгөөн тухайн үедээ зохион байгуулалт муутай, зорилтот, дэс дараалсан бодлоготой байгаагүй. Дээр нь Н.Энхбаяр хуурамч, зэрэгцсэн, эсрэг хөдөлгөөн олныг байгуулж түүнийг саармагжуулж чадсан. Одоо ч тэр нь үргэлжилж, Монгол орон ховлон мэдээлэгчээр пиг дүүрээд байна.

Мэдээж дандаа гудамжинд яваад байж болохгүй учраас иргэний хөдөлгөөний идэвхитэй цөм нийгмийн оюунлаг, дэвшилтэт хэсэгтэйгээ нийлж улс төрийн тэмцлийн хувьд нэг шат ахисан. Улмаар тэд улс төрийн нам, тэгээд саяхан “Иргэний эвсэл” байгууллаа.

Хоёр нүүртэй, нэг биетэй болчихсон, Н.Энхбаяраар удирдуулсан МАХН, АН хоёртой өөр яаж тэмцэх ёстой гэж ?

Нэг гараараа МАХН-ыг, нөгөө гараараа АН- ыг тэвэрчихээд шинэ бүрдэх УИХ-ыг үймүүлж, төр засгийг бужигнуулж байгаад засаглалын хэлбэрийг өөрчилж “Монгол Путин” болох нь Н.Энхбаярын амиа хоохойлох цорын ганц арга юм.

Сонгуульд ялагдсан нь түүний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гудамжинд гарна, ялсан нь сандал суудлаасаа болж хагаралд орно. Засгийн Газар бүрдүүлэх, томилгоо хийх гээд ёстой жинхэнээсээ онигоо, дажин болдогийг Та бид ямар мэдэхгүй биш. Залгаад энэ намар орон нутгийн сонгууль гэж нэг том галзуутай байлдаан болно. Ард түмний төр засагт итгэх итгэл бүрэн алдрана. Яг энэ үед нь эртнээс бэлтгэсэн засаглалын хэлбэрийг солих үйл ажиллагаа эхэлнэ дээ. Үүний тулд шинээр бүрдэх УИХ, намуудыг аль болох ихээр үймүүлж бужигнуулах хэрэгтэй. Хамгийн бүдүүлэг арга нь бие даан нэр дэвшигчдийг аль болох олноор нь, бөөний үнээр нэр дэвшүүлэх арга юм. “25-ын Алтай” зэрэг цөөн тооны жинхэнэ нэр дэвшигч тэдний дотор байгаа нь мэдээжийн хэрэг.

Н.Энхбаярын энэ хорлогчинтой төлөвлөгөөнөөс болж Монгол орон ужгирсан хямралд орох нь нэн тодорхой байна.

Улс төрийн хувьд амьд л үлдэж байвал Монголчуудын хувь заяа хамаа алга болж. Энэ хорон үйлдлийг МАХН ч, АН ч зогсоож чадахгүй юм. Дашрамд дурдахад хэдийгээр МАХН-ын дарга боловч С.Баярыг би засал огт авахгүй “МАХН-ын хэвтрийн өвгөний” тоонд оруулаагүй. Энэ талаар дэлгэрэнгүй ярих цаг удахгүй ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Олон хүн гайхаж, дургүйцэж магадгүй боловч мэдэж байгаа юм болгоноо ярих нь бас л том алдаа болдгийг би өөрийнхөө яс махаараа, амьдрал дээрээ амссан олон удаагийн алдаанаасаа сурч авсан юм аа.

Advertisements