Хэн ард түмнийг турхирсан бэ?Яагаад эрх баригчид арга хэмжээ яаралтай аваагүй вэ?

Posted on 2008/07/01

1



Үүнээс хойш шууд мэдээ тасарч байгааг ойлгоно уу. Одоо байдал ямар байгааг мэдэх боломжгүй боллоо.
Монголын Үндэсний Телевизээс бусад ТВ-нүүдийн эфир зогсоод байна.

00.20 Цаг. Жагсагчид СТӨ-ний урд корпусыг шатааж эхлэсэн байна. Гал Уран Зургийн Галлерей руу орж эхэллээ.
МАХН-аас гаргаж ирсэн сейфийг эвдэх гэж Дуурийн Театрын ард бужигналдаж байна. Зарим сэтгүүлчид үймээн болж байгаа газраас гарч эхлэсэн мэдээ ирлээ.

23.50 Цаг. МАХН-ын төв байрны гадна талд эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байна.
Мөнгөний сейф дамжилсан хүмүүс ч харагдаж байна.
Жагсагчид МАХН-ын байрны ойр орчмын төв замыг бүрэн хааж, замаар явсан машинууд руу чулуугаар довтолж байна.
Зарим жагсагчдыг саатуулж СБДүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулж байгаа бөгөөд гадаа нь бусад жагсагчид ирж үймээн дэгдээж эхэллээ.

* 23.20 Цаг. Жагсагчид шатаж дуусч байгаа МАХН-ын байрнаас хальж бөөн бөөнөөрөө тал тал тийшээ албан байгууллагууд тэр ч байтугай орон сууцны байшингууд руу халдан довтолж байна.

Гудамжаар явж байгаа машинууд руу чулуу шидэж, зарим нэг иргэд рүү ч хүчирхийлэл үйлдэж байна.
НИК ХК-ийн гадаа зогсоол дахь машинуудыг шатааж эхэллээ. Хотын төвөөр иргэдийг явахгүй байхыг сануулж байна. Байдал маш аюултай байна.

* 22.00 Цаг. Гадаа харанхуй болсон тул үйл явдал яг яаж өрнөж байгаа нь сайн харагдахгүй байгаа бөгөөд МАХН-ын байрны үүд хавиар бөөн бөөн гал тавьсан харагдаж байна.

Төрийн ордонд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл цаашид ямар арга хэмжээ авах тухай хуралдаж байгаа мэдээлэл ирлээ.
Зарим иргэдээс ирсэн мэдээллээр үймээн болж байгаа газар хар цүнхтэй чулуу, архи зэргийг мөнгөний хамт хүмүүст тарааж байгаа бололтой. 4 хүний дунд 25 000 төгрөг өгч байгаа мөн үймээн дэгдээгчид бүгд согтуу байна гэсэн мэдээлэл ирлээ.

* 21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хүртэл бүрэн эзлээд байна.

Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.

* 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын өмнөх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна.

Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр үргэлжилсээр байна.
МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дүүрсэн байна. Баруун хаалгаар ус шүрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шүршиж байна. Төв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
Улаанбаатар Зочид буудлын өмнүүр жагсагчид дайрахаар бэлтгэж байна.

* 20.55 Цаг. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сүхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр үргэлжилсээр байна.

Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгүй хэвтэж байна. Иймэрхүү хүчирхийлэлд нилээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.

20.55 Цаг МАХН-ын төв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгүй шланкыг нь булааж авлаа.

Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна.
Эдний дунд өсвөр насныхан, хүүхдүүд нилээн харагдаж байна.

* 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны үүдэнд овоолж шатаах гэж байна.

Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа.
Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зүйлсийг шидлэж байна.
Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.

* 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна.

Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зүйлсийг гарган ирж шатааж байна.
Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зүйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.

* 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зүүн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ.

Мөн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгүүрээс болов уу гэмээр хайрцагтай эд зүйлсийг зөөн гаргаж гүйлдэцгээж шилтэй шингэн зүйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигүүрээр бас байр лүү нэвтэрцгээж байна.
Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

* 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зүүн жигүүрт дотор болон гадна гал гарч эхэллээ.

Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгүй байна. Жагсагчидын дунд бага насны хүүхдүүд маш их харагдаж байна.
Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа.
Цагдаа нар юу ч хийж чадахгүй харахаас өөр чадваргүй байна.
Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.

* 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ.

Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нүүлгэн буцааж явууллаа.
Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.
Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигүүрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтнаасаа алджээ.

* 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгүүлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна.

Байрны бүх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгүүлчид гарч чадахгүй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгүй бол хүний амь үрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хүсч мэдээлэл илгээлээ.
Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо үргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур түргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
МАХН-ын байран дотор сэтгүүлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгүй байгаа гэсэн сураг сонсогдлоо.
Энэхүү явдалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ.

* 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хүмүүс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хүлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишүүд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хүн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хүсч байна” гэж мэдэгдлээ.

* 17.00 цагийн үед жагсагчид МАХН-ын байрны үүдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргүй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд үймээнд өртөхөд ойрхон байна.

Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж “уухай” хашгиралдаж байна.

* Сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргүүн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сүхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр луу 15.30 минутын орчим ирцгээв.

О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох үедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах үед Цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж байрыг хамгаалав.
Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил үүслээ.
БНН, ҮШН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хүн шарх авав.
Хаалганы шил хагарах үеэр зарим нэг хүн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нүүлгэж нилээд цонхны шил хагалсан байна.
Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж.
Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалж байна” зэргээр үг хэлцгээж байна.
О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишүүнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд үг хэлж голлох үүрэгтэй оролцож байна.

Жагсагчдын дундаас 2 хүнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.

Advertisements