МЭДЭГДЭЛ

Posted on 2008/07/04

0



МЭДЭГДЭЛ

2008.07.04 Улаанбаатар хот

2008 оны 07сарын 01ний өдөр олон нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал үүссэний уршгаар эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон арван хүний эрүүл мэнд хохирч, Монголын ард түмний үе үеийн шилдэг уран бүтээлчдийн ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн Үндэстний хосгүй үнэт зүйлсэд халдаж, галдан шатааж, устгасан явдалд Монголын Үндэстний үзэлтнүүд гүнээ харамсаж байна.
Монгол Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолыг ХХ зуунд сэргээн тогтоож, хамгаалан тэмцсэн Монгол Ардын намын архив устсанд бид харамсаж байна.
Монгол Үндэстний нийтлэг эрх ашгийг эрхэмлэгч Үндэстний үзэлтнүүдийн холбоо, хөдөлгөөнүүд тухайн өдрийн нийтийг хамарсан үймээн самуун, хүчирхийлэл, дээрэм тонуул, эвдэн бусниулах үйл явцад оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Манай цөөн тооны залуус Сүхбаатар дүүргийн цагдаагийн тасгийн байр, тэнд ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг хамгаалан мөргөлдөөн тэмцэл үүсэхээс сэргийлж, үндэстний эрх ашгаа дээдлэх ухамсар төлөвшсөн гэдгээ Монголын ард түмэнд харуулж чадлаа.
Монголын үндэстний үзэлтнүүд аливаа улс төр, эдийн засаг, шашны болоод нийгмийн анги давхрагын ашиг сонирхолд хөтлөгдөн явцуурдаггүй бөгөөд Монгол үндэстний нийтлэг эрх ашгийг алив бусад ашиг сонирхлын бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавьсаар ирсэн билээ. Тиймээс Монголын үндэстний үзэлтнүүд аливаа асуудалд хандахдаа Монгол үндэстний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Үндэстний эв нэгдлийг эрхэмлэж, үндэстний нэгдмэл байдлыг задлан бутаргаж буй алив явцуу эрх ашгийн эсрэг тууштай тэмцэж ирсэн бөгөөд цаашид ч тэмцэх болно.
Өнгөрсөн 18 жил олон ургалч үзэл гэгчээр халхавчлан Монгол Үндэстний нэгдмэл үзэл санааг задлан бутаргасны үр дүнд төрсөн АН, “ардчилсан үзэл санаа”-нд нэгдсэн шинэ МАХН! тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэлийн удирдагчид Монголын ард түмний нэгдмэл эрх ашгийг хагалан бутаргаж, намаар талцсан хийрхлийг нийгэмд дэгдээж, ард түмнийг хуурч мэхлэн, дундаас нь эрх мэдэл албан тушаал хожиж, ард түмний нийтлэг эрх ашгийг хөсөр хаяж, өөрсдийн эрх ашигт болон харийнхны эрх ашигт нийцсэн хуулиудыг батлан гаргаж, ард түмний өмчийг цөлмөн дээрэмдэж байсан нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг улам бүр лавшруулсаар өнөөгийн энэ эмгэнэлт байдалд хүргэлээ.
Төрт ёсны олон мянган жилийн түүхэн уламжлалтай монгол түмэн төрөө хүндэтгэж, Үндэстний нэгдмэл эрх ашгаа дээдэлж парламентат ёсны 5 дахь удаагийн сонгуульдаа идэвхитэй, шударгаар оролцсон билээ.
Гэтэл эрх мэдэл, албан тушаалын шуналдаа хөтлөгдөн юу ч хийхээс буцахгүй болсон тодорхой нэр бүхий этгээдүүд /АН-ын дарга Ц.Элбэгдорж, гишүүн Д.Сосорбарам, ИХН-ын дарга Ж.Батзандан, О.Магнай, Иргэний эвслийн Г.Уянга, Ногоон намын дарга Д.Энхбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Хадгаламж зээлийн хоршооны Д.Туяа / ард түмний сонголтыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулж, олон түмнийг удаа дараа турхирч, ард түмнийг талцуулан, Үндэстний нэгдмэл байдлыг задлан бутаргаж, цус асгаруулсан эмгэнэлт байдалд хүргэлээ.
Энэ бусармаг үйлдэл нь Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, өв соёл, түүхийн үнэт зүйлсэд, мөн Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсан Монгол Улс, Монгол Үндэстний эсрэг чиглэсэн онц аюултай, жигшүүрт гэмт хэрэг гэж бид үзэж байна.
Үндэстний эсрэг гэмт хэрэгт олон түмнийг өдөөн турхирч, уг гэмт хэргийг гардан зохион байгуулсан этгээдүүд хууль шүүхийн өмнө хатуу хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна.
Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн төрийн албан тушаалтнуудын албан тушаал, эрх мэдлийг нэн даруй цуцалж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулан буруутай үйлдлүүдэд нь тохирсон ял, шийтгэл оноохыг шаардаж байна.
Энэхүү үймээн самууныг өдөөн турхирч, зохион байгуулсан улс төрийн намуудын /АН,ИХН, НН, БНН, ҮШН, ИЗН, АХН/ үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн 3-р зүйлийн 2, Улс Төрийн Намын тухай хуулийн 4-ийн 2, 5-ын 1-ийн 1, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7-р зүйлийн 6, 8-р зүйлийн 1-ийн 2-ын 1, 2, 8-р зүйлийн 2, 9-р зүйл, 11-р зүйл, 12-р зүйл, 13-р зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Иймд Улс Төрийн Намын тухай хуулийн 23-ын 2-г /Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх… хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ./ үндэслэн дээрхи намуудыг тараахыг бид шаардаж байна.
Энэхүү бусармаг үйл ажиллагааны улмаас Монгол улсад, Монгол үндэстэнд, улс төрийн нам, аж ахуйн нэгж, байгууллагуудад учирсан хохирлыг энэ жигшүүрт хэргийг зохион байгуулж, удирдсан улс төрийн намууд, түүний удирдагчид хүлээх ёстой. Энэ нь хууль үнэнд үйлчилж, шударгаар шийдэх ёстой гэсэн хуулийн үндсэн зарчимд нийцэнэ хэмээн манай Нэгдэл үзэж байна.
Эрх мэдэл, албан тушаалын төлөө Монголчуудыг хагалан бутаргасан, улс төрийн намуудын удирдагчдын Улс, ард түмэнд учруулсан хор хохирлыг Монголын ард түмний халааснаас тэрбум тэрбум төгрөг гарган төлж байгааг бид эрс эсэргүүцэж байна.
Улс, Үндэстний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн ялт этгээдүүд тов тодорхой байхад гэмт хэргийн гэм бурууг ард олонд тохохыг бид эсэргүүцэж байна.
Манай Нэгдэл нийт Монголчууддаа хандан хэн нэгэн болон хэсэг бүлэг зальт этгээдүүдийн ятгалгад автан өөр зуураа хагаралдалгүй нэгдмэл байхыг уриалж байна.
Монгол Үндэстэний эрх ашигт нэгдсэн манай Нэгдэлийн дээрх шаардлагыг дэмжин, шударга ёсны төлөө нэгдэхийг бид Монгол түмэндээ хандаж уриалж байна.

/Жич: Энэхүү бусармаг үйл явдалд МАХН оролцсоноо хүлээн зөвшөөрч жагсагчдыг буруутгасан мэдэгдлийг бусад нам, улс төрийн хүчнүүдтэй хамтран гаргаж байгаа бол бид МАХН, АН болон бусад улстөрийн намуудыг бүгдийг нь тарахыг шаардаж байна. /

Монгол Үндэстний эрх ашигт нэгдсэн холбоо,
хөдөлгөөнүүдийн Нэгдэл

Advertisements