ХОГ дундуур туучсан эрдэмтний төөрөгдөл

Posted on 2008/12/15

0



Сайн дурын уран сайханчид Сэжиглэмээр ч юм шиг, жигшмээр ч юм шиг нэг сурталчилгаа гарав.Ухаж сэндийлсэн уурхайн талбайд Монгол улсын газрын зургийн дүрсийг хөмөрүүлэн хазайлгаж, дэргэд нь төрийн соёмбыг тодоруулан тавьж, дээр нь яндан цагаан морьтой хүний толгойг дарж, морь унасан толгойгүй хүн юм уудаа гэмээр харайлгаж яваа зурагт “Оюутолгойн төслийн талаар санал үндэслэл толилуулах нь” хэмээн томоос том, тодоос тод бичсэн нэгэн сурталчилгааг манай өдөр дутмын нэг сонин нийтэлжээ. Өнөөдрийн монголд жүжигчдийн тоо эрс олширчээ. Байгалиас заяасан төрлөх дүр төрх, араншингаа эрс өөрчилж, өөр, зохиомол хүний дүр төрхийг чадварлаг бүтээж чаддаг хүнийг жүжигчин гэдэг байх. Соёл урлагийн чиглэлээр сургууль соёл төгсөөгүй, мэрэгжил эзэмшээгүй жүжигчдийг сайн дурын уран сайханчид гэдэг байж билээ. Манай өнөөгийн нийгэмд сайн дурын уран сайханчид урлагт ч, бусад салбарт ч олширчээ. Хар юмыг цагаан болгодог, цагаан юмыг хар болгодог үзэгдэл газар авч, залилан луйвар, хулгай дээр дооргүй тархжээ. Оюуны хөдөлмөр, оюуны салбарыг ч энэ үзэгдэл тойрсонгүй. Шинжлэх ухаанд, социализмын үед Зөвлөлт улсад “лже наук” гэдэг ойлголтын тухай багаггүй ярьдаг байсан. Энэ нь шинжлэх ухаан дахь “хуурмаг судалгаа” гэж ойлгогдож байгаа юм. Манайд ч энэ үзэгдэл өнөөг хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд энэ нь оюуны чадвар ядмаг эрдэмтэн судлаачид гэх хүмүүс ,улс оронд үр ашигтай шинжлэх ухааны төсөл, сэдэв боловсруулна, хэрэгжүүлнэ гээд, судалгааны үр дүн-тайлан, зөвлөмж нэртэй, дараа нь хэнд ч хэрэггүй, архивын хог болон хэвтдэг хуурмаг, “цаас үйлдвэрлэх” үйл ажиллагаа бөгөөд энэ нь ихэвчлэн хэмжээ хязгааргүй мэт зарцуулагддаг улсын төсвийн хөрөнгөөс санхүүжигддэг.Үүнээс болж татвар төлөгч бидний мөнгө хэдэн зуу, тэрбумаараа үргүй зарцуулагддаг практик өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд үүнийг жичдээ ярих асуудал юм. Харин энэ удаад Оюутолгой төсөл гээчийг тойрсон эрээн бараан, хуурмаг, зохиомол сурталчилгаа, Монгол улсал хор уршигтай захиалгат судалгааны тухай ярихгүй бол болохгүй байдалд хүрээд байна. Олны дунд “ХОГ” гэж нэрлэгдээд байгаа Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ(ХОГ)-ний дуулиан намжих төлөвгүй харин ч улам өрнөх шинжтэй байна. Энэ гэрээнээс болж монголчууд хоёр талцаж эхэллээ. Хоёр талцах ч юу байхав дээ, иргэдээ сонсдоггүй төр нь тэднийг хоёр талцуулж байна. Энэ талцлыг “Айвенхоу майнз монголия инк”(АММИ) гэх компани нэг талаас, нөгөө талаас иргэний хөдөлгөөнүүд зохион байгуулж байна. АММИ-ийн талд 4 хэсэг монгол иргэд үйлчилж байна.Нэгд, энэ компанийн удирдлагын турхиралтаар, монгол ажилчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэх нэрийн дор гадаадын компанийн эрх ашгийг бас хамгаалж байгааг ойлгож болох юм. Хоёрт, мөн энэ эрх ашгийг хамгаалах гэж зохион байгуулагдсан, гадаадын компаниас санхүүжигдэж байдаг монголын төрийн бус байгууллага АММИ-д үйлчилж байгаа нь тодорхой байна. Гуравт, монгол улсын Засгийн газар, бүр тодоруулж хэлвэл, Монгол улсын Сангийн яамны төрийн өндөр албан тушаалтан Баяртсайхан, Хүрэлбаатар нар яг “Айвенхогоор амьсгалж”, дуулвал хоолой нэг, дугтарвал хүч нэг, тэдний талд тууштай зогсож байгааг сайн ойлгож өгөхгүй байна. Монгол улсынхаа төлөө зүтгэхээр тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтан нар гадаадын компанийн эрх ашгийг дээдэлж, сурталчилгаа хийж, УИХ дээр нүүрээ улалзуулж, хамгийн сүүлд “стратегийн орд 51”, инженер Х.Владимирийн ил захидалд Монгол улсын Сангийн яамнаас гэсэн сүрдмээр том гарчигтай хариунд мөнөөх гэрээний заалтуудаа нуршиж, АММИ-ийн өмнөөс тайлбар хийжээ. Дөрөв дэх хэсэгт нь судлаачид гэх нэрийн дор, ШУТИС-ийн багш гэх хүмүүс, төр засгийн өндөр албан тушаалд ажиллаж байсан зарим хүмүүс багтаж байгаа бөгөөд тэд голдуу АММИ-ийн урдчилсан тооцоог хуулбарлаж зүсийг нь хувиргасан хэлбэрээр судалгаа гэж нэрлэх, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах оролдлого хийж байсан нь хэн бүхэнд ойлгомтой байсан бөгөөд үүнд төдийлөн ач холбогдол өгөх шаардлаггүй байсан юм. Саяхан “Зууны мэдээ” сонины сурталчилгаа буланд, хэдхэн хоногийн дараа “Өдрийн сонин”-д бага сага нэмэлт хийж, профессор Т.Намжим “Оюутолгой төслийн талаар санал үндэслэлээ толилуулах нь” гэсэн өгүүллийг 4 нүүр дамнуулан хэвлүүлжээ. Энэ эрдэмтний Оюутолгойн ордыг ашиглах талаар хийж буй тайлбар, дүгнэлтүүд нь одоо шуугиан тариад байгаа ХОГ-ний төслийг илт зөвтгөх гэсэн, мөн АММИ компанийн эрх ашгийг монгол улсын эрх ашгаас дээдэлсэн гэж үзэхээр байгаа юм. Хөрөнгө зардал ба ноогдол ашиг. Ашигт малтмалын аливаа ордыг ашиглах, тэр тусмаа Оюутолгой мэтийн дэлхийн хэмжээний том ордыг ашиглах үндэслэл тооцоо боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх нь нарийн төвөгтэй, амар хялбар ажил биш бөгөөд зөвхөн мэрэгжлийн байгууллага , мэрэгжлийн хүмүүсийн хийх ажил юм. Оюутолгой төсөл гэх нэр томъёо нь гадаад үгнээс үүсэл гаралтай бөгөөд бид энэ хүрээнд хайгуулын ажлаас эхлүүлээд ашиглах хүртэлх өргөн ойлголтыг оруулж байна гэж бодож байна. Уг нь одоогийн бидний маргаан мэтгэлцээний гол асуудал бол Оюутолгойн уурхайн үйлдвэр байгуулах , түүний эдийн засгийн үр ашгийн тухай гэж томъёолвол илүү нарийвчлалтай, ойлгомжтой болно. Тэр дотроо энэ ордыг ашиглах үр ашгийн тухай, бүр нарийвчлавал Монгол улсад ноогдох , та бидэнд ноогдох ашгийн тухай ярих ёстой болж байна. Харин энэ тухай ярих, нэг мөр нарийвчилсан дүгнэлт хийх нөхцөл , боломж бүрдсэн үү гэвэл бас болоогүй гэдгийг юуны өмнө тэмдэглэе. Тэгэхээр ордыг ашиглах Засгийн газрын гэрээ байгуулах геологи, эдийн засгийн болоод эрх зүйн нөхцөл бүрдээгүй гэдэг нь ч ойлгомжтой бөгөөд бид энэ үндэслэлээ холбогдох байгууллагуудад явуулж, хэвлэл мэдээллээр гаргасан болно. Иймээс та бидний хийгээд байгаа дүгнэлт бол урдчилсан дүгнэлт, баримжаа тооцоо гэдгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж бодож байна. Та энэ ордыг эзэмшихэд нийт 7343 сая долларын хөрөнгө оруулалт, түүнээсээ эхний ээлжинд 2626 шаардлагатай, гээд хэрэв хувьцааны харьцаа 50:50 гэвэл, монголын тал 3671 сая доллар, түүнээс эхний ээлжинд 1313 сая долларыг бэлнээр гаргах үүрэг ноогдоход хүргэх тухай тайлбарлажээ. Энэ хаанаас гарсан хэний хийсэн тооцоо вэ, хөрөнгө оруулалтын гэрээ ба цогцолбор төлөвлөгөөнд ийм тоо, цифр байгаагүй санагдана. Нарантуул зах дээр наймаа хийж байгаа биш дээ, 1.3 тэрбум доллар бэлнээр тоолно гэдэг нь ч юу билээ. Урд өмнө хаана ч хэзээ ч яригдаж байгаагүй, 7 тэрбум гаруй долларын асар өндөр хөрөнгө оруулалт юугаар үндэслэгдэж байгаа бол. Уурхай, баяжуулах үйлдвэр, дээр нь зэс хайлуулах үйлдвэр зэрэг үндсэн үйлдвэрлэлийн бааз суурийг байгуулах , мөн 350 км төмөр зам, цахилгаан станц, тохилог тосгон зэрэг дэд бүтцийн, нийгэм соёлын объектүүдийг байгуулахад анхны хөрөнгө оруулалт 5 тэрбум доллароос хэтрэхгүй болов уу гэсэн бидний баримжаа тооцоо бий. Уурхайн үйлдвэр байгуулах тухай техник эдийн засгийн үндэслэл тооцоог Та өөрөө ахархан хугацаанд үнэн бодиттой хийсэн гэж би итгэхгүй байна. Харин жилдээ хэд өөрчлөгдөж байдаг АММИ нэг урдчилсан хувилбар тооцоог авсан болов уу гэж таамаглаж байна. Хэрэв тийм бол та хэний төлөө, хэний эрх ашгийг хамгаалаад, хэнд ухуулга тайлбарыг ямар зорилготой хийгээд байна вэ гэж асуумаар байна. Монгол улсын өмчөөр гадаадын зах зээл дээр гадаадын нэгэн компани мөнгө босгоод түүнээс нь бид худалдаж авах гэж байгаа бол түүнийг монгол улсын ямар эрх зүйн актаар зохицуулах вэ гэдэг нэг ээдрэтэй, төвөгтэй асуудал, харин монголын өмчийг аж ахуйн эргэлтэд ямар санхүүжилтээр оруулах вэ, бид түүнд яаж оролцох вэ гэдэг бидний шийдэх өөр нэг асуудал баймаар. Хэрэв хувьцааны харьцаа 50:50 хувь байх, мөн гэнэтийн ашгийн татвар ноогдуулсанаас Монголд ноогдох ашиг нь 65-80 хувь хүртэл өсөх, үлдсэн нь АММИ-д ноогдвол АММИ ХХК-ийн тал одоогоор хүлээж авах боломжгүй гэж та Канадын компанийн өмнөөс санаа зовж, Монголын талын оролцоо 50 ба түүнээс дээш байхыг огт үгүйсгэж, харин монголын тал 34 хувийг авах нь ашигтай мэт дүгнэлт хийж байгаа нь Таныг Монгол улсын эрх ашгаас гадаадын компанийн эрх ашгийг хамгаалагч гэж үзэхээс өөр аргаггүй байдалд хүргэж байна. Уг нь хөрөнгө оруулагч компани гаргасан зардлаа нөхөөд дээр нь тодорхой хэмжээний ашиг олж байвал энэ нь тухайн компанийн бизнесийн зорилгод нийцнэ гэдэг нь аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим билээ. Харин гадны компанийн ашгийг нэмэгдүүлэх гэж зүтгэх нь монгол хүний зорилго байж боломгүй. Тэгээд ч энд тооцоолоод гаргаж буй ашиг нь бас туйлын эргэлзээтэй. Та уурхайн чиглэлийн мэрэгжлийн хүн биш учраас энэхүү үйлдвэрийн үр ашгийн талаар дүгнэлт хийхдээ хэд хэдэн ноцтой алдаа гаргажээ. Нэгд, Оюутолгойг ашиглах нөхцөл бүрдсэн, гэрээг яаралтай түргэн батлахыг дахин дахин шаарджээ. Таны энэ шаардлагад мэрэгжилтний хувьд хариулвал, энэ ордын нөөцийн арав гаруйхан хувь нь баталгаажсан үлдсэн нь нөөц баялаг буюу олон улсын хэлээр бол “ресурс” зэргээр тогтоогдсон учир үйлдвэр байгуулах нөхцөл бүрдээгүй, хайгуул ч бүрэн гүйцэд дуусаагүй, хоёрт, дээрхтэй уялдаад уг ордыг ашиглах иж бүрэн техник эдийн засгийн үндэслэл боловсрогдоогүй, таны хийгээд байгаа дүгнэлт бол цогцолбор төлөвлөгөө гэгч бүрэн бус анхан шатны эдийн засгийн үнэлгээнд тулгуурласан, түүнд монгол улсын төрийн бодлого буюу монголд ноогдох максималь ашиг биш АММИ-д ноогдох ийм ашгийг тусгасан, энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр үйлдвэрийн бүтээгдхүүн нь түүхий эдээр тооцогдсон, Та ч мөн баяжмалаар эдийн засгийн тооцоог хийж байгаа, гуравт , тооцоонд 36 хувийн зэсийн баяжмал гаргахаар тооцоолсон бас нэг ноцтой алдаа, ийм супер баяжмал гарах үндэс байхгүй, өнөөг хүртэл хийсэн хүдрийг боловсруулах технологийн туршилтаар 23-25 хувийн баяжмал гарах боломжтой талаар дүгнэлт гарсан, таны тооцоогоор бол борлуулалтын орлого эрс нэмэгднэ, үүнээс үүдээд ашгийг зохиомолоор нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. 2015 оныг сонгож, “хошгируулах” оролдлого. ХОГ-нд хавсаргасан цорын ганц эдийн засгийн үзүүлэлтээс харвал 2015, 2016 онд хамгийн их бүтээгдхүүн буюу жилд 878000-925000 зэс гарна.Энэ нь Эрдэнэтээс 7-8 дахин их бүтээмж юм. Нэг үгээр хэлвэл цөөхөн жилд “цөлмөх” гэсэн бодлого. Та үүнийг хөхүүлэн дэмжиж байна. Мөн энэ онд хамгийн их ашиг гарна.Та энэ хувилбарыг сонгон авчээ . Таны энэ сонголт тохиолдолынх байв уу, захиалгынх байв уу. Би бол ард иргэдийг “хошгируулах” гэсэн захиалгат оролдлого гэмээр байна. Энэ нь түүхий эд гаргаад жилд тэрбум гаруй, сард 100 шахам саяын орлого олох тухай таны хийсвэр тооцоогоор нотлогдоно. Зохих, журам стандартаар эцсийн бүтээгдхүүн гарах хувилбараар хийсэн техник эдийн засгийн тооцоо өнөөг хүртэл алга байгаа шүү дээ. Монгол улсын Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн удирдлагатай уулзахдаа 2015 оны ашгийг урдчилан өгч болох эсэх талаар санал тавьсан нь ямар учиртай вэ. Тусгаар тогтносон улсын Засгийн газрын тэргүүн нэг компанийн удирдлагад ямар зорилгоор ямар санал тавьж орхив оо. Энэ асуултад Ерөнхий сайд өөрөө хариулна биз.Уг нь 2015 онд хамгийн өндөр үр ашиг гарах магадлал байж болно. Тэхдээ үүнийг ордыг ашиглах бүх хугацаанд нялзааж болохгүй. Нөхөгдөшгүй баялгийг монголын ард түмний эрх ашигт нийцсэн, ариг гамтай, оновчтой бодлогоор ашиглах нь төрийн бодлого байх ёстой. АММИ-ийн хувилбараар бол Оюутолгойн үйлдвэрийн хүч чадал маш их хэлбэлзэлтэй, ашиглалтын жилүүдэд доод тал нь жилд З00, дээд тал нь 900 мянган тонн зэс гаргахаар төлөвлөж байгаа нь ойлгогдохгүй байна. Үйлдвэрийн хүч чадлын талаархи монгол улсын бодлого бол түүнийг хэт өндөр авч цөлмөх боломж олгохгүй, тэхдээ жигд, тогтвортой байлгах үйлдвэрлэлийн, бизнесийн сонгодог зарчмыг баримтлах хэрэгтэй . Үйлдвэрийн хүч чадлыг зэсээр тооцвол, Оюутолгойгоос жилд дээд тал нь 300000 тонноос илүүгүй зэс олборлож, 100 гаруй жил ашиглах нь монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж бодож байна. 10 гаруй жил “иднэ” гэж бодож байсан Бороог бид ердөө 3-4 жилийн дотор “цөлмүүлсэн” гашуун туршлагыг давтах хэрэг байна уу. Хараал идмээр “5-ын5” Оюутолгойн гэрээний төслийн талаар өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа маргаан бол Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 5 дугаар заалтаас эх сурвалжтай юм. Гай болсон энэ заалт хэний эрх ашгийг хамгаалсан, хэн санаачилсан, яаж хэлэлцэгдсэн, батлагдсан зэргийг тусад нь ярих асуудал юм. Энэ заалт нь: “ Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн а …..Оюутолгой, Тавантолгойг эзэмших тээвэрлэлтийн асуудал, тухайлбал төрийн бодлогоор говийн районд зам сүлжээг хөгжүүлэх асуудал “түүхий” хэвээр байгаа бөгөөд Та тээврийн эдийн засагчийн хувьд энэ талаар санал, дүгнэлтээ гаргасан бол маргах хүн ховорхон байж болох юм, харин “хүний өмнөөс” монгол улсын эрх ашгийн эсрэг захиалгат сурталчилгаа хийвэл, БНМАУ-ын сайд асан бараанаар дурсагдаж, улсын хөдөлмөрийн баатараас бусад шагнал, цол хэргэм чинь ч талаар болж, танд хүндэтгэлтэй ханддаг миний адил олон хүний итгэл алдарч “хэнд ч хэрэггүй эрдэмтэн” гэгдэхийг би ч хүсэхгүй байна, та хүсэхгүй байлтай.

Advertisements
Posted in: medee