МАНАЙ ХҮҮХНҮҮДТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГАА СОЛОНГОСЧУУДЫГ ХАРАХААР СЭЖИГ ТӨРМӨӨР БАЙДАГ

Posted on 2009/01/25

0



E-mail
2009 оны 01 сарын 22
СОЛОНГОСТ МОНГОЛЧУУДЫН НЭР ХҮНД ИХ УНАЖ БАЙНА
Монголчуудын маань гадагшаах их урсгалын хагас хувь нь Солонгос оронд ногддог. Албан ёсоор 33 мянга орчим монгол ажиллаж буй гэдэг ч энэ тоо бодит байдал дээр хоёр дахин их гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй. Яг гэрээгээр буюу хууль ёсоор 16 704 монгол ажиллаж байгаа гэсэн албан мэдээлэл бий. Солонгос оронд очсон монголчуудын бодит байдал ямар байгааг тодруулахаар Солонгост 8 жил гаран ажиллаж амьдарч байгаад ирсэн Л.Батсүрэнтэй уулзлаа. Тэрээр дөнгөж ирээд байсан юм.


Та Солонгосын ямар хотод байв? Манайхан олон у
у?
Солонгосын Жижиг Гуанжоу гэдэг хотод байсан. Сөүлээс 50-иад км зайтай. Манайхан олон ч бөөгнөрсөн газрыг бодвол гайгүй.

Санхүүгийн хямралтай холбогдоод солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нөхцөл байдал хүндэрч байгаа тухай их ярих боллоо. Бодит байдал ямар байна вэ?
Ер нь өвлийн цагт ажил багасчихдаг юм. Гэхдээ санхүүгийн хямрал илэрхий нөлөөлж байгаа. Өмнө нь сая воноор 1000 ногоон авдаг байсан одоо сайн л бол 750 орчимыг авч байна. Дээр нь хэдийгээр бараа таваарын үнэ хямдарч байгаа мөртлөө өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байгаа.

Хяналт шалгалт ч нэлээн чангарч байгаа гэсэн….?
Тэгсэн. Өнгөрсөн 2008 оны 12 сарын 31-ээс 2009 оны 12 сарын 31 хүртэл жилийн хугацаанд цагаачлалын газар, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт явуулах болсон гэсэн мэдээлэл гарсан. Хууль бусаар байгаа нь энэ зарлалын дараа гэр гэртээ бүгэх болсон.
Саяхан Аньсан гэдэг хотын гадаадынхан олноороо байдаг дүүргийг бүсэлж байгаад том шалгалт хийж, хууль бус 160-аад ажилчдыг баривчилж ачсан. Манайхан өртсөн эсэхийг мэдэхгүй ээ. Энэ хотод цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг их гардаг. Тэр нь ч ийм арга хэмжээ авахад хүргэсэн байх. Ер нь гадаадынхан олноороо ордог дэлгүүр, метро, автобусыг ч их шалгадаг болсон. Бас урамшуулал өгдөг болсон учир иргэдийн мэдээллээр их шалгаж байна.

Манай монголчуудтай холбоотой хэрэг их гарч байна уу?

Манайхан ч бас хэцүү шүү дээ. Ялангуяа гэрээгээр сүүлийн үед очиж байгаа залуус хууль ёсоор байгаа гэдэгтээ тэгэж барддаг юм болов уу даа, архи уусан, бардамнасан нь их байх юм. Гудамжинд зүгээр яваа солонгосын машин өшигчинө. Автобус, метронд утсаар монгол гэдгээ мэдэгдэх буй мэт чанга, чанга хашгирч ярина. Солонгосууд илэрхий дургүй байна шүү дээ. Анхны хараар байсан хүмүүс их замбараатай байсан.
Өмнө нь зөвхөн эх нутгаас очсон хүний цүнхнээс гардаг байсан монголын өндөр градустай архи одоо хаа сайгүй зарагддаг болсон нь манайхны гэмт хэрэгт холбогдох үндсэн шалтгаан болж байна.

Монгол архи хаана голдуу зарагдах юм?

Бараг бүх монгол хоолны газруудаар зарагдаж байна. Гадаадынхан үйлчлүүлдэг дэлгүүрүүдээр ч бий. Ер нь архи замаа алдсан. Хятад спиртийн архи ч их бий.

Ямар шошготой архи голчлон байна?

Хар Чингис, Болор, Алтан түрүү, Хараа зэрэг архинууд бий.

Архийг эндээс хуулийн дагуу экспортолж зардаг юм болов уу
?
Тийм байх. Хэдэн жилийн өмнө Монголоос Солонгос руу архи борлуулах боллоо гэж байсан. Юутай ч АПУ-ын гэрээт борлуулагч Сөүлд байдаг. Ер нь хаа сайгүй байдаг болсон монгол хоолны газрууд, бас ачаа илгээмжийн каргонуудад архи зарж байна.
Хуучин манайхантай холбоотой гэмт хэрэг тийм ч айхтар байгаагүй, харин одоо бие биенээ алсан, зодоон цохион хийсэн гээд юм юм л сонсогдох боллоо. Манайхан архинаас болж мөнгөө, цагаа, ажлаа, эрүүл мэндээ, дээр нь эрх чөлөөгөө гээд их ч юм аа алдаж байна даа, хүний нутагт.

Солонгост ажил хийгээд мөнгө төгрөг олдог үе өнгөрч байна гэж ярих юм?

Мөнгө олдог байсан алтан үе ер нь бол ард хоцорсон. Гэхдээ одоо ч сайн ажиллаж, боломжийн цалин хийж байгаа нь бий. Харин ганц бие банди нар сайхан тансаглаад л явж байх нь их таарах юм. Сайхан машин аваад унчихна, ажлаас нь өгсөн байр байхад түүнээ голоод үнэтэй байр хөлсөлнө. Санаа зовох, бодох юм байхгүй мэт харагдана. Зүгээр л цагийг сайхан өнгөрөөсөн зорилгогүй хүмүүс их болж. 8 жил болчихоод 5000 хүрэхтэй үгүйтэй ногоонтой буцаж байгаа хүн зөндөө таардаг.

Ажлын нөхцөл хэр байна?
Гадаадын ажилчид солонгосуудын хийхгүй, шантардаг тийм ажлыг голдуу хийнэ. Хөнгөн ажлууд нь цалин бага, цаг урттай. Хүнд ажил нь цалин өндөртэй.

Эрүүл мэндийн хувьд..?

Гэрээгээр очсон хүмүүс эмнэлэгт үзүүлэх боломжтой. Харин хараар байгаа нь л хэцүү. Зарим үед гэрээнийхнийхээ бичиг баримтыг гуйгаад үзүүлдэг ч баригдвал хэн хэндээ халтай. Харласан хүн нэг бол сүмийн эмнэлэг бараадна. Яг мөнгийг нь төлөөд чанартай эмнэлэгт үзүүлэх боломжтой ч, их өндөр үнэтэй. Үнэндээ солонгост ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээ зольж байж л хэдэн төгрөг хураасан болдог.

Гэр бүл салалт, маргаан будлиан их гардаг уу?
Солонгост очиж буй хүмүүсийн хүйсийн харьцаа их алдагдсан. Эрчүүд бараг 90 хувь. Сүүлийн үед гэрээний ажилчдын захиалга бол дандаа эрчүүд гэсэн байна билээ. Нэг хэсэг гэр бүлээр нь гаргана гээд л байсан, худлаа байх л даа. Гэрээнийхэн жилдээ нэг удаа ирдэг, харласан нь нам гүрийхэас өөр арга байхгүй.

Эрчүүд маань солонгос эхнэр авах юм уу?

Солонгос хүүхэнтэй сууж байгаа ганц нэгхэн эрчүүд бий. Ер нь янхны газрууд олон байдаг. Залуус тийшээ орох нь орж харагддаг юм. Мөн хаа саагүй байдаг саун массажны газруудаар очиж байна. Монголоос ганц нэг бүсгүй хүн очиход монгол залуус бараг долоо хоногийн дотор шүүрээд л авдаг.

Монгол бүсгүйчүүд солонгос хүнтэй суухаар олноороо очдог гэсэн…?

Хэдэн зуугаараа очиж байна. Янз бүрийн жуучлалын газруудын шугмаар очиж байгаа хүүхнүүд бол ихэнхдээ солонгос хүнтэй амьдрахдаа биш, хил давах зорилгоор очдог. Нэг солонгос эртэй гэрлэж, харьяат нь болсныхоо дараа бултах, өөр арга зам хайсан хүмүүс байдаг.
Ер нь хэцүү шүү дээ, тэр манай хүүхнүүдтэй гэрлэж байгаа солонгос эрчүүдийн олонхи нь хөдөө тосгоны, бичиг үсэггүй шахуу, ядруухан, жаахан газартай, эсвэл үйлдвэр үйлдвэр дамжсан ганц бие хүмүүс байх юм. Харахад яаж ийм юмнуудтай ханилж, дэр нэгтгэдэг байна даа гэж сэжиглэмээр нь олон. Хөөрхий амьдрах аргаа олж ядсан охид бүсгүйчүүдээ хараад өрөвдөх, эмзэглэх юм.
Гэхдээ үнэхээр хайр сэтгэлээрээ ханилсан хүмүүс бас байдаг юм шүү. Тийм хүмүүсийн тухайд бол ярилтгүй. Дажгүй сайхан амьдарч байдаг нь харагддаг.

Мөнгө төгрөгөө монголруугаа шилжүүлэхэд хүндрэл гардаг уу?

Албан ёсны таван банк үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хэсэг мөнгийг хувиар шилжүүлдэгийг болиулна гээд бөөн юм болсон ч ил далд шилжүүлж л байна. Гэхдээ хувийн шилжүүлгүүд нь шуурхайгаараа банкны үйлчилгээнээс илүү. Манай банкныхан их зантай, монгол банкны салбарууд дээр очиход хэрүүл маргаан байнга л таардаг.

Монголчууд маань нутаг буцах шинж байна уу?

Санхүүгийн хямралаас ч тэр үү, хүмүүс их буцаж байна. Гэсэн ч монголдоо яаж, юу хийж амьдрах вэ гэдэгт ямар ч баттай хариулт байдаггүй нь хэцүү. Шударга хөдөлмөр хийгээд мөрөөрөө тайван сайхан амьдрахад үнэхээр хэцүү байгааг уулзсан бүхэн ярьж байна. Гудамж зам нь бөглөөтэй, хууль ёс нь хэрэгждэггүй, үйлчилгээний газрууд нь дээд зэргийн бүдүүлэг, хог новш ихтэй, утаа униар хэрээс хэтэрсэн, хүнс хоолны баталгаа байхгүй гэх мэт. Шударга ёс, хууль байдаггүй нь хамгийн хэцүү. Тэгэхээр яаж ийж байгаад л тэндээ хэдэн жил өнгөрөөхийг хичээх нь буруу биш шүү дээ.
Нэгэн үеэ бодвол Солонгост буй монголчуудын нөхцөл байдал дээр болсон. Монголын өдөр тутмын бараг бүх ТВ гарч үзэж байна. Утсаар чөлөөтэй харьцдаг болж.

Солонгос оронд нэлээд удчихлаа. Солонгосууд ямар чанартай хүмүүс байна вэ?
Ер нь ханилгаа муутай. Өнөөдөр би түүнд хэрэгтэй л бол надад сайн хандана. Хэрвээ түүнд би хэрэггүй болж, өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдахад шууд нүүр буруулдаг нь ихэнх. Мөнгөжөн нийгэмдээ тохирсон сэтгэхүйтэй байдаг. Гэхдээ үнэхээр хүнлэг сайн солонгос байдаг л даа. Бүхэл бүтэн ард түмэн юм хойно доо.
Солонгосуудад сайн тал олон бий. Хамгийн сайн нь тэд мундаг эх оронч хүмүүс. Солонгосынхоо барааг хэрэглэж, солонгосынхоо машиныг унацгааж байна. Ажлаа яс хийдэг. Их хөдөлмөрч.

Монголчуудын нэр хүнд өсөж байна уу, унаж байна уу?

Дээр хэлсэн архитай холбогдоод их унаж байна. Хуучны монголчууд тийм өндөр градустай архи бага уудаг байсан. Уусан ч маргааш нь яаж ийгээд ажилдаа гардаг байсан. Одоо бол архи уугаад л ажил тас…. Өмнө “Монгол хүн ажилд авна” гэсэн зарлал их байсан бол одоо бараг зугтаах шахуу болж байна. Хэлдэг үг нь монголчууд ажилд сайн, гэхдээ архи их уудаг. Хуучин монголчуудыг ажилд авдаг байсан газрууд Вьетнам, Бангланууд авдаг болсон байна билээ.

Солонгосын монголчуудад тулгараад буй хамгийн хурц асуудал юу байна вэ?
Миний бодлоор бол эрүүл мэнд. 30-аад мянган иргэн нь байгаа газар албан ёсны эмнэлэг байгуулчихаж болдоггүй юм байхдаа. Ядахдаа жилдээ эмгэлгийн нарийн үзлэгт нэг хамруулчихаж байх хэрэгтэй юм. За, эрчүүд нь тэгээд тэсэж даагаад болдог юм аа гэхэд энэ эмэгтэйчүүдийн бөөр, сав нь одоо юу ч болж байгааг бурхан ч хэлж мэдэхгүй болсон.
Ямар нэгэн үхэл зовлон боллоо гэхэд уламжлалт шашин, заншлын талаас нь янзлаад өгчихдөг хүн их дутагдалтай. Христийн сүмийн лам нар Монголчуудыг татахын тулд ирж жуучилж юмыг нь янзалж өгдөг. Чандарлахад их үнэтэй. Миний нэг танилыг солонгос маягаар оршуулсан. Гэтэл сарын дараа хүү нь нас барж, бас нэг охин нь гацдаг, унадаг болсон. Солонгосын үзмэрчид үзүүлсэн чинь “Чиний ах, аав хоёрын чинь баруун зүүн хоёр дээр нь суучихсан. Чамайг явах гээд байгаа юм байна. Чамд мөнгө байна. Би бүгдийг нь авахгүй, талыг нь авна” гээд машин авахаар авч явсан 5 саяын нь талыг авсан байгаа юм.

Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг Монгол холбоод байдаг уу?
Нэг юм байж л байдаг юм. Ер нь унтарсан газар бий.

Advertisements