Дэлхийн аваргын медалиудийг авчирсан золбоолог залуусаа сүр төгөлдөр тосож хүндэтгэл үзүүлэн баярлацгаая Монголчуудаа!!

Posted on 2009/09/12

0





Италийн Милан хотноо зохиогдсон сонирхогчдын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 жингийн төрөлд 143 орны 700 орчим ширэн бээлийтнүүд тулалдаж, жин жингийн аваргууд тодорлоо. Ардын багш, Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн, Д.Ганзориг нарын удирдлага манай есөн боксчин дэлхийн аваргын рингэнд тулалдсан.
Тодруулбал,Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/, Дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ З.Энхзориг /60 кг/ болон Н.Төгсцогт /51 кг/, Э.Идэрхүү /54 кг/, Б.Жавхлан /57 кг/, Ж.Отгонжаргал /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нарын шинэ залуу тамирчдын бүрэлдэхүүнтэй Монголын боксчид Миланы дэвжээнд нударга зөрүүлсэн юм. Эдгээр тамирчдаас Пүрэвдоржийн Сэрдамба 48 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медаль, 51 кг-ын жинд Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль, 64 кг-ын жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Монгол түмнээ баярлууллаа.

Сонирхогчдын боксын хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жинд өрсөлдсөн П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Словакийн Мирослав Ковачийг 10:3 харьцаагаар ялж, улмаар шөвгийн 16-д Бразилийн боксчин Пауло Карвахог 15:7 харьцаатай буулгаж авснаар дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан. Тэрбээр шөвгийн наймын тоглолтод Армяны боксчин Ховханнес Даньелянг 6:4-өөр хожсоноор хүрэл медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөө Хятадын Ли ЖиаЖаог 11:7-оор, дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Давид Айрапетянг 10:5 харьцаатай ялснаар Монголын боксын 61 жилийн түүхэнд анхны дэлхийн аварга болсон юм.

Монголын боксын шигшээ багийн хамгийн залуу тамирчин 17 настай Н.Төгсцогтын хувьд эхний тойрогт Энэтхэгийн Суранжо Маянгбамыг, хоёрдугаар тойрогт Словакийн тамирчин Петер Сенькийг 12:7 харьцаагаар, удаахь тойрогт Ирландын Деклан Герратиг 17:7-гоор нам цохиж, улмаар медалийн төлөөх тулаанд Италийн боксчин Винчензо Пикардиг нутгийнх нь дэвжээнд 12:7 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Харин медалийн өнгө хувиргах хариуцлагатай тоглолтод ОХУ-ын Миша Алоянг 8:7-гоор хожсоноор дэлхийн аваргын төлөөх тулаанд Пуэрто-Рикогийн хашир туршлагатай тамирчин МакУильямс Арройотой тулалдах болсон юм. Харамсалтай нь, финалын тоглолтод манай тамирчин 18:2 харьцаатай ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Гэхдээ тэрбээр дэлхий нийтэд өөрийгөө таниулж чадлаа.

Тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болсон манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Словакийн Бела Гронерийг 29:1 харьцаатай илт давуу ялж, дараагийн тойрогт Румыны Тайан Лупуг 14:9-өөр хожиж, шөвгийн 16-д шалгарсан. Манай тамирчин гуравдугаар тойргийн тоглолтод Италийн бас нэгэн найдвар Дарио Вангелиг 17:7 харьцаатай хожсоноор медалийн төлөө тулалдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөөх тулаанд У.Мөнх-Эрдэнэ Украины Александр Ключкотой ширүүн тулалдаж, 14:12-оор буулгаж авсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Бээжингийн олимпийн хүрэл медальт Кубын Роньел Иглесиас Сотолонгод ялагдсанаар хүрэл дээр буусан юм. Москвад болсон дэлхийн цомын финалд хүч үзсэн хоёр тамирчин Миланы рингэнд дахин учирч, Куб эр дахин ялалт байгуулсан.Дэлхийн аваргын дэвжээнд тулалдсан манай бусад тамирчдын амжилтаас дурдвал, залуу тамирчин Э.Идэрхүү /54 кг/ Беларусь болон Английн тамирчинг ялж, шөвгийн 16-д шалгарсан бөгөөд Ирландын Жон Жое Невинд 10:4 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг орхисон. Мөн дэлхийн аваргын хүнд жинд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон С.Эрдэнэбаяр /81 кг/ Йордан болон Гана улсын боксчдыг ялж, шөвгийн 16-д Францын тамирчинд ялагдсан юм. Түүнчлэн ОУХМ З.Энхзориг /60 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар гуравдугаар тойргоос хасагдсан бол залуу тамирчин Б.Жавхлан /57 кг/, Ж.Отгонжаргал /69 кг/ нар эхний тойрогт ялагдаж, тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Монголын ширэн бээлийтнүүд түүхэндээ сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байжээ. Тэдгээрийн гурав нь мөнгө, нэг нь хүрэл медаль бөгөөд 1982 оны Мюнхен хотноо болсон ДАШТ-ээс Д.Отгонбаяр агсан хамгийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан бол үүний дараа 1993 онд Финляндад болсон дэлхийн аваргаас Э.Цогтжаргал хүрэл медальтай ирж байжээ. Харин 1997 онд Унгарын Будапешт хотноо зохиогдсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгө, хоёр жилийн өмнө буюу 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсог дэлхийн аваргаас Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэнээр Монголын боксчид дэлхийн ширэн бээлийтнүүдийн хүчирхэг тулаанаас нийт дөрвөн медалийн эзэн болсон байна. Харин өдгөө Миланы дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын үр сад хүчтэй, хийморьтой гэдгийг дэлхийн дэвжээнд баталсан манай тамирчдын амжилтыг оролцуулаад энэ медалийн тоо долоо боллоо.Дэлхийн аваргын медалиудийг авчирсан золбоолог залуусаа сүр төгөлдөр тосож хүндэтгэл үзүүлэн баярлацгаая Монголчуудаа!!

Advertisements