Баабарт илгээх захидал

Posted on 2009/09/29

0



Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул иргэд бид энэхүү ил захидлыг Танд бичиж байна.

Та “Өдрийн сонин”-ы 2008 оны дөрөвдүгээр сарын 28-ны 102 дугаарт өгсөн “Надад төрөөс гуйх, хулгайлах ямар ч хэрэгцээ байхгүй” гэсэн гарчигтай ярилцлагадаа өсч төрсөн нутаг ус, үеийн үед энэ газар нутагт дээр ажиллаж, амьдарч ирсэн хүн ардыг минь дэндүү муухай доромжилж, нэр төрд нь эрээ цээргүй халдсан байна.

“Говьд Хөвсгөл нэртэй нэг толгой байдаг юм. Элсэн говьд яахаараа ийм нэр байдаг билээ. Хотгойдын Чингүүнжавын бослого дарагдсаны дараа хөвчид нуугдаж байжээ. Гэтэл нутгийн хэдэн шаар нь ховлож барьж өгсөн байдаг юм. Ингэхээр тэднийг бусад нь үзэж чадахаа болиод хавчина биз дээ. Тэд Манжийн хаанд дахин хандан нутаг шилжүүлж өгөхийг хүссэний дагуу говьд газар зааж өгчээ. Ингээд хүний нутагт олон үеэрээ зовсон доо. Говийн ганц толгойг нутгаа санаж ийм нэр өгсөн аж. Тэднийг одоо болтол тосгоныхон гэдэг. Тосгон байгуулсан юм биш ээ. Ядуу зүдүүгийн эрхээр жин тосч гүйн гуйлга гуйдаг байж. Тосч гүйдгүүд гэсэн утгатай юм. Хэдэн үеэрээ өлөн явсан болохоор тэдний хомхой гэж тоймгүйгээс гадна хажуугаараа өнгөрсөн нохойд хүртэл атаархаж явдаг болсон. Бурхан гэж байдаг л байхгүй юу даа” гэж үзэг цаас нийлүүлдэг өчүүхэн боломждоо дулдуйдан нутаг усыг нь, хүн ардыг нь үгийн муугаар хэлж, бах таваа хангажээ. Хэн ч бусдын нутгийг урьд хожид ч, одоо ч ингэж доромжилж байгаагүй байх аа!

“Зууны манлай нийтлэлч” гэсэн ямар ч шалгуураар өгсөн юм өргөмжлөл сэлтдээ сагсуурч, биеэ хэт тоосон байдал чинь иймэрхүү зан ааш гаргахад түлхээд байна уу. Эсвэл ер нь угийн төрөлх зан чанар чинь ийм алхам хийхэд нөлөөлөөд байна уу.
Хүн мэдэх юмаа хэлж, ярьдаг байх шиг сайхан юм байдаггүй. Бас мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярих шиг гутамшиг гэж байдаггүй.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумынхны түүхийг уг нутагт төрж өссөн, түүхийн ухааны нэрт эрдэмтэн, доктор, профессор, академич Н.Ишжамц гуай нарийн тодорхой бичсэн байдаг юм.
Түүхэн эх сурвалжуудыг судалж бичсэн энэ аугаа их түүхчийн номыг та харсан, уншсан зүйлгүй байж санаанд орсны хэрээр зохиож, Хөвсгөлчүүдийн угсаа гарвал, түүхийн тухай бодит үнэнийг гуйвуулан бичих гэж оролдож буйн учрыг ойлгоход бэрхтэй байна.

Монгол улсын Дорноговь аймгийн Хөвсгөл сум бол хуучин цагийн Түшээт хан аймгийн Мэргэн засаг хэмээх Мэргэн ноёны буюу Мэргэн вангийн хошуу, түүний залгамж, уламжлал Хутаг уулын хошуунаас үүсэл гарвалтай бөгөөд бусад аймаг, хошуудын нэгэн адил урт удаан жилийн өвөрмөц сонин бөгөөд сургамжит арвин түүхтэй.
Хөвсгөл нутгийнхны түүхийг та огт мэддэггүй, бүр уншсан, харсан зүйл ч байдаггүй бололтой. Иймээс л нийтлэл, ном гэдэгтээ мэдэмхийрэн, энд тэндээс хуулан ийм байдаг юм, тийм байсан гэж мэдэмхийрч байдаг шигээ үнэн түүхийг гуйвуулсан нь харамсалтай. Хөвсгөл сум бол Говийн ноён хутагт Данзанравжаагийн төрсөн өлгий нутаг.
Хөвсгөлчүүд бол Их эзэн Чингис хааны цагаан сүлдийг хадгалж, хамгаалж явсан ард түмэн. Төр түмнийхээ төлөө зориг баатарлаг үйлстэй, хөдөлмөрч ард түмэн. Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт чин ариун үйлсээрээ оролцож явсан ард түмэн.

Одоо ч шинэ цагийн нүүрэн дээр Монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нүүр бүтэн ажиллаж амьдарч байгаа ард түмээн. Энэ бүгд бодит үнэн түүхээрээ байгаа тул энд давтан хэлээд яахав гээд орхие.

Түүхч Н.Ишжамц гуай “…Хутаг-Уулын хошуу, Хөвсгөл сумын хүн амын дунд дээр үеийн язгуурын буюу Хамаг монголын горлос аймаг, мөнхүү монгол аймгийн удам угсааны Ун ханы хэрэйд аймаг, эртний монголжсон киргис аймгийн удам угсааны халх нар олонхи болж юмуу, үгүйдээ ихээхэн хэсэг нь болж байсан байж таарна. Дараа дараачийн үед нүүдэл амьдралын эрхээр эдгээр отог, овгийн хүмүүсийн зарим нь өөр тийш шилжиж, гаднаас өөр отог, овгийн хүмүүс хүрэлцэн ирж анхны уугуул оршин суугчидтай холилдон ижилсэж шинэ давхраа бий болж байжээ.

Түүхийн хүрээлэнгийн захирал, дэд доктор А.Очир өөрийн цуглуулж судалсан баримтаас бидэнд эелдэгээр найр тавин үзүүлсэний дотор Хөвсгөл сум, ялангуяа түүний эргэн тойрны сумдад арав гаруй шинэ овгийн нэрийг бүртгэсэн байна. Үүнд баарин, баяд, боржгин бичигч, бугалууд, бүрүд (Тэнгэр уулын хиргисүүдээс гаралтай хүмүүс), хонгор буюу хонхор, дуутан, мангуд, оннигууд, олхунууд, түмэд, улаанууд, уухан, харнууд, харчин, хөлдөн, цахар зэрэг нэр бүртгэгдсэн үзэгдэнэ. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар тэнд бас дөрвөн хүүхэд буюу хамаг монголын хамааралт дөрвөд, урад зэрэг бас бус овог аймгийн хүмүүс холилдон ижилсэн тус нутгийн хүн амын удамшлын сан, оюун билгийн хөгжилд дэвшилт нөлөө үзүүлсэн болох нь дамжиггүй …” гэжээ.

Үүнийг дурьдахын учир бол түүхийн учир холбогдолтой сэдэв хөндөх гэж буй бол ингэж л ул суурьтай ханддаг юм байна гэдгийг хэлэх гэсэн юм. Тэгэхээс биш түүхийг гуйвуулж, санаан зоргоор аманд орсныг бурж болдоггүй бололтой.
Б.Батбаяр та Хөвсгөлчүүдийг хотгойд гарал үүсэлтэй гээд “урвагч”, “шаар”, “гуйлгачин”, “хомхой” гээд дайрч, нотолгоо баримтгүй доромжилсон байна.

Ер нь яагаад Хөвсгөл суманд хотгойд үндэстэн ястан амьдарч болдоггүй билээ.
Юманд хэм хэмжээ, хязгаар гэж байдаг даа!
Эсвэл та Хотгойд түмнийг ингэж доромжилж болж байгаа юм уу.

Тусгаар тогтносон Монгол улсад халх, буриад, дөрвөд, баяд, торгууд, өөлд, хотгойд, зэрэг гуч орчим үндэстэн, ястны 2,6 сая уугуул иргэн эв найртай аж төрдөг билээ. Үүний дотор Хотгойд түмэн Хөх Монголын түүхэнд эх оронч үзэл, үнэнч шударга хичээл зүтгэл, хөдөлмөрч дайчин уламжлал, мохошгүй эр зоригоороо ялгарч, үеийн үед дуурсагдах хосгүй гавъяатайг монгол даяараа мэднэ. Монгол түмний үр сад, салшгүй хэсэг хотгойдчуудыг арай та мэт нь доромжлох ёсгүй.

Үндэстэн, ястан бүрээ хайрлан хүндэлж, эв нэгдэлтэй байх нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд тустай билээ. Гэтэл та санаагүйг санаж, ярихгүй зүйлийг ярьж, хэрүүлийн алим бий болгож үндэстэн ястны дунд яс хаяж түүх мэддэг бус түүх зохиодог хүн болсон нь харамсалтай. Иймэрхүү төрийн хутгуур, түмний толгойг эргүүлэгч л Монгол улсад хор учруулж ирсэн гашуун сургамж бий.

Хүний нутгийн уул усыг нэрлэдэггүй, “хайрхан” гэж хэлж хүндэтгэдэг Монгол түмний бичигдээгүй хууль байдагсан. Гэтэл та “говийн ганц толгой” гээд Хөвсгөлийн уулсыг минь доромжилжээ. Харахад намхан боловч хүн ард нь сүслэн залбирч байдаг, лус эзэнтэй, ариун дагшин, бас догшин газар орон юм шүү.

Б.Батбаяр та, нийтлэл ч гэнэ үү, юу ч гэнэ үү, хараал зүхэл, доромжлол нэвт шингээсэн, гайгүй сайн сайхан яваа бараг хүн бүр рүү бузар шүлсээ үсэргэсэн зүйлээ бичвэл бичиждэг л биз. Унших нь уншиж, уншихгүй нь уншихгүй л байгаа байх. Бусдыг доромжилсны төлөө бах тав чинь ханаж, сэтгэлийн таашаал авч байгаагаас биш, дандаа хар энерги ялгаруулсан тэр зүйлсийг чинь түмэн олон нэг их таашаадаггүй л болов уу.

“Намайг хэн хэлэхэв, юу ч гэж бичиж доромжилж байсан яадаг юм” гэсэн байдалтай хар бичвэрүүдээ элдэв шахалт үзүүлж хэвлэл сонинд хүчээр нийтлүүлж байдгаа больж, бодол сэтгэл ариун, Монгол эх орон, ард түмнийхээ төлөө хэрэгтэй зүйл бичдэг, сэтгэдэг бусад олон сайхан сэхээтнүүд, хүмүүст зайгаа тавьж өгвөл яасан юм!
Та бараг бичсэн, ярьсан болгондоо хэн нэгний нэр төрд бүдүүлгээр халдаж, дэндүү бохир, балиар хараал зүхлээр дүүрэн үг хэллэг хэрэглэдэг чинь гутмаар. Ямар үг хэрэглэж, бусдыг дайрч доромжилж байнав, тэр хэмжээгээр өөрөө тийм хүн гэдгээ харуулаад байгаагаа ойлгодоггүй юм уу.

Бурханы шашны их хөлгөн сургаал “Бодь мөрийн зэрэг”-ийг орчуулж, хэвлүүлсэн хүмүүсийн дотор таны нэр байна билээ.
Үнэхээр энэ ариун үйлсэд оролцсон нь үнэн л бол та нэг зүйлийг сайн ойлгох ёстойсон. Энэ нь, бусдыг гүтгэх гүжирдэх, доромжлох хар хэл ам татлах нь арван хар нүглийн нэг юм гэнэ лээ.
Тэгэхээр таны алхам бүртээ бичиж нийтлүүлсэн, хэлсэн ярьсан зүйл болгон чинь бусдыг үгийн муугаар утаж, гүтгэж, доромжилж, хүний нэр төрийг унагах гэж оролдон бах таваа хангаснаараа ямар нүгэл хийж байдгаа та даанч ойлгох тэнхэлгүй хүн юм даа. Өөрийн чинь ярилцлагаас үзэхэд, Улсын их хурлын гишүүн Ц.Шаравдоржийг бас л ихээхэн үзэн ядсан, хараал зүхлээ урсгажээ.

Энэ хүнийг өмөөрч хэдэн зүйл хэлье.
Ц.Шаравдорж бол манай Хөвсгөл сумын уугуул иргэн, төр түмнийхээ төлөө үнэнч шударга ажил үйлсээ зориулаад явж байгаа Монголын жирийн нэг сэхээтэн. Түүний шударга зан чанар, хууль ёсны төлөө гуйвашгүй байдлыг зөвхөн Дорноговьчууд төдийгүй, монгол түмэн үнэлж цэгнэж байдаг юм. Тийм ч учраас түмний итгэл хүлээж, УИХ-д дөрвөн удаа сонгогдоод төрийн түшээгийн эрхэм хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлээд явж байна.

Гэтэл та мөн ч их үзэн ядаж, эрүүл хүнээс гаршгүй хор үг, хараал доромжлолоор түүнийг дайрч байх юм. Таны энэ үйлдэл олон жил үргэлжилж, сонин хэвлэлд өгсөн ярилцлага, бичсэн зүйл бүртээ энэ хүн рүү дайрч байхыг чинь бид ажигласаар байдаг. Яасан барагддаггүй өшөө хорсол, ханадаггүй хараал вэ.

Та Ц.Шаравдорж руу дайрч, доромжлохдоо өөрийн бузар санаа, үйлдэлдээ одоо бүр үр хүүхдийг нь оролцуулах гэж оролдож санаархаж байгааг уншаад энэ хүн эрүүл байна уу, даанч дээ гэж бодогдож байна.
Та мөн дэндүү өчүүхэн хүн ээ. Чиний эцэг ийм хүн шүү, үзэн ядаж байгаарай гэж хүүхдүүд рүү нь захиж бичихэд үзэгний чинь үзүүр яаж хөдөлж байна аа!

Ярилцлагаас чинь үзэхэд, та хоёр хүүхэдтэй юм байна.

Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг аав чинь ийм муу хүн шүү гээд хэн нэгэн бичээд байвал танд болон таны хүүхдэд ямар санагдах бол, бод доо!
Өөрөөсөө илүү л бол тэр бүгдэд өшөө хорсол байнга тээж явдаг зарим өвчтэй хүний согог байдаг, тэр нь хөдлөхөөрөө өөрийгөө хянах чадваргүй болдог тухай анагаах ухааны ном, сурах бичигт бичсэн байдаг юм гэсэн.
Та ярилцлагадаа “Тэр надад хувьчлан гэм хийгээгүй байх аа” гэсэн байна билээ. Тэгвэл Ц.Шаравдорж руу байнга дайрч байдгийг чинь юу гэж ойлгох вэ. Ер нь таны атаа хорсол, энэ хүн бүгд рүү дайрч доромжлоод байгаа байдал чинь эмгэг өвчний шинжтэй болчихоод байгаа юм биш үү.

Та болохоор Ц.Шаравдорж гэдэг хүнийг дэндүү хангалттай гүтгэж, гүжирдэж, доромжилж бичсэн бус уу.
Гэтэл Ц.Шаравдорж нь таг дуугүй, яаж тэсч байдаг байна.
Ёс зүй цэвэр, нэр төр өндөр хүн л үндэсгүй гүтгэлэг доромжлолыг үл хайхарч төлөв төвшин явдгийн үлгэр жишээ энэ юм.
Ц.Шаравдоржид гаргадаг хорсол, атаархал, хувийн өчүүхэн байдлаа гаргаад амжилт олохгүй болохоор одоо бүр төрсөн нутаг усанд нь уураа гаргаж байна уу.

Тэгвэл нэг зүйлийг туйлын ойлгомжтойгоор хатуу анхааруулж хэлье.
Төрсөн нутаг ус Дорноговь аймгийн Хөвсгөл сумыг минь дайрч доромжлохыг бид тэвчихгүй. Унасан газар, угаасан ус гэдэг монгол хүн бүрийн хувьд хамгийн үнэт зүйл байдаг юм. Тэгвэл бидэнд юунаас ч илүү нандигнан хайрлаж, сэтгэл зүрхэндээ шүтэж байдаг зүйл минь энэ нутаг билээ.
Захын нэг хэрүүлч, хорчин этгээдээр Хөвсгөлчүүдээ доромжлуулахгүй, хэрүүлийн бузар хүргүүлэхгүй гэдгийг хэлье.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул нарын 16 иргэн

Advertisements