Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг

Posted on 2009/12/01

1



Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.

Газар гэдэг маань Эх орон юм.

Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр.

“Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмдэн ирсэн амуй. /О.Д/.

* * *

Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Боснийн серб, хорватууд хэдэн жил алалцаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеээ отож, Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, англи, ирланд хоёр муудалцаж, армен, азарбайжан хоёр ч үе үе энд тэндээ хүрч, фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Турк, Грек хоёр Эгейн арлаас болж золтой л байлдсангүй. Ирак, Кувейт хоёр дайсагнаж, Хятад Тайвань руу санаархаж, Курилын арлуудаас болж Орос, Япон хоёр муудалцаж, Тажик, Афган хоёр ч хилийн зөрчил буудалцаан тасрахгүй, Энэтхэг ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор… Мөн Синкаку арал зүүн өмнөд Азийн хэрүүлийн алим болж байна.

1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий 1990-ээд онд буюу гуч гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л…

Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.

“Миний газар нутгийг бурхан гуйсан ч битгий өг”

/Эх оронч Галдан Бошигт/

Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хувааж идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, “хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”?

Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.

Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.

Германы газар зүйч Ф.Ратсель: “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан. Е.Обст, К.Шмидт, А.Хетнер, Г.Гримм, А.Грабовски гээд хэдэн арваар нь дурдаж болно.

Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Богигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.

Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Газаргүй курдууд яаж бусдын идэш болж буйг харагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлэхийг санаархаж байна. Ийм хуулийн төсөл ч бэлэн боллоо. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх оронд хүн шиг алхалж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь… Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж, “би энд насаараа сууна” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.

Чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй,

Эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй.

Ганга нуурын маань хэн нэг хүн өмчилж бий тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал, дарьгангынхан яах вэ?

Завханыхан Отгонтэнгэрийнхээ рашаанд очдог. Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон Их газрынхаа чулуунд очдог, америкийн нэг том хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог, өөдөөс нь Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог, эргэн тойронд нь тор тадаад, францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?…

Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг.

Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийх хууль.

Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг… Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл…” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз.

Advertisements