Эх орон минь шархадлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна?О.Дашбалбар

Posted on 2009/12/01

0



Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ.

Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдэх хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. .Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвч таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ.

** ** **

“Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна.

Эх орон минь харийнхнаар дүүрч, уул толгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв.

Эх орон минь шархадлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна?…” Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо:

-“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ.

-“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ.

-“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай.

Тэд манай газар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ.

-*Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ.Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг* гэж найрагч бичжээ.

Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил.

Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай.

Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гуравдахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст

“Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна.

Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна.

Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна.

Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна.

Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна.

Эр зориг чинь харин хаа байна?

Эрхэм нэр чинь харин хаа байна?” гэсэн алдарт шүлгийг сануулъя.

Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай.

Advertisements