Манайхан үндэстний үзлийн архаг дутмагшилд орсон

Posted on 2009/12/04

0




Манайхан үндэстний үзлийн архаг дутмагшилд орсон

“Нэгдсэн Монгол” гэдэг үндэсний үзэлт хөдөлгөөн үүсгэн байгуулснаа хэвлэлийн бага хурлаар зарлаж, эх орноо монгол туургатны гал голомт, халх бамбай болгохыг эрмэлзэнэ хэмээн мэдэгдсэн чөлөөт сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай энэ сэдвээр ярилцсанаа сонирхуулъя..

– “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний гол санал бол, иргэнээ болгох замаар монгол туургатнаа нэгтгэх гэсэн. Хэрвээ тэгвэл Монгол Улс 10 сая иргэнтэй болох нь ээ?
– Зарчмын хувьд тийм. Гэхдээ гэнэт нэг өдөр сая сая хүн хүрээд ирнэ гэсэн үг биш. Дэлхий дээр 10 сая монгол туургатан амьдарч байна. Израильд 100 жилийн турш зургаан сая еврей хүн очсон ч хилийн чанадад 10 сая нь үлдсэн. Казахстан 15 жилийн турш дөрвөн сая элэг нэгтнээ татах бодлого явуулсан ч 400 мянга л очлоо. Үндэс нэгтнээ татна гэдэг харьцангуй тайван процесс юм. Тиймээс Монголын иргэн болсон зарим нь ирж амьдарна, зарим нь тэндээ байж л байна.
– Давхар иргэншил Монгол оронд аюултай биш үү?
– Аюулгүй байхаар бодож, зохицуулалтыг нь төсөлдөө тусгасан. Давхар иргэншлийн талаар улс бүртэй гэрээ байгуулдаг. Хууль бус цагаачид нь бэрхшээл үүсгэж байгаа улстай давхар иргэншлийн гэрээ байгуулахаас түдгэлзэнэ. Улс орондоо хүндрэл учруулахгүйг нь бодож, тал талаас нь тунгааж байж төслөө боловсруулсан.
– Үндэсний үзлийн талаар таны бодлыг сонсъё?
– Хоол унд, цалин мөнгөнөөс гадна, хүний оршихуйн нэг үндэс нь үндэстний үзэл. Хүн төрөлхтөн өдийг хүртэл үндэстнээр оршсон. Үндэстэн байх нь оршихуйн арга. Үндэс ясгүй бол тэр хаанахын ч хүн биш. Иймд хувь хүний оршихуйн гол асуудал болсон үндэстний үзэл заавал байх ёстой.
– Манай иргэдийн дунд үндэстний үзэл ямар хэмжээнд байдаг гэж та боддог вэ?
– Манайхан үндэсний үзлийн архаг дутагдалд орсон. Эмгэг дутмагшил, бүр өвчин гэмээр болсон. Европ, Америкийн л иргэн болцгоочих сонирхолтой. Энэ явдал гадны харгис бодлогоос үүдэлтэй.
1911 онд манайд үндэстний үзэл хангалттай хэмжээнд байсан. Манай панмонголистууд дээр нэмээд Өвөр Монголоос Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн, Тогтох тайж, Сумъяа бэйс гээд л ирж, улс орныг байгуулахад оролцож байсан. 1921 оны хувьсгалын дараа Буриадаас Жамсранов, Ринчино, Батуханов нарын пан монголчууд ирж засгийн ажилд тусалсан. Ардын намын эрмэлзэх 10 зүйлийн нэгдүгээрт бүх монголчууд нэгдэж, нэг гэр бүл болох тухай тунхаглаж байж. Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нар панмонголист үзэлтэн байлаа.
Одоо манай сэхээтнүүд энэ үзлийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой. Хүн бүр үндэсний үзэлтэй байхгүй бол Монгол Улс оршихгүй. Монгол Улс байхгүй бол би үхнэ л гэж ойлгох цаг болсон.
– Тэгвэл глобалчлалд яаж хандах вэ?
– Манайхан үндэстэн байхгүй болно гэж буруу ойлгоод байна. Даяаршлаас ашигтайг нь авах хэрэгтэй. Глобалчлалыг үндэстнийг хадгалан тогтоох фиксаж болгож ашиглах хандлага ч гараад байгаа.
Том соёл иргэншлүүд жижиг үндэстнийг уусгах гэж оролдож байгаа нь үнэн. Англо-сакс, Орос, Хятад зэрэг соёл иргэншлийн хэт нөлөөний эсрэг жижиг үндэстнүүд нь устахгүйн төлөө глобалчлал хийж байна. Казахстан улс Оросоос ч, Хятадаас ч казахуудыгаа чөлөөтэй татаж байгаа. Даян дэлхий дээр ийм глобалчлал явагдаж байхад манайхан Уугуулшуулал буюу Репатриацийн тухай бодохгүй баймгүй. Ийм хууль дэлхийн улс орон бүрт бий.
– Манайд глобалчлалын ямар сөрөг нөлөө ажиглагдаж байна?
– Глобалчлалыг хүлээн авахад үндэстний өөрийн дотоод хүчин зүйл их нөлөөтэй. Манжийн дарлалд, Зөвлөлтийн дагуул явахад бидний бие дааж хөгжих явдал боогдмол байлаа. Оюунлаг давхаргын олон мянган хүнээ хядуулснаар, бие дааж сэтгэдэг сэхээтнүүд бараг үгүй болсон. Энэ суурин дээр одоо глобалчлалын аль хөнгөнийг бид хүлээн авч байна.
Эзэмшиж ашиглана гэхээсээ англи үгээр чамирхах нь элбэгшлээ. Африкийн орнууд хэл соёл нь хөгжөөгүй байхдаа европ хэл соёлыг гажуудуулж, завхруулж авсан. Өөрийнхийгөө мартчихсан. Аль ч үгүй л болсон. Ийм үзэгдлийг креолизм гэдэг. Манайхан креол үндэстэн битгий болчихоосой.
Оюуны хөгжилтэй нийгэм глобалчлалыг сайнаар тусгаж авч хөгждөг. Харин манайхан их гүрнүүдийн глобал бодлогыг аялдан дагалддаг.
– Тэгвэл эерэг зөв юуг нь авах вэ ?
– Жишээлбэл, ашигт малтмалаа өөрсдөө үнэд хүргэн дамлах хэрэгтэй. Бразилчууд төмрийн хүдрийн үнийг 67 хувь хүртэл өсгөсөн. Нефть олзворлогч улсууд нефтийн үнээ байнга нэмж байна. Манайх ашигт малтмалаа үнэд хүргэх ёстой. Дэлхийн даяар ашигт малтмалыг газрын хөрсөн дор нь үнэлчихдэг болсон байхад манайд хөрөнгө оруулалт олдохгүй гэж ярих юм. Барьцаалаад зээл авч болно. Гадны мэргэжилтэнд цалин өгч ажиллуулах л хэрэгтэй. Өөр юм өгөх шаардлагагүй. Манайд ч уул уурхайн боловсон хүчин хангалттай бий шүү дээ. Автаркийн, дангааршлын зарчим буюу бүхнийг өөрөө хийх зарчмаар ашигт малтмалын хуулийг шинэчлэн тогтооё гэсэн саналыг би дэвшүүлсэн.
– Эцэст нь асуухад, үндэстний болон үндсэрхэг үзлийн ялгаа чухам юунд оршдог бол?
– Үндэсний үзэл өөрийн үндэстнээ яаж хайрлаж, хамгаалж байгаагаар тодорхойлогддог бол үндсэрхэг үзэл өөрийн болон бусад үндэстэнд хор хүргэх аюултай. Өөрийнхөө үндэстнийг давуу, бусдыг дутмаг гэсэн ойлголт өгдөг.
Манайд аль аль нь л бага.

Advertisements