Хайлж буй Дээд Монгол!

Posted on 2010/03/14

0



1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр мэдэрч эхэлсэн болов уу. Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас монголын шинжлэх ухаанд хамаатай юм. Монголд олон чиглэлээр чадалтай сайн эрдэмтэд онол судалгаагаа уралдуулж нэгэн үе түүнийгээ орос хэлээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх зам тавьж байсан боловч тэр нь голдуу слав хэлтнүүд болон коммунист засаглалаар хязгаарлаж байсан нь дамжиггүй ээ.
Коммунизм гэдэг томоохон арал живж үгүй болох цагт сүүлийн хэдэн жил бид дэлхийд гарах гүүрээ бэлдэж монгол гэдэг түүнээс ч жижигхэн арал дээрээ жаахан сууцгаалаа. Ингээд бодохлоор бидний орчин үеийн шинжлэх ухаан эзгүй арал дээр байгаад байх шиг санагдана. Англи хэлийг эрчимтэй сурч барууны олон оронд олон монгол оюутнууд суралцаж, олон эрдэмтэд ажиллаж айлчилж мэдээлэл солилцож эхэлж буй энэ үед олон хүмүүс бидний судлаад яриад байдаг олон зүйлийг аль хэдийнээ барууныхан судалчихсан ярьчихсан харин бид мэдээгүй өнгөрчихсөн байгаатай нүүр тулсан биз ээ. Ийнхүү шинэ соргог мэдээлэлтэй нүүр учрах бүрийдээ олсон, дуулсан, сонссон мэдсэнээ мэргэжил нэгт номын нөхөд, оюутан залуучууд, цаашилбал монгол түмэндээ хүргэж дуулгаж хуваалцмаар, түгээмээр, дэлгэрүүлмээр санагдах нь хэн бүхэнд цөөнгүй тохиолдсон байх. Энэ бол арал дээр байснаа мэдсэний нэгэн илрэл гэлтэй. Энэ бол монгол хүний оюуны чадал сулаас болсон хэрэг биш харин ч нийгэм түүхийн эгзэгтэй нугалаанд хавчигдан хашигдсан бидний аугаа их түүхийн нэгээхэн жижиг хугацаа юм.
Яг л ийм хувь зохиолоор монголд судалгааны олон шинэ салбар, арга зүй тэр ч бүү хэл бүхэл бүтэн бидний огт мэдэхгүй шинжлэх ухааны шинэ салбар дэлгэрч байгаагийн нэг нь яахын аргагүй “Нийгэм-соёлын хүн судлал” (Британид Social Anthropology, Америкт Cultural Anthropology) мөн юм. “Хүн судлал” гэсэн энгийн бөгөөд ерөнхий нэрэн дор бид юу ч багтааж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны ямарч салбар шууд болоод шууд бус утгаараа “хүн судлал” байж болох юм. Хэдий тийм боловч энэхүү өргөн утгаас гадна “хүн судлал” гэдэг шинжлэх ухааны тодорхой хэдэн салбар байдгийг бид мэдэх ёстой. Хамгийн түгээмэл нь “Биологийн хүн судлал” (Biological Anthropology) болоод “Нийгэм-соёлын хүн судлал” хоёр болно. Хэдийгээр энэ хоёр “хүн судлал” буюу anthropology гэдэг ерөнхий ухагдахууны хувьдаа холбоотой боловч нэг зүйл огт биш билээ. Харин ч өөр өөрийн судалгааны онол арга зүйтэй, өөр өөр судлагдахуунтай, нэг нь байгалийн шинжлэх ухааны нэгэн зүйл, нөгөө нь нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар.
Биологийн хүн судлал монголд үүсч хэдхэн жил болоод чамлахааргүй амжилттай байгаа бол харин нийгэм-соёлын хүн судлал дөнгөж одоо л монголд төрөх гэж оролдож байгаа гэж хэлэхэд хэлсдүүлсэн болохгүй ээ . Монголд монгол судлал, угсаатны судлал, соёл судлал, нийгэм судлал зэрэг нийгэм-соёлын хүн судлалтай төстэй салбар байх боловч аль нь ч түүнийг орлохгүй өөр өөрийн онцлогтой.
Нийгэм соёлын хүн судлалын тухай товч
Нийгэм соёлын хүн судлал 20-р зууны эхэн үеэс анх Британид гүн ухаан болон нийгэм судлал хоёр дээр суурилан үүсэж хөгжсөн. Тиймээс ч одоо хэр нийгэм-соёлын хүн судлалыг “хүнтэй гүн ухаан” харин гүн ухааныг “хүнгүй гүн ухаан” гэж хошигнон хэлдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Сонгодог утгаараа нийгэм-соёлын хүн судлал улс төр судлал, шашин судлал, эдийн засаг судлал, ураг төрлийн холбоо судлал гэсэн хүний нийгмийн бараг бүхий л зүйлсийг судалдаг өргөн агуулга бүхүй дөрвөн гол чиглэлтэй. Сонсогч уншигч хэн бүхэнд нэн тэргүүнээ төрөх асуулт бол, тухайлбал, “нийгэм-соёлын хүн судлалын улс төр судлал” гэгч “улс төр судлал” гэдэг бүхэл бүтэн том шинжлэх ухаанаас ямар ялгаатай эсвэл “эдийн засаг” гэдэг том ухаан байхад “нийгэм-соёлын хүн судалын эдийн засаг судлал” юу судалдаг юм бэ гэхчилэн асуух байхаа. Хүн судлаачид хариуд нь “улс төр судлал улс төрөө судлаад түүн доторх хүнийг нь анхаардаггүй”, “эдийн засаг судлал эдийн засгаа судлаад түүн доторх хүнийг анхаардаггүй” гэхчилэн хариулах нь түгээмэл.
Энэ мэтчилэн тэдгээр том шинжлэх ухаанд алинд нь ч багтаддаггүй “жижиг” хэмээн орхигдсон асуудлуудыг хүн судлал судалдаг. Тухайлбал, Америкийн эдийн засаг судлал америкийн уугуул индиан овгийн хоол хүнсээ хэрхэн залгуулдаг асуудлыг судалдаггүй, Монголын улс төр судлал багш сурагч хоёрын хоорондох бодлого, бичил улс төрийг судалдаггүй байх жишээтэй.
Шашин судлал ч ялгаагүй шашныг судлахаас биш харин түүн дотор хүн юу хийж, юу бодож байгааг тэр бүр анхааран үздэггүй. Харин энэ бүхнийг хүн судлал судалдаг. Хүн судлалын өөр нэгэн онцлог нь өөрийн нийгэм соёлоос илүү өрөөл бусдын соёл нийгмийг судалдаг чанар юм. Энэ утгаараа нийгэмд эдийн засаг шиг ч юмуу анагаах ухаан шиг ус талх шиг зайлшгүй нэн тэргүүнээ шаардагдах хэрэгцээ биш ч гэсэн огт хэрэггүй зүйл биш юм.

Энэ чанар нь нийгэм-соёлын хүн судлалыг “хөршөө таних ухаан” гэж товчхон томъёолсон нь ч байдаг. Дэлхийн олон үндэстнүүд битгий хэл цөөхөн монгол угсаатнууд бие биеэсээ хэл соёл, сэтгэлгээнийхээ байдлаар ихээхэн ондоошсон байдаг. Хамгийн ойрын жишээ дурдахад бид хятадуудыг шавьж хорхой иддэг гэж гайхаж байхад тэд биднийг морины нуруун дээр амьдардаг гэж гайхаж суудаг. Хүн судлал хамгийн энгийн утгаараа энэ л хичнээн зуун жил хамтран бөөр нийлэн суусан хөршийнхөө талаарх гайхширлыг арилгах, энэ талаар илүү ихийг олж мэдэж ойлгох гэсэн оролдлого гэж хэлж болно. Бие биенийгээ илүү таньж мэдсэнээр үл ойлголцох харилцаанаас зайлсхийж чадах юм.
Хүн судлалын энэ чанарыг анх колончлолын үед улс төрийн зорилгоор ашиглаж байсан юм. Тухайлбал, Англичууд энэтхэгчүүдийг колончлохын тулд энэтхэгчүүдийг таньж мэдэж байх шаардлага тулгарч үүнд хүн судлал ач холбогдлоо өгч байжээ. Энэ нь зөвхөн колончлох гэдгээр хязгаарлагдахгүй колонлогдож буй хэсэг нь ч колончилж байгаа бүлэг хүмүүсийг таньж мэдэхэд хэрэгтэй. Энэ талаараа хүн судлал соёл судлал, тухайлбал монгол судлалаас ялгарах юм. Учир нь соёл судлал гэдэг бол өөрийн соёлоо л судлахаас биш гадны соёлыг судалдаггүй.

Хэрвээ хэн нэгэн гадны соёлыг судалвал тэр нь гадаад судлал болох бөгөөд, монголын жишээн дээр л гэхэд нэн тэргүүнээ МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль санаанд буух биз. Гэтэл тэр сургууль маань гадаад хэл л сургадаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Ингээд үзвэл бидэнд гадаадыг судалдаг шинжлэх ухаан байхгүй бололтой. Магадгүй нийгмийн хөгжлийн үүднээсээ манай улс хүнийг судлах нь битгий хэл өөрийгөө яана гэж байгаа гэж олон хүн хэлэх байх. Үүнд хоёр хариулт өгч болно.
Эхнийх нь, хөгжлийн шатанд тун удахгүй бид талхаа төвөггүй олж иддэг болоод хөршүүдээ гүн гүнзгий судлах шаардлага юу юугүй тулгарах нь дамжиггүй.
Удаах хариулт хүн судлал зөвхөн гадаад улсыг судлах гэсэн утгатай бус харин арай жижиг хүрээнд “гадаад угсаатнуудыг” бусад буриад, дархад, дөрвөд гэхчилэн монгол угсаатнуудаа, түрэг, казах, сибирийнхэн гэхчилэн алтай язгуур хэлтнүүдээ судлах хүрээнд ойлгогдож болно. Түүнчлэн өөрийнхөө соёлыг ч хүн судлалын үүдээс (энэ утгаараа соёл судлал юмуу монгол судлалтай төстэй болно) судалж болдгийг natiүe anthropology гэдэг.

Нийгэм-соёлын хүн судлалыг зүгээр нэг хөршөө таних ухаан гэж хэлвэл бас түүний онцгой чанарыг бүрэн тодорхойлоогүй орхисонд тооцогдоно. Нийгэм соёлын хүн судлалд бусад нийгмийн ухааны салбаруудад алинд нь ч байдаггүй давтагдашгүй судалгааны арга зүй байдаг. Энэ нь participant obserүation буюу “биечлэн дагах арга зүй” юм.
Хүн судлаачид судалж буй бүлэг хүмүүс, тэдний нийгэм дотор хамгийн наад зах нь арван хоёр сар буюу түүнээс дээш хугацаагаар тэдэнтэй хамтран амьдардаг. 20-р зууны эхэнд хүн судлалын эцэг гэгдэх Британид сууршсан Польш гаралтай эрдэмтэн Малиновский номхон далайн Тробрианд арлынхны дунд зургаан жил суурин судалгаа хийж тэнд амьдарч байсан түүхтэй. Харин өнөөгийн судлаачид судалж буй хүмүүсийнхээ хэлийг мэдэхгүй бол хоёр жил хүртэлх хугацаагаар хээрийн судалгаа хийж тухайн хүмүүсийн хэл соёлд нэвтэрхий суралцдаг.

Зарим тохиолдолд судлаач энэ хугацаанд хоёр буюу түүнээс олон хэл сурах ч шаардлага тулгарч болно. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Хятад улс дахь Төвд судлаач барууны оюутнууд төвд болон хятад хэл харин хятад дахь монгол угсаатнуудыг судалж байвал монгол болон хятад хэлийг хослуулан эзэмшдэг. Хүн судлал үүгээрээ юу хэлж байна вэ гэвэл хүн болоод түүний нийгэм соёл гадны нүдээр өнгөцгөн гүйлгэж хараад ямар нэгэн дүгнэлт хийж болох тийм энгийн зүйл биш гэдгийг сануулж байгаа юм. Бүр цаашилбал, хэн нэгэн хүн юмуу бүлэг хүмүүс хөршийнхөө тухай нарийн сайн судалж мэдээгүй, бүрэн таниагүйн хар гайгаар ташаа сэтгэгдэл сууж аливаа шийдвэрээ тэр л ташаа дүгнэлтэнд тулгуурлан гаргах өрөөсгөл харилцааг буруушааж байна гэсэн үг.

Иймээс хүн судлалын тавьж буй шаардлага бол гадны хүн буюу судлаач судалж буй нийгмийнхээ нэгэн эд эс нь болтолоо гүнд нь нэвтэрч, хэрвээ европын судлаач Төвд судалж байгаа бол “төвд болох”, Монгол судалж байгаа “монгол болох”, Өмнөд Африкийн Зүлүчүүдийг судалж буй бол “зүлү хүн” болохыг шаарддаг.
Тэд мөстэй хүйтэн голын усанд орж зогсоод хэдэн цагаар ан хийх юмуу эсвэл магадгүй бясалгал хийж байвал судлаач мөн л түүнийг хийж, янз бүрийн шавьж хорхой, тарвага зурам, амьд сармагчны тархиар хооллож байвал мөн л тэгж хооллох нь хүн судлаач хүний үүрэг. Тийм ч учраас хүн судлаачид судалж буй газартаа хуурай эцэг эх, ах дүү, төрөл садан, анд нөхөдтэй болж магадгүй насан туршийн холбоо тогтоодог. Анх намайг энэ чиглэлээр суралцаж эхлэхэд бидний англи өвгөн профессор эгч нь өөд болчихлоо гээд Европын хаа нэгтээ биш харин Гималайн нурууны суган дахь Нипал руу явж байсан нь үүний нэгэн жишээ.

Хүн судлалын дэвшүүлж буй энэ шүүмж хэн бүхэнд байдаг хүний нийгмийн зан гэж хэлж болно. Нээрээ л хүн, танихгүй мэдэхгүй байж сайлж муулах дуртай, голгүй мэдээлэл дээр дүгнэлт яаран гаргамхай төрөлхтөн юм. Монголчуудын жишээн дээр л гэхэд “дөрвөд хүн хүн биш”, “буриад хүмүүс нанчилдаантай”, “өвөрлөгч хүн хужаа санаатай”, “төвд хүн харанхуй бүдүүлэг”, “англичууд хүйтэн хөндий, их зантай” гэхчилэн бидний мэдэх олон танил дотно дүгнэлтүүд бий. Энэ үнэхээр үнэн үү? Үнэндээ бид үнэн худлыг нотлоогүй магадгүй хэн ч хэзээ ч нотлохгүй, хэн нэгэнд тохиолдсон байлаа ч гэсэн ганц нэг жишээ бүхэл бүтэн үндэстэн угсаатныг төлөөлж чадах бил үү! Энэ мэтийн өрөөсгөл сэтгэлгээ нийгэм даяр ноёлж байдаг нь монголд ч биш дэлхий нийтэд түгээмэл гэж дэлхий даяар хэсэн судалдаг хүн судлаачид санал нэгтэй хэлнээ.

Иймэрхүү үндэсгүй өрөөсгөл сэтгэлгээний нэгэн жишээ болгон “Дээд Монголын” талаар дурдасуу.

Дундад улс дахь монголчуудын тухай бидний төсөөлөл

“Дээд монгол” гэж нэртэй монгол угсаатан байдаг гэдэг тухай монгол судлаач болж байсан би хүртэл саяхан болтол мэдэхгүй байсан нь ичгэвтэр бас гутамшигтай гашуун үнэн билээ. Харин “Хошууд монгол”, “Хөх нуурын монгол”, Гүш хаан гэвэл мэдэх хүн нэлээд хэд нэмэгдэнэ. Учир нь Дээд монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Харин удаах Хошууд, Хөх нуурын монгол гэдэг нэр харьцангуй эрт үед хамаарч, бичиг сурвалжид их дурдагдаж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Бид эртний нэрийг нь мэдээд арай хожуухан бий болсон ардын дунд өргөн хэрэглэгддэг нэрийг нь мэдэхгүй байна гэдэг бол бид түүх болоод өнгөрсөнөө дэндүү их нандигнаж түүнийгээ мэдэхийг эрхэмлэх боловч түүний хажуугаар мэдээллээ шинэчлэхгүй, орчин цагт болж байгаатай хөл нийлүүлэхгүй хоцрогдож байгааг харуулж байна гэлтэй.

Энэ бол мөн л хүн судлалын өнгөрсөнийг биш харин илүү одоог судалж илтгэж мэдээлдэг бас нэгэн онцлог юм. “Дээд монгол” гэдэг асуулт биднийг монголын тухай хэр мэдэх вэ гэдэг асуултанд унагаж байгаа юм. Цааш нь тэгвэл бүр Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан монгол гэхчилэн олон монгол угсаатнуудын тухай асуултнуудад бид дараа дарааллан унах нь гарцаагүй. Бид өнөөдөр өөрсдийгөө хоёр сая таван зуун мянгуулаа л гэж боддог.
Үнэндээ бид найм орчим саяулаа гэдгээ мэдэх хүн цөөхөн бизээ. Энэ тоо алтай язгуур хэлтэн, түрэг угсаатнууд ч биш зөвхөн монгол угсаатны тоо юм. Арга ч үгүй дээ золоор нэрээ авч хоцорсон, улсаа тунхагласан нь найман саяасаа бид юм хойно омог бардам бусдадаа дээрлэхүү байх нь аргагүй ч биз, бас бидний амжилтыг энд тэнд толгой хоргодох бусад таван сая хагас монголчууд маань бахдах нь ч аргагүй биз. Харин бид бие биенийхээ тухай огтхон ч мэддэггүй нь гачлантай.

Одоо дэлхий дээр нийт найман сая монгол угсаатан байдаг тухай мэдээ бий. Түүний дөрвөөс таван сая нь хятад улсад аж төрдөг. Түүнийг нарийн шүүж үзвэл ядаж дөрвөн сая нь цэвэр монгол гэдэг (цэвэр монгол гэж юу билээ?). Үлдсэн нь соёлын хувьсгалын үед үнэн худал хэлж цөөн тоот үндэстэн байхын ашиг хонжоо бодож монгол гэж бүртгүүлсэн хятад иргэд эсвэл ураг холдож өөр үндэстэнтэй нийлсэн хүмүүс байж болно.

Тэдний тухай бид хэр мэдэх билээ? Бид тэднийг Эрээн дээр наймаа хийж, Бээжинд монголчуудыг хууран мэхэлж мөнгө салгадаг гэж л мэддэг. Тиймээс бид тэднийг “Хужаа” гэж муучлан нэрлэдэг. Ихэнх монголчуудын хувьд дундад улс дахь бүх монголчууд “Хужаа” гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл “хятад” гэсэн доромж утгаар бид хэрэглэх буюу уул гарал нь “наймаачин, худалдаачин” гэсэн утгатай хятад үг гэж дуулсан юм байна.. Бидний хамгийн ойрхон харилцаж чадаж байгаа нь наймаа арилжаагаар дамждаг. Өвөр монголчууд ч гэсэн хүн л юм хойно наймаа хийлгүй л яахав, зарим нэг нь Эрээн, Бээжин хавиар эргэлдэлгүй ч яахав, зарим нэг нь наана цаана хэлж хэдэн бор юм ололгүй ч яахав.
Энэ бол зөвхөн “Хужаагийн” хийдэг хэрэг биш харин ямар ч үндэстэн хэн ч хийж болох зүйл. “Хужаа” нарыг бүү хэл монголчууд өөрсдөө ч бие биенээ мэхэлж хэдэн бор юмтай болох нь элбэг үзэгдэл болоод байгаа. Өвөр монголыг зурагтаар хальт харж даажигнах, Эрээн, Бээжин дээр хааяа тааралдаж өмд гутлын хэрүүл хийхээс өөрөөр бид тэднийг огт мэдэхгүй, тэр цөөхөн хэдэн тааралдаж байгаа хүмүүс бусад дөрөв, таван сая хүнийг төлөөлж чадахгүй нь лавтай. Жинхэнэ Өвөр монгол айлд хөдөө очиж үзсэн монгол хүн тоотой хэд байж чадах уу үгүй юу! Гэтэл үнэндээ тэдний ихэнх нь хөдөө мал маллаж, зарим нэг нь газар тариалан эрхэлж монгол байхын төлөө үхтэлээ тэмцэж, хэл соёлоо биднээс илүү эрхэмлэдэг гэдгийг бид мэддэггүй.

Түүнээс гадна монголчууд бид дундад улс дахь бүх монголчуудыг бүгдийг нь “өвөр монгол” гэж боддог. Дундад улс дахь монголчуудын ихэнх нь Өвөр монголын өөртөө засах мужид байх боловч бүгдээрээ биш гэдгийг бид мэдэж байвал зохино. Дундад улсын бусад мужуудаар хэлэх юм бол, Шинжааны монгол, Леонингийн монгол, Сичиуаны монгол, Юнаны монгол, Шижаны монгол, Гансугийн монгол, Чинхай буюу Хөх нуурын монгол гээд бидний огт дуулаагүй сонсоогүй монгол угсаатнууд олон байдаг. Бид тэднийг бүгдэнгий нь “Хужаа” гэж гадуурхаад мэдлэггүй мэдээлэлгүйгээ гайхуулсаар байх уу? Саяхан нэг анд маань Америкт бид бүгд хятадууд болчихдог “Харууд намайг хятад гээд байхаар нь чи өөрөө Африкийнх уу гэж хэлж би уурлуулдаг юм” гэж хэлсэн нь санаанд бууж байна. Австралид ч хар арьстан уугуул хүмүүс бий шүү дээ. Үүний нэгэн жишгээр Дундад улсынх л бол “Хужаа” байж таарахгүй ээ.

Xөх нуурын монголчууд буюу Дээд монголчууд

Бидний нүдэнд ийм л нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дөрвөн мужын дунд орших уугуул Төвдүүдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хөх нуур мужид төвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд юм. Монголчуудын асуудаг тэд монгол уу, монголоор ярьдаг уу, мал малладаг уу, айраг уудаг уу, төвд болчихсон биз дээ, хятад болчихсон биз дээ гэх олон асуултууд яг л бид баруунд ирэхээр танай монголд байшин бий юу, машин бий юу гэдэг бүдүүлэгхэн гадаадынхны асуултуудтай адил юм.
2003 онд надад удаан хугацааны хээрийн шинжилгээний ажил хийх боломж тохион нэгэнтээ монгол дахь угсаатнуудаа судлах боломж өнгөрсөнд ч чамгүй гарч байсан ирээдүйд ч гарах тул энэ удаад гадны монголчуудыг судлах хүсэл төрж Хөх нуурын монгол гэж бидний хамгийн бага мэдэх монгол угсаатнуудын нэгийг сонгон авсан билээ. Ингээд 2003-2005 оны хооронд нийт 13 орчим сар Дээд монголын малчин айлд амьдарч босон суун тэдний дунд судалгаа хийж дээрх бүдүүлэг асуултнууддаа хариу олсныгоо та бүхэнтэй хуваалцъя.

Хөх нуур мужийн монгол гээд хэлэх нь бас тийм оновчтой нэрийдэл биш юм. Учир нь Хөх нуурт л гэхэд гурван өөр түүхтэй, гурван өөр монгол угсаатан амьдардгийн нэг нь л Дээд монголчууд юм. Нөгөө хоёр нь Цагаан Монголчууд болон Баоаньчууд болно. Энэ гурван Монгол угсаатнуудын алиных нь тухай ярьсан зах залгаа Гансу мужийн тухай бас дурдах шаардлагатай. Тэдний зарим засаг захиргааны нэгжийн хувьдаа Гансу мужид багтах нь нэлээд бий. Энэ хоёр мужид нийлээд Цагаан Монголчуудын хүн ам 150 000 орчим, Баоань 10 000 орчим, харин Дээд монголчууд 80 000 гаруй, үүнээс 70 000 гаран нь Хөх нуурт үлдсэн нь Гансугийн Сүбэй суманд бий.

Товчхон дурдахад, Цагаан монголчууд 13-р зууны 1227 оны орчимд энэ газар дайлаар ирсэн Сүбэдэй жанжны цэргүүд гэлцдэг. Баоаньчуудын түүх тодорхойгүй боловч Цагаан монголчуудынхтай төстэй гэж судлаачид таамаглажээ. Тэд аль аль нь өөрийн бичиг үсэггүй боловч монголоор ярьдаг хэвээрээ. Дээд монголчуудын хэлэхээр тэдний дунд нэг сар суухад монгол хэлтэн хэн боловч төвөггүй ойлголцдог болно гэдэг. Нэгэнтээ Хөх нуурт гурван монгол бий тул Хөх нуурын монгол гэвэл чухам хэнийг нь хэлж байгаа нь тодорхойгүй нэрийдэл болчихно. Харин миний энд танилцуулах гэж байгаа угсаатан бол Цагаан монгол, Баоань биш харин Дээд монгол билээ.

Дээд монголчуудыг Хошууд гээд шууд нэрлэвэл бас л учир дутагдалтай. Учир нь Дээд монголчуудын дунд олонх нь хошуудууд мөн боловч бас цорс, торгууд, цөөхөн халхчууд ч бий. Тэдний түүхийн хувьд гэвэл монголчуудын мэдлэгт хамгийн ойрхон буух мэдээлэл бол Цогт Тайж уран сайхны кино юм. Энэ түүхэн кино яг л Дээд монголчуудын Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. 17-р зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр үеийн шарын шашны тэргүүн 5-р Далай ламын байр суурийг хөдөлгөж эхэлсэн гэдэг.
Яг л энэ мөчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотроо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядан байх тэр мөчид 5-р Далай лам дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь багтаж ядалцаж байсан тэдэнд аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шигээр Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Харин Цогтын удам ийнхүү цөөхөн хэдэн халх болж энэ газар үдлсэн нь энээ. Үүнээс хойш Төрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш Хаан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гүш хааны ач Лувсандазан Манжийн ноёрхлын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан үндэстний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй ээ.

Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бүлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хүн Хуангнан Жэүд байдаг харин нөгөө үлдсэн нэг бүлэг нь олонх нь Хайши Жэүд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэү болон Найбэй Жэү буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бүлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогүй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгүй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол үсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ. Манай монголчуудын нэг маш бүдүүлэг нэгэн алдаа бол биднийхээс жаахан л ондоо аялгатай ярьж байвал монгол биш гэсэн ойлголт юм. Цаашилбал, энэ бидний социaлизмийн үед олсон их бага ястай болж талцан мөргөлддөг буруу зуршлаас болсон.

Манай улс дахь бага ястнууд маань хавчин гадуурхагдахгүйн эрхэнд, халхчуудын наадам шоглоом болохгүйн тулд өөрсдийн хэл аялгаа хаяж халх хэл aялганд суралцсаны хар гайгаар бид өнөөдөр монгол л бол бидэн шиг ярих ёстой гэдэг бүдүүлэг ухаанд нэвтэрсэн юм. Үнэндээ бол ямар ч хэл олон нутгийн aялгатай байх нь жам ёсны хэрэг бөгөөд ингэснээрээ тэд гадуурхагдах нь огтхон ч байж болшгүй хэрэг. Харин ч Дээд монголчуудын дунд бидний өнөөдрийн оросжиж европжсон хэлийг бодвол уугууль байгуудаараа хэрэглэгдэж буй үгсийн сангийн арвин сан хөмрөг бий. Орчин үед гарч ирсэн орос үг монгол арвин байдаг шиг хятад төвд үг элбэг байх нь ч ойлгомтой. Түүнчлэн биднээс дутуугүй олон хүн Төвд нэртэй байх нь ч элбэг.

Дээд монголчуудын амьдарлын хэв маяг нь манай малчдын нэгэн адил бэлчээр сэлгэж, ууланд оторлож жилдээ наад зах нь таван удаа буурь сэлгэн сарлаг, тэмээ хөлөглөн нүүдэллэдэг. Төвд, хятадуудад шахагдан хамгийн бэлчээр муутай гэгдэх Цайдамын хотгор дахь цөлөрхөг газар шахалдан бууж бэлчээр хомсдсон тул хонь, ямаа голдуухан маллаж, үхэр, сарлаг, тэмээ, адуу аль болох цөөхөн байлгахыг хичээнэ. Цайдмын талаар монгол гэрүүд хамгийн багаар хоёр километер дутамд байх бөгөөд дөхөөд очвол зундаа айл бүр гаднаа гурван гэртэй, том цагаан гэр нь зочны гэр, бага бор гэр хоол сүү цагааны гэр, харин дунд гэр нь тэдний гол амьдардаг гэр байна. Гэрт яваад орвол эсгийн үүдтэй, газар давтан тэгшилж эсгий ширдэг дэвссэн монгол айл байх нь тэдний хувьд бол энгийн хэрэг харин ийм байна гэж төсөөлж байгаагүй бидний хувьд хачирхалтай бахархалтай санагдана.
Дээд монголчууд монгол улсын хүн ирсэн гэхээр чимээгээр бүгд ирж харахын хүслэн болж нэг л олон жил уулзаагүй ах дүү, төрөл садан, анд нөхөр ирсэн мэт догдлох нь альч айлд орсон мэдэгдэнэ. Монгол л юм хойно хоймроо залж цай хоол болон мах чанаж, шинэ хонь гаргахдаа тулдаг нь хамгаас ихээр хүндэтгэж байгаагийн илрэл билээ. Арга ч үгүй дээ бараг бүх л Дээд монголчуудын хувьд хамгийн анх удаа уулзаж байгаа тэднийхээр бол “жинхэнэ монгол хүн” юм хойно гайхаж бахадмаар болдог биз. Тэд бусад монголчуудаас тасарч ирээд 350 орчим жил болоход анх удаа Дээд монгол малчин айлд ирж байгаа хүн нь судлаач миний бие болж таарсан юм. Манай 1930-аад оны төгсгөлд болсон эсэргүүний үеэр дүрвэж дутаасан хэдэн лам нараас ондоо хүн энд бараг ирж байсангүй ээ. Ирсэн ч байлаа гэсэн малчин айлд саатаж буусан нь цөөн биз, хот газар үзээд, бурхан номонд бараалхаж хүрээ хийдээр л ороод гараа байлгүй. Зарим нэг нь ихэд гайхаж чухам яагаад манай энд хүрээд ирэв гэж дахин давтан итгэж ядан асууж гайхаж суух буюу нүдэнд нь танай улсаас биднийг тоож хэн ч хэзээ ч ирээгүй, ирэхгүй гэсэн гоморхон нутгаа мөрөөдсөн харц байх нь хотод яваад эргэж ирдэггүй хүүгээ хүлээж цөхөрсөн хөдөөгийн нэгэн настан эхийг санагдуулна. Түргэн зантай нэг нь энэ санаагаа шулуухан хэлж талархаж, баярлаж, бахдаж байгаагаа хэлэн гар чанга атгах нь ч тохиолдоно.
Барууны орнуудаар тэр буман хятадын нэг нь гэж үзэгдэн гоочлуулж эсвэл хятад, япон, солонгос, америк, европчуудын хувьд дэлхийг тэртээ нэгэн цагт алж хядаж мориний туурай дор давтсан зэрлэг бүдүүлэг балмад харанхуй хүмүүсийн удам, хөгжиж ядаж байгаа ядуу орны иргэн гэж адлагдаж явсан миний хувьд гэртээ ирснээс өөрцгүй санагдаж билээ. Хотод ч ялгаагүй оюутны зөвлөлийнхөнтэй уулзахаар очиход хүлээж догдолсон хэдэн залуучууд угтаж билээ. Хожин анд нөхөд болоод сонсоход монгол улсын хүн ирнэ гээд костюм өмсөж зангиа зүүгээд догдлон хүлээж байснаа өгүүлж байсан юм.

Ингээд л нөгөө олон асуултууд өрнөнө. Энд ирсэн монгол хүн цөөхөн байдаг шиг Дээд монголоос Монгол Улсад очиж үзсэн хүний тоо хуруу дарам цөөн байдаг. Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ. Хамгийн түрүүнд хүмүүс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан танайхан ингэж чам шиг ярьдаг уу, бидний ярьж байгааг мэдэж байна уу гэхчилэн асууна. “Жинхэнэ монгол хэлийг” ойлгож тэдний хэл ч биднийхээс их зөрөөгүйгээс “бид бас монгол хэвээрээ байгаа юм байна” гэж найдвар тасарчаагүйгээ олж мэдсэндээ догдлон хэдэн зуун жил бичиг үсэг, хэл, соёлоо хаягүйгээрээ бахархана. Монол бичгээр бичсэн ном гаргаж ирэн “энийг гаргах уу” гэдэг л хамгийн аймшигтай асуултуудын нэг байлаа. Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль гэж нэг жижигхээн хувийн сургуульд гурван жил лекцээ монгол бичгээр бичиж төгссөндөө баярлахын сацуу бид ямар үнэтэй юмаа хаяж энэ д асуултанд гадаадад явж байгаа олон монголчууд маань байнга унадагт харамсмаар санагдана. Цааш нь тэгээд танай улсад малчин олон байна уу, айраг цагаа элбэг үү, бэлчээр хүрэлцээтэй юу, малаа туугаад очиж болох уу гэхчилэн сонирхоно.

Миний амьдарч байсан Зүүн Хошуу болоод орчмын нутаг баян таргандаа тооцогдох бөгөөд нэг айл дунджаар 600-700 малтай (үүнээс ихдвэл бэлчээрийн даац хэтэрнэ), өвөлжөөндөө 2-3 өрөө өвлийн байшинтай, дулаан малын хашаатай, хятад, хотон эсвэл төвд малчинтай, машинтай, мотоциклтай, цахилгаан үүсгүүр мотортой, нарны туяагаар ажилладаг гэрэлтэй, кабелийн олон сувагтай зурагттай, ҮCD тоглуулагчтай, гар утастай, гэртээ утасгүй антениар долгион хүлээн авч дамжуулдаг суурин утастай, ямаа, тэмээний ноoлууран хөнжилтэй тэр нь бараг манай зарим хотын айлаас цэвэрхэн тийм л айлууд байдаг. Энэ бол баян айл биш харин амьжиргааны дундаж түлшин юм. Мэдээж ядуухан айл байлгүй яахав, малаа бараад модоо барсан нь цөөхөн боловч таарна, гэхдээ Хөх нуур мужийн төв Шинин хотод гуйлга гуйдаг, хятад, хотон, төвд олон үндэстнүүд байвч монгол байдаггүйд тэд бахархана.
Бидний л нөгөө дутаад үгүй болоод байна гэх настнаа хүндэтгэж нялхасаа хайрладаг тэр ёс хэв хэвээрээ байх нь сайхан. Бид монголд хөдөө судалгаагаар явахад сум, аймаг орон нутагт согтуу “нутгийн индианууд” нэг бус удаа тааралдаж төвөг чирэгдэл болдог тэр суртахуун огт үгүй. Гадны зочинг хүндэтгэж тусална уу гэхээс ая тухыг нь алдуулах нэг ч алхам гаргахгүйг хичээх нь бидний яриад байдаг жинхэнэ монгол зочломхой ёс байлаа. Айлд морьтой яваад очиход гэрий эзэн эзэгтэй хоёр үүдэндээ гарч угтаж авах бөгөөд арай залуу эсвэл хүүхэд нь нь ирж зочноо мориноос нь буулгаж морийг нь уяан дээр аваачиж уядаг монгол ёс маань тэнд л байдаг байна. Энэ мэтчилэн тэднийг биднээс ч илүү монгол гэдгийг тоочоод баршгүй ээ.

Тэдний ирээдүй энэ амьдрал шигээ гэрэлтэй бишээ. Тэдний нэгэн хэсэг нь нүдэн дээр нь харсаар байтад хальж урсаад Төвд болчихсоныг тэд маш сайн мэднэ. Төвдүүд тэднийг бэлчээрийг булаан дайрч үндэстний тооны олноор сэгээ сэтгээгүй шахаж гадуурхаж байгааг ч мэддэг. Бидний төвдийн тухай төсөөллөөс тэс ондоогоор Төвдийг тэд дайснаа мэт харахаас аргагүйд хүрчээ. Нэг л өглөө хувьчлаад авчихсан өвөл, зун, хавар-намрын бэлчээрийнх нь аль нэг дээр буланд нь төвдийн хар “банаг” (сарлагийн хялгасаар сүлжиж нэхсэн дээвэртэй төвдийн асар) барьчихсан хэдэн сарлагаа бэлчээчихсэн байдаг ажээ. Хэлээд нүүхгүй долоо хононо, сар болно, жил болсны дараа “энэ чинь миний бэлчээр” гээд нүүдэггүй гэнэ. Дарга цэрэг болоод заргалдвал бүгд төвд, хятад дарга нар тул аргагүйн эрхэнд бэлчээрээ алдана. Ийм түүх олон гардаг тул төвд, монгол, хятад гурав газрын төлөө жинхэнэ тулалдана, зодолдоно, ингээд үрэгдсэн алуулсан хүмүүс ч олон бий.

Хөдөө суух цөөн тоот үндэстэн тул хоёр хүүхэд л гаргана. Хоёр хүүхдийн нэг нь л тусдаа гараад мал, бэлчээрээ өвлөн үлдэнэ. Мал байвч бэлчээр үгүй нутагтаа үлдэж малчин болж монголоороо үлдэх боломжгүй тул нөгөө нэг нь хот орно сургуульд сууна, ажил олж хийнэ хятад болно. Аль сайн ажил олж хийнэ төдий чинээ хятад хэл бичиг соёлд нэвтэрхий байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, Дээд монголд монгол хэвээрээ үлдэнэ гэдэг бол малчин байнаа эсвэл сумын бага сургуульд багш болно л гэсэн үг. Үүнээс илүү хөгжил гэдэг бол тэдний хувьд хятад болно гэсэн үг. Тэдэнд монголоороо үлдэх сонголт үгүй, харин төвд эсвэл хятад болох сонголттой. Олон хүмүүс нэгэнтээ нэг юм болох ёстой монгол байж чадахгүйгээс хойш хөгжиж хүчирхэгжиж байгаагаар хятад болох сонголтыг өөрийн эрхгүй хийнэ. Үүнд хятадын буруу ч байхгүй. Энэ улс хөгжлийнхөө жамаар л хөгжиж байна. Даяарчлал хотжилт бүх дэлхий нийтэд явагдаж байгаад хятадыг буруутгах аргагүй. Харин хотод монгол сургууль гэж үгүй. Наяхан мянган монголд хэн сургууль байгуулах зөвшөөрөл өгөх вэ дээ. Өглөө ч гэсэн монгол дунд сургууль төгссөн хүүхэд тэр олон хятадтай уралдаад сайн сайхан мэргэжил амьдралд чадах билүү. Харин хятад сургуульд нь суугаад хятад болоод үзэлцвэл хавьгүй дээр болно. “Хар Төвд нэг боллоо, хар Хятад хоёр дахиа болох тавилантай юмуу бид” гээд миний өмнө нулимстай хэлсэн Дээд монголчууд хэд байснийг хэлээд яах билээ.

Ингээд монгол гэдэг нэртэй болгон хомсдоод, хавчигдаад үгүй болоод ирэх тусам төдий чинээгээр түүндээ хайртай болж, хүсэж үгүйлэх нь ихсэж, бие сэтгэл, явдал суудлаараа улам монгол байхыг эрхэмлэдэг ажээ. Яг л ийм болохоор Монгол Улсад үхэхээсээ өмнө очиж үзэх чин хүсэлтэй хүмүүс маш олон. Энд Дээд монголчууд ингэж суухад тэнд тэдний “монгол” гэдэг нэрээр нэрлэгдсэн бүхэл бүтэн улс байх нь юутай сайхан юутай бахтай. Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтай муудалцвал “дэлхий дээр Төвд гэдэг нэртэй улс байдаггүй харин Монгол гэдэг нэртэй улс байдаг” гэж омгорхож ганц дуугүй болгодог гэдэг. Хөх нуурт очтoлоо би өөрийгөө хэрдээ үндсэрхэг үзэлтэй, эх оронч гэж бодож байлаа. Харин одоо бол огт үгүй. Дээд монголчуудтай харьцуулвал миний үндэсхэрхэг үзэл хаана нь ч хүрэхгүй. Үндэсхэрхэг үзэл гэдэг яг л энэ мөчид туйлдаа хүрдэг бололтой.

Ийм их сэтгэл өвөрлөн тэдний аз нь шовойсон нэг нь Монгол Улсад очино. Харин бид өмд гутлын хэрүүлээ хийж нөгөө л өчүүхэн мэдлэггүй ухамсраараа тэднийг “хужаа” гэж хэнэг ч үгүй гадуурхаж биднийг чинь сэтгэлээсээ дэмжигч таван сая хагас хүнийг өөрөөсөө түлхэж байдаг нь өвөр монголын хүн судлаач эрдэмтэн Урадын Булагийн “халх төвтэй нэгтгэн нийлүүлэгч бус харин түлхэн гадуурхаж задлан бутаргах” үндэсхэрхэг үзлийн онол өөрийн эрхгүй санаанд орж ирж байна.

Дүгнэлт

Дээд монгол бол Дундад Улс дахь бусад монголчуудын ганцхан жишээ бөгөөд цаашид бид таниж мэдэж байвал зохих олон монгол угсаатан байгаа. Энэ асуудал Дундад Улсаар зогсохгүй дэлхийн бусад улсад, хамгийн наад зах нь Орост буй, Халимаг, Буриадуудын асуудал мөн юм. Үүнээс үзвэл бидэнд бусад монголчуудаа танин мэдэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнд нийгэм-соёлын хүн судлалын ач холбогдол яахын аргагүй шаардагдана. Ийнхүү гүнд нь орж мэдэрсэн ямар ч монгол хүн дахин “хужаа” гэдэг үгийг хэлэхдээ болгоомжилдог бас тэгж хэлж байгаа хүнээс ичдэг болох байхаа. Тэд биднээс юу ч хүсээгүй ээ, зөвхөн “хужаа” гэдэг үгээ зөв хэрэглэж сурaхыг л хүсэж байгаа.

Advertisements