Наян нэгэн оныг дурсахуй – Намина

Posted on 2010/03/15

0



Би нэг найзаасаа: “Наян нэгэн оны сурагчийн хөдөлгөөнийг аль нэг өдрөөс эхэллээ гэж гзвэл таарах вэ? Бид тэр өдрийг тэмдэглэвэл яасан юм бэ? гэж асуулаа. Жаран жилийн колоничлолоор дамжин бид өөрийн гэсэн баяр дурсгалын өдөр байхгүй, Чингисийн мэндэлсэн “4 сарын 16”-ны нийт Монголчуудын баярын өдөр болгоё гэсэн сануулгыг цөөхөн хэдэн Монголчууд мэр сэр ярилцдаг боловч албаны талд одоо болтол жинхэнэ баярын өдөр болж мэдэгдээгүй байсаар. 8 сарын 15”-ны Монголчуудыг хядсан хядлагаас ирэлтэй энэхүү баярыг өдрийг Хятадууд өнөөдөр улсын албан ёсны баяр болгож бүх улсаараа, “нэг гэр бүл” болсон 56 үндэстэн хамтаараа тэмдэглэх болсноос Монголчууд бид ч еэвэн идэн баясан шигуа хагалан хөөрөлдөж түүх гэдгийг ор тас мартаж еэвэнг нь идэхэд хоолой зурахгүй шигуа идэхэд шүлсэндээ хахахгүй л байлаа. 118 квадрат километр нутагтай “ӨМӨЗО” гэж нэрлэгдэж байгаа оронтой үндэстэн өөрийн гэсэн нэг ч баяр дурсгалын өдөр байдаггүй нь сонин бишүү?! Өөрийн гэсэн баяр дурсгалын өдөргүй тул хүний баяраар баярлаж хүний өдрийг тэмдэглэж сууж дассан улс болоод “баяр”-тай “жаргал”-тай амьдарч л байна. Тэгэхээр наян нэгэн оны “сурагчийн хөдөлгөөн” аль нэг өдөр үүссэн нь чухал биш тэр хэргийн нэг өдрийг тогтоон тэмдэглэх уриалгыг бүх Монголчууддаа гаргавал ямар вэ гэсэн санаагаар би найзаасаа ахин дахин асуун шалгаадаг болсон билээ. Бид өөрийн гэсэн түүх дурсгалын өдрөө өөрөө тэмдэглэе гэсэн ухамсартай болцгооё. Тэгвэл түр зуур ч гэсэн коммунист намын онолын хүлээслэлээс мултардаг болов уу гэсэн хүсэл минь хий горьдог биш болох ёстой нь зүй ёсны биз! “Сурагчийн хөдөлгөөн” гэж нэрийдэгдсэн Хятадын колоничлолыг эсэргүүцсэн жаран хэдэн ер бусын өдөр нь Өмнөд монголын түүхэнд гялалзам хуудас болон үлдэх ёстой юм. Энэхүү өнгөрөн одоод 27 жил болж байгаа түүхийг минь Монголчууд илээр дурсах байтугай ярьж болдоггүй байна. Жил жилийн намрын энэ өдрийг ямар ч дуулиагүй өнгөрөөж түүхэндээ осолдож байгаа Монгол хүний орыг бүү бөглөе гэж, Монголчууд өөрийн түүхээ өөрөө дурсгаж өөрөө тэмдэглэх чухалтай цаг үе ирж байна гэдгийг Монгол хүн болж төрсөн хариуцлагын өмнөөс уриалж байна. Хятадын зогсоо жолоогүй нүрэлт мяралтыг эсэргүүцсэн энэхүү хөдөлгөөн нь Өмнөд монголчуудын колоничлолын эсрэг тэмцлийн түүхийн хоосныг нөхвөрлөж XX зууны Монголчуудын шандас дорвийг харуулж чадсан байна. 1981 оны 8 сард Хятадын коммунист намын төв хорооноос гаргасан тус хэргийн шижим болсон “28-р бичиг материал” нь Хятад цагаачдыг хориглохгүй мөртөө харгалзал үзүүлэхийг шаардаж мянган түмээр орж ирж бэлчээр нутгийг шахаж Монголчуудыг амьдрах орон зайгүй болгож тал нутаг эвдэгдэж байгаа байдлыг үл хайхран Хятадуудын үргэлжлэн их хэмжээгээр нүүдэллэн орохыг зоригжуулж байлаа. Эрхтэй байгууллагад нэр дээрээ “Хоосон харгалзал”-ыг үзүүлэх төрийн бодлого явуулах гэсэн нь нүүрэн дээрээ Хятад кадрыг хэрэглэн “өөртөө засах” эрхийг бүрмөсөн хасах гэсэн хуйвалдаан болно. Тухайн үеийн Өвөр Монголд 22 Хятад шиан, 56 Монгол хошуу байж байсан. Хорчин баруун гарын дунд хошуу болон Хорчин зүүн гарын дунд хошууг гаргавал бусад нь цөм Хятад хүн ихээхэн тоог эзэлсэн байна. Хэрэв “Хятад хүн олон газар Хятад кадр тохируулж Монгол хүн олон газар Монгол кадр тохируулна” гэсэн 28-р тоот бичиг материалын зориг санаагаар бол Монгол кадртай хошуу өвөр Монголд хэд үлдэнэ вэ гэдэг нь тодорхой болно. Жилийн өмнө Ху Яаобан 31 тоот бичиг материал буулгаж: “Төвдэд эл этгээдийн нэвтрэн орохыг чанга хориглоно” гэснээр жилийн дараа цөөн тоот үндэстнийг “харгалзах” 28-р тоот бичиг материалыг Монголчуудад доромжлон “шидсэн” байна. Ийм гутаал доромжлолыг тэвчих нь үндэстэн ястныхаа өмнөөс хариуцлага алдаж байгаа хэрэг болно. Ингэхээр Монголчууд минь боссон юм. Мянга мянган Монгол оюутан залуус босолцсон юм. Мянга мянган оюутан залуусыг дамжин түг түмэн Монголчууд боссон юм. 1981 оны 9 сарын 10-ны өдөр, Өвөр монголын их сургуулийн 10 сурагч Өвөр монголын намын хорооноос асуулга асуухаар тухайн үед орны нэгдүгээр шүжи байсан Жөүхуйтай уулзахаар очсон боловч ард түмнээс айдаг, үнэн ёсноос хулчганадаг колоничлогчидтой адил өвчин туссан “ӨМӨЗО”-ны хамаг том ноён гартаа зэвсэггүй хэдхэн сурагчидтай нүүрдэлгүй зугтаасан байна. Тэр сурагчийн хөдөлгөөн дуусан дуусах болтлоо сурагчидтай уулзсангүй мөртөө сурагчдад “Үндэстнийг хагацуулж байна, намын төв хороог дайрч байна …” гэх зэргийн ял нөмрүүлэн, сурагчийн хөдөлгөөнийг гүтгэж хар хортойгоор дарах шалтаг үүсгэх өдий төдий хуйвалдлага хийж, хөдөлгөөний дарга шүд зуун өшөө авч өдий төдий хүмүүсийг баривчилсан байна. Хэрэв соёлын хувьсгалын үеийн Тэн Хайчин бол жинхэнэ яргачин мөн гэдгийг Монголчуудын цуст түүх дүгнэсэн бол Жөүхуй бол Монголчуудын оюун санааг үл үзэгдэм хутгаар хяргасан бас нэгэн “яргачин” болох юм. Колончлогчийн яс чанар ямар байх, оюун санаа нь хэр зэрэг бузар муухай гэдгийг тэр хөдөлгөөний бүх явцад биеэрээ тоглож үзүүлсэн юм. Хоёр өдрийн дараа даруй 9 сарын 12-нд Хөх хотын олон их сургуулийн 2000 илүү Монгол сурагчид Хөх хотын Шинхуа их талбайд яриа илтгэл хийн жагсаал болсон байна. Тэгэхээр энэ өдрийг бид Өмнөд монголчуудын колоничлолын эсрэг тэмцлийн эхлэлтийн өдөр гэж тэмдэглэж болох уу? Монголчуудын сэхээрлийн өдөр гэж дурсгаж болох уу? колони орны ард түмний коммунист дэглэмийн харанхуйтай зарласан дайны эхлэлт гэж үзэж болох уу? Хөдөлгөөн өргөжиж 10 сарын 22-нд хичээл хаях хөдөлгөөн болж сурагчид “Бүх орны ард түмэнд мэдэгдэх бичиг” тарааж, тус бичигтээ, тэд Өвөр монголын ардын намын хорооны 28 тоот бичиг материалыг тайлбарлуулах гэсэн төв ёсны шаардлагыг намын төв хороог дайрлаа гэж гүтгэсэн, Шилин хотоос гарсан “хагацуулах агуулга”-тай ухуулгын хуудсаар гүтгэж хэрэг нөмрүүлсэн тухай тодорхойлсон байна. Энэ удааны хичээл хаялт болон сүрт жагсаал нь нийгмийн эл этгээдийнхний дэмжлэгийг олж сурагчдын хөдөлгөөнийг дэмжих хөдөлгөөн бүх орныг хамарсан байна. Хөх хотын соёлын хувьсгалд хилсээр цохигдон тамлагдсан ард ил захидлаар сурагчдын хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Сөнид зүүн хошууны хошуун дарга Содов, чухалтай үед малчдыг зохион байгуулж хот орж сурагчдын хөдөлгөөнийг дэмжих гэсэн санаагаа илэрхийлсэн. Баарин баруун хошууны багш дэмжлэгийн захидал бичин дэмжсэн. Түмэд хошууны Монгол ард 300 гаруй машин бэлдэж сурагчдын хөдөлгөөнийг дэмжсэн. Хотын болон бусад газрын хорь гучин байгууллага нэгж, нийгэм аж ахуйн нэгж Өвөр монголын намын хороонд захидал бичин сурагчдын хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна бүх хотын Монгол кадр ажилчдын нийтийн дэмжлэгийг олсон байна. 10 сарын 29-ны үдийн хойно хэдэн мянган сурагчид өв тэгш их ёслол хийж Өвөр монголын их сургуулийн Бай Лиаоюунь, Монгол үндэстний тусгай мэргэжлийн сургуулийн Хоу Жирүн, Үндэстний багшийн сургуулийн Наранбилэг, Багшийн их сургуулийн Зоригт, Эмнэлгийн их сургуулийн Юй бао, Тариалангийн их сургуулийн Алтандалай зэрэг 6 хүний төлөөлөгчийн бүлгэмийг Бээжинд мордуулсан байна. Тэд “28-р тоот бичиг материалыг хүчингүй болгох, цөөн тоот үндэстэн хууль цаазад тогтоосон өөртөө засах эрхийг үнэнхүү эдлүүлэх” гэсэн шаардлагын бичгийг өргөж 6 хоног хүлээгээд, 11-ний өдөр Хятад улсын намын төв хорооны албан гэрийн нарийн дарга Чэн Сиюань, улсын үндэстний хэрэг эрхлэх газрын дарга Ян Дуншэн авч уулзсан байна. Тэд сурагчдыг буруутган шүүмжилж: “Намын төв хорооны 28 тоот бичиг материал бол Өвөр монголын 21 тоот бичиг материал бол зөв оновчтой юм. Сурагчид хэрэг татаж байгаа нь буруу. Гэвч одоогоороо түргэн харьж хичээлээ эхлүүлвэл хариуцлага нэхэмжлэхгүй” гэсэн байна. 10 сарын 13-нд Өвөр Монголд эсэргүүцэл мөн идэвхтэйгээр өрнөж их сургууль дунд сургууль, бага сургууль ажилчид ажилтныг хамарсан их хөмжээний жагсаал болсон байна. Тэд “Өөртөө засах эрхийг минь буцааж өгөхтүн!”,”Үндэстний оршин тогтнох эрхээ тэмцэн олъё” гэх мэтийн уриа хашхирч өөрийн эсэргүүцлээ илтгэж байлаа. 6 төлөөлөгч Бээжинд байх нь ямар ч үр дүнгүй тул шууд аван тулвал үрэгдэл сүйдэл гарч болзошгүй хэмээн тухайн үеийн эрх баригчдаар дарангуйлах шалтаг оруулахгүйн тулд тэмцлийг алгуурлуулах үүднээс хичээл эхлүүлэх цахилгаан мэдээг илгээх болов уу гэсэн шаардлага тавьсанд зөвшөөрсөнгүй байна. Гэвч хэдэн төлөөлөгчийн өлсгөлөн зарлах гэсэн шийдвэр болон даралтын доор төв хороо нь арга бус зөвшөөрөөд хичээл эхлүүлэх агуулгатай цахилгаан мэдээ илгээгээд Монгол сурагчдын 6 төлөөлөгч 11 сарын 15-нд буцсан байна. Ингээд хоёр сар илүү үргэлжилсэн сурагчийн хөдөлгөөн өндөрлөсөн байна. Хэргийн дараа Жөүхуй зарлиг буулган Ван Жианши, Муунохой, Хөхбуян зэрэг хүнийг баривчилж, Ван Жианшид 2 жилийн ял оноож, гянданд тамлан алсан байна. Жөүхуй сурагчийг баривчлан хэргийг нэхэмжлэн ихэсгэх гэж оролдсон боловч Хуй Яаобангийн сурагчийг баривчилж болохгүй гэсэн зарлиг болон эл талын даралт доор сурагчдыг их хэмжээгээр баривчилж чадсангүй гэвч хувийн эвхмэлд нь үүрдийн “ял” болгон хар данс тэмдэглэн өгчээ. Энэхүү “хар данс” нь эдгээр сурагчдыг насан туршдаа амьдрал ажил үйлсэд нь цаг ямагт хавчил дарлал учирхын үндэс болсон байна. Тэс удааны сурагчийн хөдөлгөөн нь хэдийгээр анхны санаачилсан зорилгодоо хүрч чадсангүй боловч тэр нь омтгойлж болшгүй ач холбогдолтойгоороо түүхэнд үлдэх ёстой: БНХАУ байгуулагдсаны дараах анхдугаар удааны цөөн тоот үндэстний колоничлолын ноёрхлыг эсэргүүцсэн бүх ардын тэмцэл болно. Тэр нь соёлын хувьсгалын Монголчууд дахь хядлагын дараах хүмүүсийн ухаарал сэхээрлийг харуулж байх юм. Мөн ч Хятадын коммунист намын цөөхөн тоот үндэстний төрийн бодлогын хуурамч чанар болон колонийн орны мөн чанарыг илчилсэн их Хятадын шавин үзлийг эсэргүүцсэн Монголчуудын бослого юм. Хятадын коммунист намыг эсэргүүцэх үндэсний тусгаар тогтнол ба эрх чөлөөг тэмцэн олох хүчний бүрдлийн суурийг тавьж өгсөн байна. Өдий төдий Монголын шилдэг үрс Хятадын коммунист намын туйлбартай ангижирч үндэстэн ястнаа чөлөөлөлтийн тэмцлийн аяныг сонгосон юм. Муунохой зэрэг ахмад нэг үеийнхэн үндэстнийхээ ашиг тусын өмнөөс коммунист намын эсрэг аван тулан хариуцан босон залуу нэг үеийнхэндээ дууриал болсон байна. Өвөр ардын намын дарга Тэмцэлт бол яг энэхүү сурагчийн хөдөлгөөнд цойлон гарсан удирдагчийн нэг юм. Өмнөд монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулж одоо Хятадын гянданд байгаа Хадаа бол тус удааны сурагчийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцож өөрийн үзэлт зогсолтоо боловсруулсан одоо үеийн үндэстний баатар болох юм. Хуучинхүү багшаар авч хэлсэн ч энэхүү хөдөлгөөн нь түүний ертөнцийн үзлийн бүрэлдэл ба өртгийн үзлийн хэвшихэд нь суурь болж өөрийн үйл ажиллагаа болон үг яриа үзэл санаагаараа залуучуудаа ухааруулж байх юм. Хэчнээн олон жилийн хяхалт шахалтад нугаршгүй хатан зоригоор тэмцэж байгаа Наранбилэг багш ч өөрийн хийж байгаа үйл ажиллагаагаараа өөрийн хүсэл тэмүүллээ харуулж чадсан байна. Эдгээр содон хүмүүсийнхээ нөлөөгөөр өнөөдрийн Өмнөд монголын хүний эрхийн үйлсийн гавьшгайлагч болох Бахаа, Насанбат, Оюунбилэг, Энхбат … зэрэг хүмүүс цолгорон гарсан байна. Дэн Лайгэ, тус удааны сурагчийн хөдөлгөөн нь: БНХАУ-ын түүхэн дээрх цөөн тоот үндэстний сэхээрэл болон ардчиллын хөдөлгөөний түүхэн дээрх цаг үеийг заагласан ач холбогдолтой гэж үзэж байна. Тэр нь хэдэн арван жил дарлагдан колоничлогдсон цөөн тоот үндэстний анхны эсэргүүцлийн дуу болох мөртөө Монгол үндэстний их Хятадчилах үзлийн эсрэг тэмцэл хийсэн оюун ухаан, зориг цөс болон сүр хүчийг харуулж чадсан байна гэж үзэж бас Бай Лиаоюань, Тэмцэлт зэрэг сурагчдын хөдөлгөөний удирдагчдын зөв жолоодлого ба тухайн цаг үеийн зөвөөр задлан ухаалаг, тэвчээртэй, даамгай мөртөө урлагаар хандснаар өөрийн хүчээ талаар сүйтгэх харсалт хувь заяанаас мултарч чадсан мөртөө ирээдүйд тэмцэх хүчээ хадгалж чадсанаараа ардчиллын хөдөлгөөнд ховор нандин туршлага хуримтлуулж өгсөн байна гэж үнэлсэн байна … Жил бүрийн 365 хоног ямар ч чимээ шуугиангүйгээр, бидэнд түүхээ санагалзах орон зай үлдээлгүй өнгөрөн одож байна. Тэдгээр аниргүй одсон, дөжрөл минчүүрмэлийн дунд өнгөрүүлсэн өдөр хоногуудад, Монголчууд бидний өнгө гэрэл, гутамшиг, зовлон, жаргал, сургамж, сэнхрүүлтэл хадгалагдаж байдаг. Тэгэхээр үл мэдэг өнгөрүүлэх шилдэг, хэнэггүй өнгөрүүлэх учир байх ёсгүй. Монголчууд бид энэхүү 1981 оны 9 сарын 12-ны өдрийг цээжилж явъя! Түүх болж өнгөрсөн тэдгээр ер бус өдрүүдээ цээжилж дурсгаж тэмдэглэж явья! Тэдгээр амь үрэгдсэн, хавчил дарлалд учирсан, харь оронд цагаачилсан, үндэстэн ястан гэж зовж зүдэж явсан Монголчуудаа өр зүрхэндээ санагалзан дуусаагүй үйлсийн дуусахгүй аянд эрэмгийлэн орцгооё!

Advertisements
Posted in: Түүх