Нэг нь олон уу, арав нь олон уу?

Posted on 2010/03/15

0



“Малтаж арилгах хөдөлгөөн”-ний мөн чанарыг сүвэгчлэх нь Олхунууд Дайчин

Нэг. Нэг нь олон уу, арав нь олон уу? “Нэг нь олон уу, арав нь олон уу?” гэдэг бол бага сургуулийн доор оны хүүхдийн хариулж дийлэх тоо бодлогын дөхөм асуудал болно. Энгийн байдалд, тоо бодлогын үүднээс авч үзвэл хэлэлгээнгүй нэг нь арваас цөөн байж, арав нь нэгээс олон гэдэг нь мадаггүй. Гэвч нийгмийн бодит ахуй амьдрал ба оршиж байгаа үзэгдэл асуудалд хандахдаа бид үүнийг хэрхэн ойлгон тайлбарлах нь харин туйлын чухал мөртөө задлан шинжлүүштэй асуудал болох юм. Намайг бага байхад манай нутагт ийм нэг үнэн үлгэр яригдаж байсныг би одоо болтол тодорхой цээжилж байна. Манай нутаг бол хагас малжих хагас тариалах оронд багтдаг (Тэр үед, цөөхөн тооны малтай бөгөөд бас тариа тарьж амьдардаг тул хагас малжих хагас тариалах орон гэдэг байжээ). Тариалах болоод нэг их удаагүй байсан нь үнэнтэй. Тэр нь дээр зууны далаад оны сүүлч наяад оны эхээр тариан газрыг хувьд дайчлуулж өгсний дараа гарсан үлгэр байсан. Нэг өвгөн тариандаа эрдэнэ шиш тарьж, тариагаа арчиж чих суулгах болсон байтал бас л нарми шиг ягштал ургасан хэвээр нь байлгажээ. Хүмүүс гайхаж, юунд эрдэнэ шишийн чихээ салгахгүй буй гэсэнд өвгөн: “Нэг нь олон уу, арав нь олон уу?” гэж хариу асуусан гэнэ. Үнэхээр дээ, нэгээс арав нь олон. Иймээс өвгөн нэг л чих үлдээх ёстой газар арвыг үлдээжээ. өвгөний бодолд нэг эрдэнэ шиш нь сайндаа хоёр буюу гурав л суудаг, хэрэв арвыг үлдээвэл нэг эрдэнэ шиш нь нэг суухаар бодсон ч арваас арав хураах ёстой. Өнгөн талаас харахад өвгөний ярих нь ёстой. Гэвч тариалхуйн ухааны мэддэг хүмүүст бол өвгөний бодсон нь их л инээдэмтэй болсон нь ойлгомжтой. Эрдэнэ шиш нь нарим шиг ягштал тарьж ургуулдаг биш харин хоёр чихийн хооронд нь тохой шахам зайтай ургуулбал хамаг сайн ургаж, уналт нь ч хамаг өндөр байдаг гэдэг. Хэрэв нарми шиг нь чихийг нь зайгүй ягштал үлдээвэл ургалт нь муудаж, эрдэнэ шиш нь сууж дийлэхгүй буюу суусан ч жижиг байж буцаад уналтаа муудуулдаг. Энд бид тэр өвгөнийг тариалахуйн ёс ухааныг ойлгодоггүй тэнэг хэмээн муулах гээгүй. Тариалах соёлтой ойртоод тийм их удаагүй хүмүүст авч хэлбэл гарч л болох энгийн эндүүрэл хэмээн ойлгож болно. Бидний ярих гээд байгаа нь “нэг нь олон уу, арав нь олон уу?” гэдэг асуудал байж, үүнийг бодит ахуйн дунд хэрхэн ойлгон тайлбарлавал зохих вэ гэдэгт байхгүй юу. Дээрх үлгэрээс авч үзвэл, нэг суурь эрдэнэ шиш ургуулах нь арвыг оруулснаас нэн ашигтай. Ийм байдалд хэрэв арав нь нэгээс олон хэмээн арвыг ургуулбал, тэнэг ажиллагаа болно. Адилхан нөхцөлд нэг ба арвын олон цөөн болон адил бус нөхцөл дэх нэг ба арвын их багын адилтгал нь бүр адилгүй үр дүнд хүрдэг. Даруй тоо болон чанарын зөрүү болох юм. Хоёр. “малтаж арилгах хөдөлгөөн”-ий мөн чанар Дээр зууны жар далаад онд (1966-1976 он) болж өнгөрсөн Хятадын коммунист засгийн явуулсан “Соёлын их хувьсгал” хэмээх улс төрийн хөдөлгөөний дунд, Өмнөд монголчууд ч урьд өмнө гараагүй их хохирол амссан юм. Монголчуудын түүхэн дээрх энх тайван цаг үед, Монголчууд нь ингэж их хэмжээгээр хядагдаж хорлогдсон түүх ер нь байгаагүй нь үнэнтэй. Үүний Өмнөд монголчуудад учруулсан хор хөнөөл нь хэмжээлшгүй их. Бид үүнийг зөвөөр ойлгон таних нь “Соёлын их хувьсгал”-ын дунд Хятадын коммунист намын Өмнөд монголд авсан төрийн бодлого, жич бидний өвөг эмэг, аав ээж нарын харсалт учралыг зөвөөр ойлгох, цаашлан өнөөдрийн коммунист намын засгийн Өмнөд Монголд авч байгаа төрийн бодлогын мөн чанарыг зөвөөр ойлгон танихад ч туйлын чухал дутагдаж болшгүй ач холбогдолтой болох юм гэдгийг ч ухамсарлах ёстой. Хятадын “соёлын их хувьсгал” хэмээх улс төрийн хөдөлгөөн нь Өмнөд Монголд “Улаанхүүгийн хар бүлгийг малтаж арилгах хөдөлгөөн” гэдгээр эхэлж, “Шинэ өвөр ардын хувьсгалт намыг малтаж арилгах хөдөлгөөн” хэмээх нь оргил болсон байна. Дөхөмчлөөд “Малтаж арилгах хөдөлгөөн” гэдэг. “Шинэ өвөр ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн” гэдэг нь “соёлын их хувьсгал”-ын арван жилийн хугацаан дунд авч үзвэл, явагдсан хугацаа нь үнэндээ тийм ч урт биш (1967 оны 11 сар – 1969 оны 5 сар хүртэл) болж, энэхүү охорхон 17 сарын хугацаанд, “Өвөр ардын нам”-ын хилс хэрэгт холбогдон, “Өвөр ардын нам”-аар баригдан тамлагдсан нь гучин түмийг даван, түүнд тамлалтаас болж насны зэмдэг болсон нь найман түмийг хэтэрнэ, шууд тамлагдан үхсэн ба тамлалтаас болж биеэ хорлосон нь арван түмэд хүрсэн байна. Энэхүү охорхон хугацаанд ийм олон хүн холбогдон, ийм олон хүн алагдсан нь яг бидний өвөө эмээгээсээ сонсож байсан 1891 онд Уухан нутгаар чиг болгон үүссэн “Улаан малгайтны урвалгаан”-д Хятадууд нь дөчин хэдхэн хоногийн дотор Монголчуудын 15 түмээр хядаж байсан харанхуй өдрүүдийг бодогдуулна. Гэхдээ адилгүй тал нь тэрхүү цаг үе бол дайн дажин олонтой туйлын тайван бус цаг үе байсан. Тэр үеийн урвалгааныг тухайн үеийн Чингийн төр нь удирдаж байгаагүй. Гэтэл “Малтаж арилгах хөдөлгөөн” бол энх тайван цаг үе үүсгэсэн бөгөөд Хятад коммунист засгийн төв хорооны зориг санааны шууд жолоодлого доор явагдсан нь маш тодорхой. Ойрын жилүүдэд, Хятадын ардчилсан үзэлтэд нь ч хурал цуглаан буюу ном бичигтээ ер нь “Үнэндээ соёлын хувьсгалын дунд манай Хятадууд нэн олон алагдсан” хэмээн, та нар тэр жоохон тоогоо юуных нь энэ тэнд ярьчихсан бэ гэх санаатай юм ярьдгийг олон удаа сонсч, олон удаа харжээ. Үүнээр барахгүй, манайхны Өмнөд монголчуудын заримууд нь бас ухамсартай буюу ухамсаргүйгээр “Үнэхээр шүү, манай Монголчууд малтаж арилгах хөдөлгөөний дунд өсгөж ярихад арван түм алагдлаа гэхэд, хүний Хятадууд бүр хэдэн зуун түмээр алагдсан байгаа шүү, дахиад энэ бол бүр өнгөрсөн учир байхад, бас дахиад хэлбэл, одоо бид намын өөрчлөлт хийж чөлөөтэй явалцах төрийн бодлогын сайнаар бүр сайхан амьдарч байгаа юм биш үү?” хэмээн амны тааваар ч урсгаж гардаг нь нэн хилэгнэлтэй. Тэгвэл бид Хятад Монголын “соёлын их хувьсгал”-ын дунд алагдсан хүний тоог хооронд харьцуулж болох уу? Харьцуулбал чухам яаж харьцуулбал ойлгомжтой вэ? Энэ асуудал нь манай Өмнөд монголчуудад авч хэлбэл үнэхээр өнгөрчихсөн учир болох уу? зэрэг асуудлуудыг бид шинжилж үзмээр байна.

1. “Соёлын хувьсгал”-ын дунд Хятадууд олон алагдсан нь үнэн л дээ. 2 – 3 зуун түмэн Хятадууд алагдлаа гэж олонх ном бичиг ба судалгааны бүтээлүүдэд үздэг. Эдгээр 2 – 3 зуун түмэн хүнтэй харьцуулбал Монголчуудын 10 түмэн хүн цөөн байх үнэн байгаа. Гэтэл нягтлан бодолхийлж үзвэл, ингэж ярих нь яг л өнөө саяхны “нэг нь олон уу, арав нь олон уу?” гэдэгтэй адилхан онол болох биш үү! Тухайн үед, Өмнөд монгол нь арай гэж зуун гуч, дөчин түмэн л хүнтэй байсан. Тухайн үед, Өмнөд монголчуудын таван хүний нэг нь “Өвөр ардын нам”-ын гишүүн гэж баригдан тамлагдсан, 13 – 14 хүний нэг нь хядагдан алагдсан байна. Тэгвэл тухайн үеийн Хятадад 8 дөнчүүр хүнтэй байсан. Үүний дотор 2 – 3 зуун түм хядагдлаа гэвэл чухам хэдэн хүнийн нь хэд нь хядагдсан бэ? 2 зуун түмэн Хятад хядагдлаа гэж бодоход 400 хүний нэг нь алагдлаа гэсэн үг болно. Хэлэлгээнгүй хүн алагдсан хэмжээг ингэж тоо бодлогын аргаар харьцуулах нь хүмүүнлэгийн үүднээс эвээр их аанай шиг боловч, их гэж харьцуулахаас өөp тохиромжтой арга олдоогүй. Нэгд, даруй 400 хүнээс нэгийг нь алах ба 13 – 14 хүнээс нэгийг нь алах. Хоёрт, 400 хүний нэгийг нь алахдаа 10 жилийн хугацааг хэрэгссэн бол, нэг жилийн гадна тавхан сарын дотор 13 – 14 хүнээс нэгийг нь хядахын аль нь чухам нэн хүнд ноцтой учир болно вэ? Алинд нь учруулсан хор хөнөөл нь нэн их вэ? гэдийг нь ойлгоход нэг их хучирдмээргүй. Ийм байдал доор чухам “нэг нь олон уу, арав нь олон уу?”

2. Тэгвэл Өмнөд монголчууд нь яагаад ийм охорхон хугацаанд ийм харгис балмад хядлагад учран, арван түмээр хомроголуулан алагдав? “Соёлын их хувьсгал”-ын дунд Өмнөд монголчуудад учирсан хядлага нь Хятад иргэдэд учирсан хядлагатай ямар мөн чанарын ялгаатай вэ? Энэ нь Хятадын коммунист засаг нь Өмнөд Монголд авсан төрийн бодлоготой нягт холбоотой. Хятадын коммунист засаг нь дотоодын засгийн эрхээ булаалдлын ширүүслээс болж, Мао Зэдун нь “Соёлын хувьсгал” хэмээх улс төрийн хөдөлгөөнийг сэдэн, Мао Зэдун, Жөү Энлай, Линбиао, Жианчин, Каншэн зэрэг таван хүний удирдах баг зохион байгуулж, “Соёлын их хувьсгал” хэмээх улс төрийн хөдөлгөөнийг шууд удирджээ. Хятадын коммунист засаг нь яг энэхүү завшааныг ашиглан, арваад жил бясалгасан Өмнөд монголын хядах төсвөө хэрэгжүүлжээ. Хятад иргэд нь Хятадын коммунист засгийн дотоодын эрх булаалцах тэмцлийн үрэгдэл болсон бол, харин Өмнөд монголчууд бол, Хятадын коммунист засаг нь энэхүү улс төрийн самуун цагийг ашиглан, Монголчуудыг бүх үндэстнээр нь хоморголон хядаж, колоничлолоо бататгах гэсэн их Хятадын шавин үзлийн үрэгдэл болсон байна. Үүнийг бид Хятадын коммунист засаг нь “соёлын хувьсгалы”-ын дараа, “соёлын хувьсгал”-ын арван жилээ бүх талаар үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэсэн боловч яг тэрхүү цагт Өмнөд Монголд төлөвшин тогтсон, өөртөө засах орны хамаг дээд удирдах байр, нэн бодитойгоор хэлбэл, коммунист намын даргыг нь заавал ч үгүй Хятад хүн томилдог болсон бодлогоо ер хувиргаагүй байгаа (1947 – 1966 оны “соёлын хувьсгал” болтол өөртөө засах орны нам, засаг, цэргийн хамаг өндөр сууринд бүр Улаанхүү байсан) бодлогоос нь ч олж харах болно. Хятадын хуулинд коммунист нам нь аливааг удирдана гэж тогтсон болохоор, өөртөө засах оронд ч гэсэн Хятад хүн хамаг өндөр сууринд залран, байдгийг захирдаг болжээ гэсэн үг болно. Ингэж үндэстний өөртөө засах оронд тус үндэстний өөртөө засах эрхтэй гэдэг нь ард иргэдээ мэхэлсэн шал дэмий үг болон хувирсан байна.

3. Бид бас нэг талаас асуудлыг задалж болно. Хятадын коммунист засаг нь “соёлын их хувьсгал” нь тэрхүү цаг үеийн нийгмийг самууруулж, олонх учир хэрэг нь засаггүй байдал доор явагдлаа гэдэг. Тэгэхэд Өвөр Монголд ч тиймэрхүү засаггүй байдал доор “Өвөр ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн” нь явагдсан болов уу? гэвэл тийм ч биш. 1966 оны 5 сарын 22 – 7 сарын 25 болтол хуралдсан умардын товчооны “Чиан мэн буудлын хурал”-д Лиү Шиаочи, Дэн Шиаопин нар Улаанхүүг чанга хатуу буруушаан, хурлын дүнд Улаанхүүд 5 зүйлийн ял тогтоож өгсний хамгийн хүнд нэг нь даруй “Үндэстнийг хагацуулагч этгээд” болно. Улаанхүү баригдан хоригдсон боловч, ямар ч хал там амсаагүй нь үнэнтэй (Хожим бид “малтаж арилгах хөдөлгөөн”-ийг нарлиг судлан гүнзгий ойлгоё гэвэл, Улаанхүү шиг тийм олон ялтай хүн яагаад ямар ч тамлалт тарчилгал амсаагүй өнгөрсөн бэ гэдэг учир нь Хятадын коммунист намын өмнөд монголд авсан улс төрийн бодлогыг шижлэхийн бас нэг зангилааны учир болох юм гэж бодно). Гэвч энэхүү хал там, тарчлал гутаал нь түүний доорх эл шатны кадр болон энгийн малчин тариачдад хатуухан оногджээ. Улаанхүүгийн оронд Өвөр монголын цэргийн тойргийн селингээр томилогдон ирсэн уулын Бээжингийн цэргийн тойргийн дэд селин байсан Тэн Хайчин: “Хэдэн хүн үхэхэд юундаа их хайхчихсан юм бэ? Гарыг яасан ч султгаж болохгүй” хэмээн их хурал дээр гар эргүүлэн ихээр аашилсан нь тухайн үеийн “соёлын хувьсгалын удирдах баг”-ийн шууд жолоодлого ба хатуу түшиг байснаас болсон юм гэдгийг бид яасан ч мартаж болохгүй. Яг иймэрхүү коммунист намын “зөв оновчтой” шууд жолоодлого ба харгис саврын балмад малтлага доор, Өмнөд монголын шилдэг хөвгүүд охидыг охорхон 17 сарыг хооронд, хэдэн зуун төрлийн эрүүг хэрэглэн, хэдэн арван түмээр тамлан тэмцэж, арван түмээр хороон хядсан байгаа юм. Яг иймэрхүү коммунист намын хатуу түшиг хамгаалалт доор хэдэн арван түмэн Өмнөд монголчуудын халуун амь бүлээн цусаар бузар савраа угаасан яргачин Тэн Хайчин “соёлын их хувьсгал” дууссан боловч ямар ч учиргүй тайван сайхнаар жаргаж байсан. Арван түмэн Өмнөд монголын алтан амь нь чухам хэр зэрэг үнэ өртөгтэй байна гэдгийг бид сайн ойлгож болох биз!

4. 1969 оны Хар мөхөн мужийн Орос ба Хятадын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч, Орос Хятадын харьцаа нь бачим байдал орсноос “малтаж арилгах хөдөлгөө” нь санамсаргүй гэнэт сүүлээ хураажээ. Гэхдээ, том цэргийн тойрог байсан Өвөр монголын цэргийн тойргийг Бээжингийн цэргийн тойрогт хамаарагдах мужийн дэсийн цэргийн тойрог бууруулан багасгаж, өөртөө засах орныг ч хэдэн хэсэг уран тастжээ. “Соёлын хувьсгал” дуусч, олонх хэсэг нь буцаж ирсэн боловч, зарим нэг хэсэг нь ер буцаж ирээгүй хэвээр үлджээ. Өмнө ярьсан зүйлүүдээс бид “малтан арилгах хөдөлгөөн”-ний мөн чанарыг чухам ямар вэ гэдэг асуудалд магадлалт хийж болно. Хятадын коммунист намын засаг нь Өмнөд монгол дахь ноёрхлыг бататгахын төлөө, “соёлын их хувьсгал” хэмээх улс төрийн хөдөлгөөнийг далимдуулан, Өмнөд Монголчуудыг хоморголон хядах гэсэн бодлогыг бодитойгоор биелүүлсэн учир болох юм. Тэр нь коммунист намын хэлдэг шиг ямар нэгэн буруу төрийн бодлого буюу Лин биао болон “Дөрвөн хүний бүлэг”-ийн ялт ажиллагааны үр уршиг ч биш. Харин коммунист төлөвлөгөөтэй явуулсан бодлого болно гэдгийг Өмнөд монголчууд бид зөвөөр ойлгох учиртай.

5. Хятадын коммунист нам нь “Баруун орныг ихээр нээх” гэсэн төрийн бодлогоо ихээр үлээн хөөрөгдөж байгаа өнөөдөр, Өмнөд Монголд “соёлын хувьсгал”-ын тухай буюу “Малтан арилгах хөдөлгөөн”-ийг ярих нь өнгөрсөн учир буюу хуучин сэдэв гэх мэтээр үзэх нэг ёсны буруу танилт болох юм. Учир юу гэвэл, одоогийн бэлчээрийг сэргээн, байгаль орчныг хамгаалахын төлөө, “Хашаалан малжих”, “Нүүдэл ардын тойрог” зэрэг коммунист намын төрийн бодлого нь өчигдрийн “Малтан арилгах хөдөлгөөн”-ний үргэлжлэл хэсгийг бид зөвөөр ойлгох чухалтай байна. Хятадын коммунист нам нь Өвөр монголчуудын шилдгээс нь нэг бүлэг хүмүүсийн нь алчихвал, Өмнөд монголчууд номхрох буюу хайлж устахад амар болно гэж бодож байсан боловч, хэдийгээр Хятадын коммунист намын төрийн бодлогын “туяалал”-аар Монголчууд нь долоо доордож, найм муудсан ч хараахан бодлого ёсоор нь мөхөж үхэхгүй байгааг олж харан, ойрын жилүүдээс төрийн бодлогоо өөрчлөн, Монголчуудыг нутгаас нь салгах, уламжлалт аж ахуйгаас нь салгах, удамшилт соёлоос нь салгах, үндэстний сурган хүмүүжлээс нь салгах гэх “дөрөв салгах” төрийн бодлогоо албадан хэрэгжүүлж, Монголчуудыг доройтуулан мөхөөх ажиллагаагаа шалбадан, хайлуулан устгах алхмаа түргэтгэжээ. Өмнөд монголын малчин тариачдыг уугуул нутгаас нь хөөн зайлуулж, оронд нь уурхай нээн, их хэмжээний ашигт малтмал булаан аваачиж, байгаль орчныг сүйтгэж байна. Үүнд өчүүхэн ашиг хүртэгсэд нь хэмжээгүй баярлаж, намын минь ач хэмээн бурхандаа залбирна. Энэ нь үнэндээ зууг нь аваад нэгийг нь буцааж өгөхөд тэгж л баярлаж догдолдог нь ёстой юу болоод байна вэ? Эдгээр хүмүүсээс чухамхүү “нэг нь олон уу, арав нь олон уу?” асуумаар байна!

Advertisements
Posted in: Mongolchuudaa