Хэлье гэсэн хэдэн үг

Posted on 2010/03/15

0



Элсэн Орчим би Японд суралцаа хэдэн найзтайгаа уулзлаа.
Харь хэлээр хөөрөлдсөн биднээс “Хаанахын хүн бэ?” гэж нэг Япон хүн асуухад, “Дундад улсын хүн” гэж завдан хариулцгаах юм. Хариултын цаана ямар ч эргэлзээ татгалзаагүй нь илт. “Монгол хүн” эсвэл “Өвөр монгол хүн” гэхээ яасан бэ? гэж би ярихад “Хүүш, тов тодорхой Дундад улсын хүн байгаад уу?” гэх юм. Ингэх нь сонин биш учир болохоор би залган маргалдсангүй. Өмнөд монголчууд өөрийн биеэ “Дундад улсын хүн” буюу цаашлаад “Хуарэн” гэж эргэлзээгүй бодох нь сонин биш учир болжээ. Өвөр Монголдоо байх Монголчууд нь “Манай улс хөгжиж байна, дэвшиж байна”, “Улсдаа хувь нэмрээ өргөнө” гэцгээдэг бөгөөд гадаадад гарсан хэсэг Монголчууд нь ч “Би бол Дундад улсын хүн” гэж эрс бодож, “Хуарангийн ЧЧ уралдаан” зэрэгт нь булаалдан оролцож, “Хуарэн ЧЧ шагнал” зэргийг нь өрсөлдөн авцгаадаг. Хятад үг мэдэхгүй буюу муухан ярьдаг Монголоо шоолж, Монгол үг ярьж чадахгүйгээ дээдэлдэг нь сонин биш боллоо. Энэ байдлыг харсан хэсэг Монголч сэтгэлтэй хүмүүс нь Монголчууддаа уурлаж, гомдож, цаашлаад харааж ч үзлээ. Гэлээ ч нэмэр алга. Манай нэг найз надад: Үлтгээд хэлбэл, нэг дээрэмчин айлын гэрт дайрч ороод эд агуурсыг нь цөлбөж, гэр орныг нь эзэлж, үр хүүхдийг нь зарц боол болгожээ. Тэдгээр хүний эрхээ алдсан боол зарагдсан бол өнөөдрийн Өмнөд монголчууд юм. Бид тэдгээр дээрэмчинтэй нэг гэрийн хүн гэж хэлж болох уу? Гэтэл хэсэг Монголчууд минь нэг гэрийн шүү гээд байх юм. Гуниг аа, гуниг!” гэжээ. Тиймээ, Хятадын коммунист нам Өмнөд Монголыг бүхэл жаран жил эзлэн колоничиллоо. Энэ жаран жилд Өмнөд Монголын Монголчууд нутагтаа “Цөөн тоот үндэстэн” болж хувираад бүх орны хүн амынхаа дөнгөж 16.9%-ийг л эзлэх болжээ. Нутаг дэвсгэр, уурхай гаралт бүхнээрээ “улс”-ын болж хувирлаа. Биеэ даасан соёл сурган хүмүүжил гэсэн зүйл нэгэнт алдагдаж Монгол үг хэл үсэг бичиг мөхөж сөнөхийн даваанд хүрлээ. Энэ бүгд бол Хятадын коммунист намын жаран жилийн колоничлолын Өвөр Монголд авчирсан үр дүн, хэн үзэвч бодож мэдмээр ил байгаа зүйл юм. Тэгвэл үүнээс нэн айхавтар нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй колоничлолын бодлогоо тэд мөн жаран жил явуулсан юм. Энэ даруй хүний оюун сүнс дэх колоничлол болох юм. Хятадын коммунист нам эрх барьсан тэр өдрөөсөө эхлэн өөрийн гажуу номлолоороо бүх хүн ардын оюун санааг угаах ажиллагаагаа тасралтгүй хийсээр ирсэн юм. Энэхүү хүний оюун санааг угаан эзлэх аргаараа тэднүүс хүмүүсийн оюун сүнсийг колоничилж байдгаас саяын зохиолын эхэнд ярьсан “дээрэмчидтэй дуртай нэг гэрийн хүн” болох хүмүүс олширсон юм. Өмнөд монголчуудын гурван үеийн хүн Хятадын коммунист намын иймэрхүү гажуу номлолыг хүлээн оюун санаа, оюун сүнсний колоничлолд автаж байгаа юм. Коммунист нам нь сурган хүмүүжил, медиа зэрэг олон зүйлийн арга авцлыг хэрэглэн өөрийн төлөөний агуулгаа цаг зайгүй цацаж байдгаас тэр орчинд төрж өссөн хүмүүс мэдээ орсон цагаасаа эхлэн тэр хүмүүжилд автаж эхэлдэг юм. Үүнд сурган хүмүүжил нь Хятадын коммунист намын мэхлэлт онолоо ухуулах хамгийн үндсэн аргын нэг нь болжээ. “Монгол үндэсний сурган хүмүүжил” гэж байдаг боловч Монгол үндэстний өөрийн түүх соёлыг нь заадаг биш харин “Хятад түүх соёл” болон “Эв хамтын онол”-ыг голчлон заадаг юм. Хүүхдүүд бүхэл зургаатай сургуульд оронгуут “Агуу их эв хамт намаа хайрлана” “Дундад улсаа хайрлана” “Дундад улсын ард түмнийг хайрлана” гэх “Гурван хайрын хүмүүжил”-ийг үлгэр зурагтайгаар эхлэн хүртдэг. Ингээд “Дундад улсын багачуудын хошууч ангийн
гишүүн” болж, “Улаан бүч” зүүж, “Улаан бүч бол улаан тугийн нэг өнцөг” “Хувьсгалт баатарчуудын халуун цусаар будагдлаа” гэж сурдаг. Цааш залгаад “Манай энэ өдрийн зол жаргалыг агуу нам минь авчирч өгсөн юм”, “Балар харанхуй хуучин нийгэмд ард түмэн гал усны гаслан зовлонд тэлчилж байлаа” гэж сурна. Сургууль болгон өглөө бүр улсын туг мандуулах ёслол хийж хүүхдүүд өдөр бүр “Таван одот улаан туг”-т ёсолж байдаг. Залгаад дунд сургуульд орвол “Дундад улсын эв хамт залуучуудын эвлэл”-д ордог. Тэр мөртөө “Эв хамт ёсны төлөө тэмцэхэд цаг ямагт бэлхэн” гэж тангараглана, бага сургуулиас эхлэн их сургууль төгстөл “Улс төр”-ийн хичээл байж, “Үзэл санаа зан мураал”, “Хууль цааз”, “Марксын үзлийн гүн ухаан”, “Дэн Шиаопины онол”, “Мао Зедуны үзэл санаа” зэрэг нэр нь түм хувирсан ч нидэр нь хувирахгүй хүний тархи толгойг угаах мэхлэлт онолоо цутгаж л байдаг. Нийгмийн шинжлэх ухааны хичээл болгонд нь “Эв хамт ёсны онол” нэвчиж, “Нам, нийгэм журмыг магтан дуулах” бол хичээлийн бичгийн гол жолоодох үзэл санаа болох юм. Хичээлийн бичигт Мао Зедуны “Ард түмэнд үйлчилье”, “Жан Сэдэ нөхрөөс суралцъя” гэх мэтийн зохиолуудыг заавал сонгох хэрэгтэй бөгөөд “Лиу Хуланы үлгэр”,”Хуан Жигуан”, “Дун Цунруй”,”Хамгийн хайрт хүн минь хэн бэ” гэх мэтийн баатарчуудын үлгэрийг заавал сонгож, хүүхэд багачуудыг “Хувьсгалын баатарчуудаас суралцаж, хувьсгалын төлөө өөрийн амь насаа өргөхөд ч бэлхэн байх хэрэгтэй” гэж сургадаг. Нэг хүнд амь наснаас нэн илүү эрхэм үнэт зүйл гэж юу байх билээ, хувьсгалын төлөө амь насаа хүртэл үрэгдүүлэхэд бэлхэн байх юм чинь өөр зүйлийг өгүүлээд яах вэ. Энэ мэтээр Өмнөд монголчууд минь сургууль соёлын мөрийг хөөнгүүт л “Маркс Ленины үзэл, Мао Зедуны үзэл санаа”-гаар өөрийн тархиа зэвсэглүүлж эхэлдэг билээ. Иймэрхүү “Хувьсгалын агуулга” тоолоод барахгүй. Бидний бичиг сурч байгаа нь “Эх улсаа бүтээн байгуулахын төлөө” юм. Бид, нам, нийгэм журам, улс гэр, хамт нийтээ бодох хэрэгтэй … гэх мэтийн хүмүүжлийг бага сургуулиас их сургууль төгстөл, цаашлаад ажлын байр дээр гарсан ч гаригт нэг удаа “улс төрийн суралцлага” – гаар дамжин “хүртэнэ”. Сурган хүмүүжил бол нэг хүний мэдлэг мэдэц хүртэж, оюунч чадвараа дээшлүүлж, зөв сайхан ертөнцийн үзэл бодлыг бүрэлдүүлэх чухал нэг зүйлийн арга авцал болох юм. Манай энэхүү хамгийн үндсэн арга авцал нь Хятадын коммунист намын гарт ашиглагдаж, тэдний гажуу онол нь бидний оюун санааг угаах чухал арга болж хувирсан байна. Тэд ингэж алхам дараатай, системтэй, зохион байгуулалттайгаар Өмнөд монголчуудын оюун санааг бүтэн жаран жил угааж, оюун сүнсийг нь эзлэн колоничиллоо. Үүний дүнд Өмнөд монголчууд минь өөрийн биеэ “Дундад улсын хүн”, “Дундадын тавин зургаан үндэстний нэг”, “Нийгэм журамт их гэр бүлийн нэг гишүүн” гэж үзэх боллоо. Эцэг дээдээсээ уламжилж ирсэн энэ өргөн нутгаа “Улсын газар” гэж, үнэт чухаг уурхай булхдацаа “Улсын гаралт” гэж, цаашлаад өөрийн хүч хөдөлмөрөө сольж авчирсан өчүүхэн цалин хөлсөө ч “Улсаас олгож байгаа тэтгэмж ” гэж үзэх боллоо, “Өвөр ардын нам” гэж хэлсээр цохигдоод эмзэг буурай болж, жаахан мөнгийн төлбөр олоод “Улсын тэтгэмж” гэж баярлаж, уудам сайхан бэлчээрээ хураалгаж, амь зулгаах цөөхөн мөнгөний хүртэмж олоод “Улсын тэтгэмж” гэж талархах хэмжээнд хүрлээ. “Хятад Монгол адил, 56 үндэстэн бүхнээр нэг гэр” гэсэн ухуулгын доор хүүхдээ Хятад сургуульд хүргэлээ. Бүрэн бус бүртгэлийг үндэслэвэл Өмнөд монголчуудын хүүхдийн 60%-70% нь Хятад сургуульд явж байгаа юм. Цаашлаад зарим нэг нь насны ханиа ч Хятад хүнээс эрдэг боллоо. Хятад хүнтэй нэг гэр болж цусаа ч хольжээ. Хятадын коммунист нам нь энэ мэтээр “толгойг нь элбэн тархийг сорох” аргаар өнөр сайхан Өмнөд Монголын нутаг дэвсгэрийг минь талхиж, цэгц шударга Өмнөд Монголын Монголчуудыг минь оюун сүнсэнд нь хүртэл колоничиллоо. Энэ колоничлол одоо ч бас үргэлжилсээр байна.

Advertisements
Posted in: Mongolchuudaa