Эрх чөлөөний тэмцлийн учир -Хөдөө-Арал

Posted on 2010/03/15

0



Хүний эрх чөлөө гэж чухам юу вэ? гэдгийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг ч тэр тайлбарт нэг утгыг заавал тодорхой агуулсан байх хэрэгтэй, даруй “Эрх чөлөө” болно. Хүн хэрэв эрх чөлөөгүй болчихвол хүний эрх нь дагалдан хасагдана. Хүний эрх нь зохих хэмжээгээр хасагдсанаас болж хүний хөгжилт алдагдаж бодитой утгаараа “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” болно. Өөрөөр хэлбэл тахир дутуу, хараагүй, соноргүй хүмүүстэй адил болно. Гэхдээ энэ нь голдуу хүний эрхийг хомстлоор илэрсэн “Хөгжлийн бэрхшээл” болох юм. Манай Монголчууд эрх чөлөөгөө хасуулаад олон мянган жил болж байгаа хүмүүс огт биш. Бид уг нь маш хангамжтай эрх чөлөөг эдэлж ирсэн улс. Яг ийм учраас дэлхийг донсолгосон “Их монгол улс”-ыг байгуулж, өөрөө чөлөөтэй хөгжиж, хүн төрөлхтний хөгжилд баларшгүй гавьяа байгуулж байсан юм. Тэгэхэд Монголчууд бид бүрэн эрх чөлөөгөө алдаад чухам хэр удаж байна вэ? гэвэл үнэндээ их удаагүй гэж хэлж болно. Учир нь Монголчууд бид Манжийн “хамгаалалт”-д орсноос болж эрх чөлөөгөө аажим аажмаар алдаж боолын байранд алхам алхмаар шахагдан орж “хөгжлийн бэрхшээл”-тэй болж эхэлсэн юм. XVII зуунаас эхлээд эзэн төрийн эрхээ алдсан Монголчууд маань XIX зууны эцэс болоход оршин амьдрах эрхээ хүртэл алдах болжээ. Эхний үед Монголчууд маань өөрийн гэх нийгмийн тогтолцоо, өөрийн гэх аж ахуй тогтолцоо нь эвдэгдэхгүй юм бол эзэн төрийн эрхээ алдах нь яахав гэсэн шиг бодож Монгол орноо өөрөөс нь нэн хүчтэй болсон Дайчин гүрнээр “хамгаалуулах”-аар эелдэн дагаж өөрийн эзэнсэг хөгжилтөө алдсан 200 жилийг өнгөрөөж XIX зууны сүүлч болоход өөрийн иргэдийнхээ оршин амьдрах эрхээ ч алдаж эхлэв. Энэхүү харсалт байдал нь Монголчууд эзэн эрхээ алдвал эцсийн үр дүн чухам ямар болох гэдгийг, тэдний эзэн эрхийн тэмцлийн уг чанарыг үнэнхүү ойлгуулж билээ. Ингээд Монголчууд энэхүү тэмцэлд идэвхтэй босолцсон юм. Энэ удааны тэмцэлд бүх Монголчууд хамрагдсан бөгөөд оновчтой хэлэхэд Өмнөд монголчууд нэн идэвхтэй оролцсон юм. XX зууны эхнээс эхлээд эзэн эрхийн тэмцэлд их гавьяа байгуулж байсан Өмнөд Монголчуудад Тогтох баатар, Хайсан гүн, Дамдинсүрэн баатар, Одой ван, Бавуужав жанжин, Гончигсүрэн ван гэх мэтийн хүмүүс дурдагдах мөртөө 1911 онд Манж Чин улсаас тусгаарласан Монгол улсыг байгуулахад гол хүч болж тэмцэж байсан юм. Үүнд 1913 он болход өвөр 49 хошуу нь “Шинээр нийлэн ирсэн хошуу” болж бүх Монголын эзэн эрхийн тэмцэлд гялалзам амжилт байгуулсан юм. Тэгэхэд эрх чөлөөгөө алдсан Өмнөд монголчууд маань энэхүү тэмцэлд хэр зэрэг идэвхийлэн оролцож байсан гэдгийг олж харна. 1907 онд Богдын хүрээнд очсон Хайсан гүн жич Монголчуудын тусгаар тогтнол буюу эзэн эрхийн сэргэлтэд том гавьяа байгуулсан гурван баатрын хоёр болох Зоригт баатар Тогтох болон Манлай баатар Дамдинсүрэн бол бүр манай Өмнөд монголын шилдэг залуус байсан. Цаашлаад Богд хаант Их монгол нь Өмнөд Монголоо буцаан авч Монгол улсаа бүрэн бүтэн болгох гэж цэрэглэсэн 5 замын цэргийн гол хүчийг жолоодсон жанжин нар нь ч бүр өвөрлөгч ноёд байсан бөгөөд дайчин баатар цэргүүдийн доторхын олонх нь өвөрлөгч байсан юм. Ийнхүү арван хэдэн жилийн цус урсгасан тэмцлээр Монгол улс тусгаар тогтнож чадсан бөгөөд дэлхийн олон оронд мэдрэгдэж, тэр гавьяагаар өнөөдөр НҮБ-д суудал эзэлсэн биеэ даасан эзэн эрхт Монгол улс буй болсон байна. Өнөөдрийн Монгол улс өөрийн гэх эзэн эрхт улс болж чадсан болохоор тэд нар эрх чөлөөний хомстол гэж байхгүй. Тэд өнөөдөр ардчилалтай, эрх чөлөөтэй, хүний эрх нь бүх талаараа батлагдсан бөгөөд хэний царайг ч халгүй өөрийн гэх улсдаа эрх дархтай амьдарч байна. Тэдэнд өөрийн гэх хөгжлийн хэлбэр, өөрийн гэх төр улсын тогтолцоо, өөрийн гэх нутаг орны эзэмшлийн эрх өөрийн гэх уул уурхайгаа ашиглах эрх байдаг бөгөөд иргэн болгонд оногдох хувьтай “хишиг”-тэй байж жинхэнэ утгын эрх чөлөөт амьдарлаа хийж байна. Тэгэхэд дэлхийн Монголчууд болгон энэхүү хишиг буяныг адилхан хүртэж байгаа биш, хагасаас илүү тооны Монголчууд одоо бас харь гадаад үндэстний “хамгаалалт”-д үргэлжлэн оршиж байна. Тэгвэл эдгээр Монголчуудын эрх чөлөөний байдал хэр зэрэг байна вэ? Тэд үнэхээр эзэн эрхээ авах дургүй, эрх чөлөөтэй амьдрахыг хүсэхгүй байгаа юм гэж үү? Тэд тэгвэл өнө үүрд өнөөдрийн байдалдаа байх хэрэгтэй гэж үү? Бид өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэх эрхтэй юу, үгүй юу? Жишээлээд хэлбэл, өнөөдрийн Өвөр Монголд заавал жинхэнэ Хятад намын дарга томилогдож байдаг журамтай. Энэ нь Чин улсын “Манж түшмэл суулгах” дүрэмтэй ямар шинж чанарын зөрөөтэй вэ? 1911 онд Чин улсын хамгийн сүүлийн Монголд “захиран сууж” байсан Сандог 3 өдөрт хязгаарлана Монгол улсаас шууд тууж гаргаж байсан түүх Монголчуудад бий. Түүнээс хойш Чингийн “колоничлох бодлого” Монголд таслагдсан гэж хэлж болно. Өмнөд монголчууд 1905 оноос эхлээд Чин улсын атар хагалбарлаж Хятад оруулж суулгах бодлогыг эсэргүүцэх зэвсэгт хөдөлгөөн зохион хийж байсан бөгөөд зөвхөн Тогтох тайж колоничлох Манж Хятадтай 1906-1910 он болтолх 4 жилийн хугацаанд 104 удаагийн дайн хийж Монгол нутаг, Монгол хүнийг хамгаалах тэмцэл явуулсан байна. Эрх чөлөөний төлөө манай дээдэс өөрийн алтан амиа үрэгдүүлж байсан жишээ мөн олон байгаа юм. 1891 онд Уухан хошуугаар төвлөсөн Хятадын Улаан малгайтны “Туулай жилийн урвалгаан” үүсч 15 түмэн шилдэг Монгол алагдаж, зуу гаруй түмэн Монголчууд нутгаасаа дүрвэж гарсан юм. Мөн бас 1913 оноос сүүлд Хятадын “хар цэрэг” Монгол улсад цуурайтан нийлээд байсан Өмнөд монголын нутаг дэвсгэрт түрэмгийлэн орж эзлэн сууснаас хойш түг түмэн Монголчууд маань хайр найргүй хядагдан, орон нутагтаа амьдран орших эрх чөлөөгөө бүрмөсөн алдаж хэдэн малаа дагаж цөл говьдоо дүрвэж орцгоосон. Өнөөдрийн Өмнөд монголчуудын амьдарч байгаа нутагт яагаад жил жил салхи хөдөлж, ганц ч удаа бороо ордоггүй вэ? Уг нь Өмнөд монголын ашиглаж болох нутаг дэвсгэрийг зуугаад жилийн өмнө “хар цэрэг”-ийн хүйтэн бууны хүчээр Хятадууд түрэмгийлэн эзэлж малын бэлчээрийг анжсан хөлд талхиснаас болсон юм. Өнөөдөр Өмнөд Монголоос гардаг газар дээрх, газар доорхи бүх гаралт бүхнийг Хятадууд ямар ч төлбөргүйгээр авдаг болов. Тэгээд бас “авлаа” хэлж болохгүй, хэлбэл барьж хорино. Бүр чанга дуугарвал алж тална. Мэдээжээр Өмнөд монголын нутагт Хятад иргэд эхэлж орж ирсээр бараг 200 жил болж байна. Тэгэхэд энэ явдлыг 2 хувааж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Чин улсын сүүлч, өөрөөр хэлбэл 1911 оннос өмнө цагаачилж ирсэн Хятадууд буй. Эдгээр Хятадууд голдуу бадарчилж цагаачилж ирсэн гачигдалт Хятад иргэд болох бөгөөд Монгол оронд ирээд боолын давхраанд хүч явж амьдарч байсан. Тэгэхэд тэд Монголчуудын эрх чөлөөнд хүчтэй сүрдүүлэл болоогүй байсан гэж хэлж болох юм. Харин 1913 оноос сүүлчээр Иргэн улсын үед түрэмгий хүчээр түрж орж ирсэн Хятадууд бол шал ондоо. Тэд бол голдуу хүйтэн зэвсгийн хүчээр дайчлуулан түрэмгийлж орж ирсэн Хятад болох бөгөөд өөрийн гэх засаг захиргааны зохион байгуулалттай, өөрийн гэх колоничлох зорилготой байж, Монгол орныг эзэрхэж, Монголчуудын эрх чөлөөг хасах тэмцэлд дайчлагдаж ирсэн Хятадууд байгаа юм. Энэ үеэс эхэлж Монгол оронд Хятад хүний дуу дээрдэж, Монгол хүний оршин амьдрах эpх чөлөө бүх талаар унаж эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн Өмнөд монголын нутагт хот шиан олширч Монгол хүн, Монгол соёл хатуу дайралтад учирсан юм. Өнөөдөр нь Өмнөд монгол нь Иргэн улсын залгамж улс болсон БНХАУ-ын “хамгаалал”-д буй. Шинэ хуучин хоёр Хятадын ялгаа гэвэл Өмнөд Монголд эзлэн сууж колоничлон амьдардаг Хятадын тоо зуугаас хэдэн мянга дахинаар өсөв. Тэдний эрх сүр явах тутам ихдэхийг дагалдан Монголчуудын эрх чөлөө идэг идгээр хасагдаж, эцэстээ “шударга боол” болж, эрстэхгүй амьд явахыг л хүсэмжлэн, гутамшигтайгаар амьдрахаар зорилгоо болгосон байна. Хүн хэрэв эрх чөлөөгүй болчихвол зөвхөн ямар нэгэн түрэмгий дээрэлхүү хүчинд боолчлогдож дагалдаж амьдрах болно. Ийм хүмүүсийн тархи толгой нь өөрийн гэх ажлын системээ алдаж дарангуйлах эрхт хүмүүсийн угсаан ёсоор сэтгэн ажиллаж байдаг учраас тэр нь зөв хөгжилт гэж үгүй болно. Иймээс Монголын шилдэг хөвгүүд охид бид нар түг түмэн Өмнөд монголчуудаа эрх чөлөөний тэмцэлд дуудан сэрээх ажлыг зохион хийх хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн хамаг чухал ажил болно. Өнөөдрийн Өмнөд монголын байдал маш түгшүүртэй болоод байна. Учир нь тэд нар 60 жилийн турш гурван үеэр Хятадын колоничлогчдоор тархиа угаалгаж амьдарснаас болж, Өмнөд монголын нутаг ус бол Хятадын байх ёстой. Газар дээрх доорх бүх эх баялаг бол Хятадын өмч байх ёстой. Бид өөрөө ч гээд Хятадын байх ёстой гэж бид “илүү мөргөж дутуу ярьж” байх ёстой. Бид эрх чөлөөтэй байх ёсгүй, нэн ч тусгаар эзэн эрхтэй байя гэж бодож ч болохгүй. Тэгэж бодож, тэгэж хэлж, тэгэж хийхэд ямар ч үр ашигт хүрч чадахгүй гэж гүнээсээ итгэн биширч, сүсэглэн явдаг болсон байна. Бид одоох шатны иймэрхүү байдалд орсон “хүнд өвчтөн”-өө дуудан сэрээж, ухааруулан ойлгуулах ажил бол туйлын урт удаан хийх хүчир бэрхшээлтэй ажил болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэсэн ч бид энэ ажлыг заавал хийх хэрэгтэй. Нэгдүгээр ээлжинд сэрсэн хүмүүс хоёрдугаар ээлжний хүмүүсийг дуудан сэрээж, хоёрдугаар ээлжний хүмүүс нь гуравдугаар ээлжний хүмүүсийг дуудан сэрээх хэрэгтэй энэ мэтчилэн үеийн үе чармайн зүтгэвэл манай Өмнөд монголын бүх хүмүүс аажим аажмаар сэргэж, эрх чөлөө хэмээгч ямар сайхан юм болох хүн хэрэв эрх чөлөөгүй болвол ямар муухай юм болох гэдгийн ялгааг тодорхой таньж, эрх чөлөөний тэмцэлд идэвхийлэн оролцох болно. Тиймээс эрх чөлөө бол хүний зөв хөгжилттэй амьдарч чадахын үндсэн нөхцөл мөн гэдгийг гүн таньж чадаж сая түүний төлөө тэмцэх хүсэлтэй болж чадна гэдгийг ойлгож, энэхүү ёсыг гүйцэд тэмцүүлэхээсээ илүү ойлгуулахыг чухалчлан үзвэл зохино. Учир нь эрх чөлөө гэж юу болохыг мэдээ ч үгүй байж түүний төлөө тэмцэх гэж ерөөс буруу дараалалтай ажиллагаа болно. Иймээс бид түг түмэн Өмнөд монголчууддаа эрх чөлөөний сурталчилгаа хийж ухааруулан сэхээрүүлэх ажилд хүчлэн зүтгэх хэрэгтэй байна. Нэгэн үйлсийн амжилтад хүрэх эсэх нь тэр үйлсийн зөв гэдгийг таних хүмүүсийн харьцал нь бүх иргэдийнхээ хэдэн хувь хүрч байна гэдэг заалт тооноос шийдвэрлэгдэнэ. Иймээс бид нар өөрийн хийх үйлсээ ардач шинжтэй үйлс болгон хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол манай үйлсийн амжилтад хүрэхийн баталгаа болно.

Advertisements
Posted in: Mongolchuudaa