Яагаад вэ?

Posted on 2010/04/11

0



Өвөр Монголын Одон телевиз дээр “Гарагийн болзоо” мэтийн үзэгчдийн анхаарлыг их татсан программ гардаг. Энд дуучин, шүлэгчин, бүжигчин үндэснийхээ оройн чимэг болсон ахмад залуу урлагчид маань уригдан ирж үзэгчдийнхээ сэтгэлийн өндөрт саатаж, хайр хүндэтгэлийн харцыг булааж байдаг. Тэд маань авьяас билэгтэй, амжилт бүтээлтэй, эрх хүндтэй. Энэ программыг би ч бахархдаг, ийм одон содон хүмүүсээхээ сэтгэлийн аяны цуваанаас юу нэгийг сэрж ой ухаандаа хүртээл болгоё гэж боддог. Тэгээд тэдний баяр гунигийг сэтгэлээрээ хуваан эдэлж уяран баясаж байдагсан. Тэгэхэд тэр догдлолын минь цаана ер нь яагаад вэ гэх бодол дандаа цухалзаад л байна.
Эх улс гэдэг үг ч дандаа л аман уншлага шахуу сонстоно, агуу намын ачаар би хүн боллоо гэдэг үг ч хаяа дуулдана. Хэн нэг хүний улсаа хайрлах тийм агуу их хайр сэтгэлийг нь угсаа ястнаа амь насаа гэж боддог өчүүхэн би ойлгож ядсан ч яахав дээ, үнэлж шүүмжлэх санаа алга. Гэтэл ой тойнд минь эрэгчээд байдаг яагаад вэ гэх асуултад би хариу өгч чадахгүй зовно.
Би Монгол хүн, би энэ хорвоод уйлан хайлж хүрч ирснээсээ амь насныхаа аяны эцсийн цэг хүрч, нартын зовлон жаргалаас аяарлан хагацталаа, цаашлан үлдэж хоцрох сайн муу нэр төртэйгөө цөм Монгол л байх ёстой. Орчлонгийн өөр ямар ч өртгийн хүчин түүнийг орлож чадахгүй, орлож ч болдоггүй учир Монгол бол миний яс мөн, цус мөн, сүг сүнс минь мөн юмсан. Түүнийг 56 үндэстэнтэй их цогцын тэргүүлэгчийн ор ч орлож чадахгүй, сүр хүчин хязгаарлашгүй аливааг эзэмддэг нам бүлэг ч орлож чадахгүй, олон улсын холбоот байгууллын бүх үнээр ч орлож чадахгүй юм.
Ахмад үеийн хүмүүсийн ариун дархан хөөцөлдлөөр нэг зүйлийн өртгийг сонгож түүнийхээ төлөө амь насаа зориулахад бэлхэн гэж тангарагласандаа тэд ингэж баримталж байна гэдгийг ч би итгэнэ. Хүн шүтлэг бишрэлдээ шударга байх нь сайхан, гэтэл үндэстэн ястан гэдэг сэтгэл яагаад сэтгэл бишрэлийн гадна оршдог билээ? Үндэстэн гэж хүний амь насанд чухам ямар байр суурьтай бол сая зөв орноо олсон хайр болж, амь насны өртгийг жинхэнэ утгаар нь харуулж чаддаг билээ? Хүний амь насыг өгсүүлэн мөрдвөл, тэр хамгийн анхны хөврөлөөс эхлээд ой ухаан бүрэлдсэн бүх явцад үндэс угсааны уг чанар нэвчиж, энэ хүнийг бусад амьтнаас ялгагдах дүр байдалтай мөртөө бусад хүмүүсээс ялгагдах өвөрмөц зан чанар бүхий бодьгал цогц болгодог. Энэ бол ярих ч чухалгүй байгалийн ёс. Гэтэл зарим хүн яг амь насыг эцэг эхээс хүртсэн биш, ямар нэг нам бүлгээс олсон шиг ярихад нь би гайхаж яадаг билээ гэж бодолдоо төөрөгдөж байна.
Ямар нэг хүний нөлөөнөөс болоод, эх нутаг минь, оршил тогтнолын суурь минь үрэн таран болж харсаар байтал оронцог төдийн юм ч үлдэхгүй идэгдэж барагдаж байна. Гэтэл Монгол хүн бас тэр хүчнээс амь нас олсон шиг игдлэн сүсэглэж явахыг хараад юу хэлэхээ олж ядна. “Би нэг энгийн малчны хүү, арьсан дээлээсээ салж одоо ийм костюм (уг үгийн нь шифү) өмсөж явахдаа үнэн жаргалтай санагдаж байна” гэх үгийг сонсоод мэл гайхав: Бас нэг удаа нэг Монгол цаг төрийн илжрэн доройтож байгааг ярьж агсаар: “Хааш л Лао Маогийн үе шүү дээ хө, ардыг илүү боддог” гэнэ, би мөн гайхахдаа тэсэлгүй: “Тэр үе үү? улс төрийн илжрэл нь үнэндээ аж ахуйн илжрэлээс хар хортой шүү, хэний амь нас гээд баталгаагүй байсан биш үү?” гэхэд тэр гуай: “Үнэхээр шүү, соёлын хувьсгалын үед миний аав бас эс л алагдалаа” гэв. Ойлгосноор хөдөө тосгон малжих орноор Маогийн хөргийг шүтэж байх, Мао бол сая ард түмэнд хайртай гэх хүмүүс олон байгаа гэнэ. Хотод ч Маогийн хөргийг энгэртээ зүүж яваа хүн хааяа харагддаг. Монгол хүн яачихваа? Малтаж арилгах хөдөлгөөний дунд Өвөр Монголд алагдаж шархадсан хүний тухай албаны талын бүртгэл нь 346222 хүн гэж байгаа шүү, 16222 хүн амь насаа алдлаа гэж байна (Түмэн, Жу Дун-лигийн бичсэн “Кан шэн ба Өвөр ардын намын хилс хэрэг”-т). Мануусын мэдээжээр Хятад улсын албаны талын бүртгэл гэгч ямар үнэн тоо байгаа ч биш дээ. Албан журмын сурган хүмүүжлийн баримжаанд хүрэхийн төлөө 99.5% сурах насны хүүхэд бүр сургуульд сурч байна гэж мэдэгдэнэ, 200 хүнээс нэг сурагч сурлагаа зогсоожээ гэсэн үг шүү. Гэтэл үнэн байдал тийм биш гэдгийг төв телевизийн мэдээллийг харавч мэдэж болно. Худал хэлэгсэд худлаа өөрөө элчлэе гээд элчлэх ч биш, харин өөр асуудлыг тусгах үед аяндаа хүүхэд нь сурлага алдаж гэртээ байгааг ярьдаг, хөөрхий, 0.5% тэнд тэгээд л таарчихдаг гэжүү? Баян дэлхий гуайн бичсэн “Малтаж арилгах хөдөлгөөний үнэн тэмдэглэл”-д бодитой тодтой тоо баримт ба үнэн гэрчийг жагсаасан нь өдийхөн тоо биш шүү. Өдийхнөөр бодоход ч, Өвөр ардын намын хэрэгт чирэгдсэн нь голдуу Монголчууд л байгаа. Тухайн үе Өвөр Монголд 200 түмэн Монголчуудтай, бараг 110 нь алагдлаа гэдэг тоо таны сэтгэлд багтана уу? Гэтэл бас л Мао тэргүүлэгч, Жу ерөнхий сайд гээд л игдлээд л байгаа нь. Өнгөрөөд дөнгөж 30 жил болж байгаа түүх хог тас мартагдаж байна, залуу багачууд маань тэр үеийн хар нүгэлт ажиллагааг дуулаад итгэхгүй юмаа. Учир нь энэ тухай илээр ярьдаггүй, зовлон амссан хүмүүс ч тэр яр шархаа далдалж үр хойчсидоо ч ярьдаггүй юм ……
Сайт: “Сэхээтэд бол соёлтон бичигтэн төдийн бус, харин нийгмийн нөмжиг сэтгэлтэй, хариуцлагатай хүмүүс” гэснээс сэхээтэд маань өөрийгөө нэг хянаж болмоор юм. Аливаа нийгмийн эергүү хувьсалтад сэхээтэд зохих түлхэц болсныг гадаадын олон эрдэмтэн ярьж өнгөрсөн байна. Яриангүй Хятад улс бол голдуу тариачны бослогоор үүсэл болгож төр сольдог учир энэ тоочилтод орохгүй магад. “5•4”-ны хөдөгөөнөөс нааш сэхээтний ерөнхий цогц буруушаалын эрхээ таягдаж, энхрий баалын тэр жаргалтай амьдралдаа согтуурч өдий болсныг хэн зөвшөөрөхгүй ч түүх тэмдэглэх зүйлээ хайр найргүй тэмдэглэнэ. Дагууд нь надад Монгол сэхээтний хариуцлагын тухай бодогдож байна. Учир нь 1946 оноос нааш Монгол сэхээтний үзэл санаа үйл ажиллагааг Хятад улсын эл зүйлийн бодлогоос салгаж ярих нь зохисгүй юм. “Хуучин юм ул болж шинэ юм зул болж” гэж настад ярьдаг. Хуучин бүхэн ул болмоор ч үгүй юм даа. Шинэ бүхэн ч бүр зул гэж ч хэлэхийн аргагүй. Хагас зууны турш өв соёл алдагдаж, нутаг бэлчээр эвдэгдэж хөөрхий малчид маань амьдрахад хэцүүдэж байна: Сургууль соёлын мөрийн хаалга ч үр хойчсоо нүд нээлгэх ч боломж багатай болж байна. Тэр их өрмөг ногоон бэлчээр хөрсөө хуулуулж эвэршээн эмзэглэж байхад Монгол сэхээтэд костюм өмссөн жаргалдаа тэвдэж байдаг. Хүн зоныхоо оюун ухаан нинжин сэтгэл болох ёстой сэхээтэд мань уусан ус угаасан шороогоо хараад юу ч бодохгүй байна гэж үү? сэхээтэд доройтсон нь нэг хоёр жилийн явдал ч биш, гэвч сэхээтний бүл цогцоороо доройтолдоо омогшин амьдарна гэгч аль хаанахын зоог вэ?? Яагаад вэ? Яагаад вэ?
2006 оны 6 сарын 29-нөө “Цээлийн өндөр” өргөөнд

Advertisements