Vндэсний хeгжлийн цогц бодлого

Posted on 2007/07/07

0




Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна
Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлах тухай асуудлыг өчигдрөөс чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Бид өчигдөр үзэгч танд үндэсний хөгжлийн цогц бодлогын тухайд мэдээлсэн. Харин үүнд УИХ-ын гишүүд ямар санаа оноо өгч байсныг хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын төслийг боловсруулах ажил бүтэн жил гаруй хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар хийж, УИХ-д өргөн бариад байна. Манай улсад өмнө нь тэнд хүрнэ тэгж хөгжнө гэсэн зорилго зорилт байгаагүй. Харин үндэсний хөгжлийн цогц бодлогоо баталснаар нэг ёсондоо бид зорилготой амьдрах болж байгаа юм. Үндэсний хөгжлийн цогц бодлого нь Монгол Улсын сүүлийн 15 гаруй жилийн туршлага, сургамжаас санаа авч, одоо тулгамдаж байгаа асуудлуудыг тогтоон, ойрын 15 орчим жилийн хугацаанд сайн сайхан амьдралыг авчрахыг зорьсон гурван цагийн огтлолцол дээр боловсруулагдсан баримт бичиг болж байна. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эрчимтэй хөгжлийн үе шат буюу 2007-2015 он, Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат буюу 2016-2021 он гэсэн хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шат буюу 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтууд бүрэн хэрэгжиж олон эерэг үр дүнд хүрэхээр төлөвлөжээ. Юун түрүүнд хөгжлийг түргэтгэх чухал салбар бол ашигт малтмалын салбар байх нь ээ. Иймээс стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хуримтлал бий болгож, энэ мөнгөөрөө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдээд зогсохгүй улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд зориулж оновчтой зарцуулахаар тусгасан байна. Мөн ард иргэдэд эх орны хишиг хүртээхийг ч хуульчлахаар төлөвлөөд байна. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр манай улсын эдийн засаг жилд дунджаар 12-аас доошгүй хувиар өсч, нэг хүнд ноогдох ДНБ 12 мянгаас доошгүй ам.долларт хүрч, оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшин хөгжиж, Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд багтан орно гэж цогц бодлогод тусгажээ. Ямартаа ч УИХ-ын гишүүд үндэсний хөнгжлийн цогц бодлогын тухайд ийм саналтай байна. Ер нь Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжсэнээр 2021 он гэхэд ашигт малтмалын олборлолтоосоо илүү бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжинэ. Энэ нь зөвхөн ашигт малтмалын салбартаа дулдуйдахыг зогсоох юм. 2021 он гэхэд ядуурал буурч, харьцангуй чинээлэг дундаж давхарга төлөвшиж, баян ба ядуугийн харьцаа буурах нь ээ. Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2 дахь үе буюу 2021 он гэхэд улсын хэмжээнд жилд дунджаар 14000-аас доошгүй айл өрх орон сууцны нөхцлөө сайжруулдаг болохоор байна. Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, олон улсын жишигт нийцсэн оношилгоо-эмчилгээний төвүүд байгуулагдаж, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд амыг дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний бүтээгдэхүүний экспортыг өсгөхөөр зорьж байна. 2021 он гэхэд хатуу хучилттай авто замын урт 11000 км-т хүрч, Баруун, Зүүн болон Говийн бүсэд төмөр замын сүлжээ бүрэн байгуулагдан улмаар Хоёрдох төмөр зам ашиглалтанд орохоор үзндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагджээ. Ийнхүү манай улсын ойрын 15 орчим жилийн хөгжлийн зорилго тодорхойлогдож байна. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эцэслэн батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх түүхэн үүрэг УИХ-ын энэ бүрэлдэхүүнд ногдож байгаа юм.