Ус нь татраад алга болчихсон өгөршсөн хайрга чулуу л үлдэж дээ. Харамсмаар, дэндүү харамсмаар дүр зураг.

Posted on 2007/09/24

0



Туул голд “амь тариа” чухал байна

Шинэчлэгдсэн: 2007-04-26 13:26:45 УБ

Харсаар, мэдсээр байж ундны усны эх ундрага болсон Туул голоо “егүүтгэчихээд” араас нь зул өргөн гашуудаж суух уу, аль эсвэл амь тариаг өнөөдөр хийх үү. Өдгөө хар, шар алтны хойноос хөөцөлдөж, чандмань эрдэнээ хөсөр хаяж буй монголчуудын маргаашийн тухай төсөөлөхөөс үнэндээ айж байна.

Өглөөхөн ажилдаа ирэхээр “хөл дүүжилсэн” автобусанд Туулын тухай нэгэн дуу “явж байна”. Жаахан халаад ирэхээрээ л монголчууд “Туулын урсгал шөнөдөө сайхан, торгон долгио хаялан мяралздагсан” гээд л хадааж гардагсан. Ардын жүжигчин Ч.Түмэндэмбэрэл агсны ХИТ болгосон энэ дууг сүүлийн үеийн зохиолын дуучдын нэг нь сэргээн дуулж. Хажууд сууж явсан эмэгтэй дуучных нь нэрийг асууж байна. Борооны дараах мөөг шиг олширсон зохиолын дуучдыг нэрлэж, зүсэлж чадахааргүй олон болсон болохоор танихгүй эмэгтэйн асуултад хариулж чадсангүй. Үнэндээ бол хариулахыг хүсээгүй л дээ. Яагаад гэвэл тэр дуучнаас илүү монголчууд бидэнд өнөөгийн Туул голын өрөвдөлтэй төрх чухал баймаар. Саяхандаа Яармагт байдаг хамаатныдаа очихоор явахдаа Туул гол ямаршуухан дүр төрхтэй байгааг харсан юм. Ус нь татраад алга болчихсон өгөршсөн хайрга чулуу л үлдэж дээ. Харамсмаар, дэндүү харамсмаар дүр зураг.

Нэгэн цагт Туул голыг салаар туулдаг байсан гэх. Үлгэр домог шиг санагдана. Тийм байсан гэж үү. Тэгээд яагаад өнөөдөр Монгол орны нэгэн цагийн гоёл ийнхүү амь тасрах болов. Амь тасрах шалтгаан нь юу байв. Энэ бол монголчуудын хувьд шинэ асуулт биш л дээ. Эрдэмтэд үүнд өөр өөрийн хариултыг өгсөөр хэдэн жилийг нүүрийг үзсэн. Яриад, бичээд, шүүмжлээд, сануулсаар байсан хэрнээ монголчууд бид Туулаа зөнд орхичихож. Ажил болгож нэгийг хийсэн нь үгүй, арга хэмжээ авсан ч үгүй. Дэлхийн уур амьсгал жилээс жилд дулаарч байгаль орчинд сөрөг үр дагавар авчрах болсон нь хөгжингүй орнуудын толгойн өвчин болоод буй. Учир нь аливаа орны эдийн засгийн хөгжил заавал байгаль орчин дээр тулгуурладаг гэдэг.

Тиймээс ч гадныхан байгалиа аврахын төлвө зүтгээд, хийгээд эхэлчихэж. Харин бид Монгол орон дэлхийн уур амьсгалын дулаарлаас холуур өнгөрөх юм шиг хэнэггүйтсэн хэвээр. Тэгвэл эрдэмтдийн тайлбарлаж буйгаар дэлхийн уур амьсгалын дулааралд хамгийн ихээр өртөж болзошгүй орны тоонд Монгол Улс багтдаг юм байна. Манай орон нь цөл, тайга хоёрын завсрын бүс нутаг учраас маш “эмзэг арьстай” аж. Тиймээс дэлхийн уур амьсгалын дулааралд манай орон нэлээд нэрвэгдэж буй бөгөөд үүний тод томруун жишээг Туулаас харж болох гэнэ. Туул голын ус зарим газраараа тасарч алга болж буйн нэг буруутан нь дэлхийн уур амьсгалын дулаарал ч хүний хүчин зүйлс багагүй нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Туулын усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хол давсан, арьс ширний үйлдвэрүүд химийн хортой бодисоо голд асгаж байгаа, Богд Уулын модыг зүй бусаар огтлох болсон гээд маш олон янзын шалтгааныг мэргэжилтнүүд тоочдог.

Дээр нь, Туулын бургас гэж “00″ болсныг дурдахаар ч эвгүйцэм. Туулын бохирдлын динамик жилээс жилд нэмэгдэж байгаагаас болж голын экосистемд өөрчлөлт орж байгаа гэх эрдэмтэд ч бий. Нөгөөтэйгүүр Туулын ай сав газруудад олон тооны гүний худаг барьсан нь усны ундрагад нөлөөлөх болсон аж. Сүүлийн таван жилд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нийслэлийн ачааллыг нэлээд нэмж буй. Хүн ам ихсэх тусам цэвэр усны хэрэглээ нэмэгдэж, тэр нь Туул голд сөргөөр нөлөөлөх болсон байна. Гүний усны хэмжээнд өөрчлөлт орохын хэрээр гадаргуу дээрх усанд өөрчлөлт ордог байна. Энэ асуудлаас болж, дэлхийн улс орнууд “Гол мөрний сав газрын усны нэгдсэн менежмент”-ийг хэрэгжүүлэх болсон байна. Тиймээс монголчууд бид цаг хугацаа, хоног алдалгүй гол мөрний сав газрын нэгдсэн менежментийн зарчмыг хэрэгжүүлэхгүй бол нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангадаг Туул гол нэг л өдөр ор сураггүй “шилэрчихэж” магадгүй болж.

Энэхүү үзэгдлээс болж бэл бэнчин муутай манай улсын хувьд эдийн засгийн хямрал нүүрлэхгүй гэх аргагүй. НҮБ-аас гаргасан мэдээгээр бол өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь цэвэр усны гачигдалд өртөх болсон байна. 2015 он гэхэд хүн төрөлхтний 75 хувь нь цэвэр усны гачаалалд орж болзошгүй аж. Монгол орон цэвэр усны нөөцөөр хязгаарлагдмалд тооцогддог учраас энэ асуудлыг биднээс хол хэмээн зөнд орхичихож болмооргүй байна. Харсаар, мэдсээр байж ундны усны эх ундрага болсон Туул голоо “егүүтгэчихээд” араас нь зул өргөн гашуудах суух уу, аль эсвэл амь тариаг нь өнөөдөр хийх үү. Өдгөө хар, шар алтны хойноос хөөцөлдөж, чандмань эрдэнээ хөсөр хаяж буй монголчуудын маргаашийг тухай төсөөлөхөөс ч үнэндээ айж байна. Тиймээ, Туулд өнөөдөр амь тариа чухал болжээ.

Ж.Эрхэс