Түлхүүрээ яагаад хэрэглэхгүй вэ? Хуучинхүү

Posted on 2010/03/15

0



“Төр гүрэн нь мөнхөд бусдад боолчлогдсон ард түмэн хэрвээ төрөлх хэлээ марталгүй цээжилж байвал шоронгийн үүдний түлхүүрийг атгаж байгаатай адил” гэдэг Фрусст эзлэгдсэн Францчуудын өмнөөс хэлсэн А.Даутайн үгийг Өвөр монголчуудын соёл хүмүүжил хүртэгсэд бараг мэдэхгүй хүнгүй. Цөхөрч мохсон хүмүүс, дорой буурай үндэстэнд энэ үг эрмэлзэл олгож байсан нь яриангүй. Гэтэл түлхүүр чухам хэзээ хэрэгтэй байдгийг бид өнөөдөр сэтгэх чухалтай. Хязгааргүй хүлээлт хэний ч зоригийг хугалж мэднэ… Эрх чөлөөгөө бусдын гарт булаагдсан хоёр хүн байхаар жишье. Хориулын түлхүүрийг атгаж, нөгөө нь юу ч байхгүй гэж бодъё. Тэр хоёул адилхан хориулд амьдардаг мөртөө нэгнийх нь гарт түлхүүр байгаа ч тэр түлхүүрээ хэрэглэдэггүй учир түлхүүр нь ирээдүйн эрмэлзэл төдий харин өнөөдрийн хувьд ямар ч утгагүй – Түлхүүр хэрэггүй биш харин хэрэглэдэггүй учраас түлхүүр байх эсэх нь адилхан. Эрмэлзэл сайхан байдаг, сайхан нь биелэлдээ л байдаг. Биш бол бид хэчнээн зуун шүтэж, хэдэн арван жил итгэж явсан өртөг ч нурах ёсгүй, юу нэгийг хүсэж итгэж явах ч сайхан. Гэтэл бурхан шүтэгчид бол буян үйлддэгтэй адилхнаар, хүсэл итгэлээ бодитой биелүүлнэ гэвэл түүнд зориулагдсан ажиллагаа хийх хэрэгтэй. Үгүй бол ам нь чихээ хуурч, бодол нь сэтгэлээ аргадаж байгаа хэрэг болно. Олон жил бид өөрийгөө хуурч суухдаа ингэх нь өөрийгөө тайтгаруулж байгаа хэрэг гэж хэн нь ч үнэн голоосоо мэдрэх дургүй явсан нь худал биш. Хууръя гэж хуураагүй, санаа нь хүрээд унаа нь хоцорч байдаг буюу унаагаа ч суллаж орхичхоод, эсхүл болхи нь хулчийн хичээсээр өдөр болоход тэр олон хүсэл итгэл гэдэг нь ч хөөс болох шахаж байна. Гартаа түлхүүр атгаастай хэвээр, өөрөө ч хориулын гадна нь биш дотор нь битүүрсээр. Түлхүүрийг хэрэглэх хэрэгтэй, үгүй бол түлхүүр нь зөвхөн өөрийгөө тайтгаруулдаг эд болно, зэвэрч орхиж ч мэднэ. Тэгэж тэгэж яваандаа түлхүүргүйтэй ялгаагүй болно. Эрх мэдэл бол түлхүүр мөн, ардын төлөөлөгчдийн хурал дээр эх хэлээрээр ярьж орчуулагчаар дамжин цааш ойлгуулах бол гарт байгаа түлхүүрийг хэрэглэсэн явдал юм. Гэтэл бид түлхүүрийг дуртай хаяж орхилоо. Ажлын цол гэх мэт зүйлийг хүснэгт эх хэлээрээ таглан бичих учир бол түлхүүр мөн, гэтэл олонх хүмүүс тэр түлхүүрийг хаяж орхилоо. Монгол сургуулийн хурал дээрээ яриа илтгэл хийнэ гэгч багш сурагчдын сэтгэлийн оньсыг нээх түлхүүр л төдийгүй, харин багш сурагч бүхэндээ түлхүүр атгуулж байгаа явдал мөн, гэтэл энэ түлхүүр олон сургуульд хаягдаж удлаа … Үүдэнд нь хүрээд Хятадаар ярихгүй бол хүрээнд оруулахгүй Монгол сургууль Өвөр Mонголд хаа ч байна … Тэгэж тэгсээр өнөөдөр бид юу болж байна. Утас тачигналаа, “Танд баярын чимээ хэлье, манай сургууль бие тамирын уралдааныг ганц Хятад үг ч оруулахгүйгээр явуулж байна шүү, хэчнээн жил багшлаад анх удаа ийм байдлыг харлаа” – Энэ нь нэг Монгол багшийн гол зүрхнээс нь оргилсон догдлол, бүр хэзээнээс байж болох, байх ч чухалтай атал дутаж агсан бахдал. Утсаа тавиад сэтгэлд униар манан тунарна, баярын чимээнд баярласан ч, бидэнд хамаг энгийн заавал тийм байх ёстой зүйл баярын чимээ болж уламжлагдахад бодол сэтгэл хөндөгдөн доргиж байна. Бид одоо чухам ямар шиг болоод байна? Өөрийн олж алдахыг есөн тэнгэрийн цаана орхисон хүнд хамгийн том баярын чимээ бол эх хэлний минь сайхан сураг сан. Гэтэл энэ сайхан сургийн цаана юу нуугдаж байна? Сэргэлт, ухамсар цухуйж байгааг хэн ч мэднэ, сэргэлт ухамсрын цаана нэн хэцүү түгшүүр – Хайлал хямралын сураг ч айсуй мөч хормыг хугацаан тооцон байхыг нь “баярын чимээ”-нээс ч сонстоно. Би хэт гуниглангуйдаа биш. Хэдэн арван жилийн турш утсан хэр ахилтад ч баярлан догдолж, Монгол соёлын сэргэлтийн гэрэл гэгээг харсан шиг явсанаа хэн нь ч мартах болоогүй. Учир нь танил тэр догдлол одоо ч хямрал шахамдууллын дунд хааяа харагдсаар байгаа юм чинь. Баяр догдлол арай намхрах болоогүйгээр олон олон шахамдуулал хавчлага ч хүнд ахуйтай хамсан бүслэн нурж ирэхийг Монгол соёлын хувь заяанд санааширдаг бүхэн мэднэ. Ингэж өдөр сарыг тоолоход өв соёлд минь нэмэгдэж байгаа юу гэж тоолох чухал ч үгүй, харин олон зүйл арчигдаж хусагдаж байгаа нь амьсгаа битүүлэн цаг хором бүрт сэрэгдэнэ. Улаан хадын шинэ байгуулагдаж байгаа хотоор өрөө дөрөөн дээр гэмээр зугаацан өнгөрөхөд Монгол соёлын хамаатай олон сайхан шуумлууд бахарxлыг татна. Энэ нь хэчнээн олон Монгол хүмүүсийн чармайлгаар босгогдсон бол гэж бодохын дагууд аль өдөр Монгол соёл минь зөвхөн ийм шуумал ийм сийлмэл төдий болчихвол … гэх аянгуур сэтгэлийн гүнд цухалзана. Мааяагийн соёл, Ромын соёл, Вавилоны соёл … гэж хүн төрөлхтний түүхэнд гялалзсан оргил болсон тэдгээр хууч дурсгалууд тухайн үндэстнийхээ өв соёлд авч хэлбэл чухам аз завшаан юмуу аз бус юмуу гэдгийг ярих чухалгүй гэж бодогдоно. Хаан суурин ноён титмийг шүтэгчид Манж цэргийн төрийг бишрээд ч, басамжлаад ч хорсоод ч хошигноод ч үгүй байсантай нь оруулж овоолж зүйл зүсмээр тэрслэн цэгээн хөшгийг дүүргэж байна. Энэ нь Манжуудад омогшил болох ёсгүй, тэдний дэлхийд хосгүй болтол өргөтгөж байгуулсан хаан хот нь Монголчуудын Дээд нийслэлээс бүтэн сайхнаараа байсан ч тэр бол бөхсөн гал, үхсэн сүнс, Манж хүний гунигийг зоригжуулсан барилга. Түүхэн дурсамж Манжуудад түлхүүр болохоос өнгөрчээ. Тэгэхдээ тэд бол мөнхийн хоригдол. Дэргэд чинь нэг үндэстэн соёлтойгоо мөхнө гэгч аль ч дорой буурай үндэстэнд азтай чимээ биш, бусдыг мөхөөж чадсан зүйл хэнийг ч адилхнаар мөхөөж болно, харин мөхөөгдөж байгаа этгээд ямар овортой нь хамгийн чухал. Манжууд гурван авгайзууны төрөө үе үеийн үргэлжлэлээ арилжжээ, Ян Цунниан үндэстнийхээ хаадын түүхийг ярихдаа өөр аль ч үндэстэн ийм урт хугацаа төр барьж өнгөрсөнгүй гэж омогшсон ч төрийн түүх нь үндэстэн ястныг нь аварч чадахгүй болсон. Тэд түлхүүрээ төрөөр сольжээ. Түр цагийн ноёрхлоор түмэн үеийн оршил тогтнолоо арилжжээ. Манайд одоо төр байхгүй, түлхүүр байна, төрөөр солимгүй түлхүүр байна. Тэр түлхүүр Монгол соёлыг аварна, Монгол зүрхийг аварна, Монгол түүхийг амилуулна. Тэгэхдээ урьдал нь бол түлхүүрээ орхихгүй учир төдий л биш, харин түлхүүрээр хамаа бүхий оньсыг нээж орхих хэрэгтэй, хулгайлсан биш хойно эмээж байх хэрэггүй. Тэр түлхүүрээр бусдад тушаасан эрх мэдлийг эргүүлж авч болно. Талаа, малаа, тансаг баян байгалиа эргүүлж авч болно. Үг хэлний хэрэглэлтийн хүрээг үнэн утгад нь хүртэл тэлж болно шүү. Түлхүүр гэгч хэрэглэвэл сая шоронгийн үүд нээгдэхээс биш, үүрд хэрэглэхгүй юм бол байхгүйтэй эгээ адил, үг хэл өв соёл ч эрх мэдэлд түшиглэн оршин түгээмэлжинэ. Америкийн Айво мужийн нэг гянднаас 1972 онд тэтгэвэрт гарсан оньс хийдэг ажилтан 1974 онд нас нөгчжээ. Орчим түүний эд барааг үнэ хаяж худалдахад Анамесса гянданы нэг бүлэг түлхүүр худалдсанаас тус гяндан буй бүхий түлхүүрээ бүр сольжээ гэдэг мэдээлэл буй. Түлхүүр гэгч иймэрхүү хүчтэй зүйл шүү. Бид сэргэлтийн омогшил, оршлын итгэлийн үүдийг өөрийн гар дахь түлхүүрээрээ нээж байя. өөрийн тогоон доор бусдын шанага харж аяга тосохгүй цаг ирнэ. Тэр цаг үеийн хаалгыг манай түлхүүрээрээ нээж чадах хэрэгтэй.
2007 оны 4 сарын 30-ны шөнө “Цээлийн өндөр” өргөөнөө

Posted in: Mongolchuudaa