ИЛ ЗАХИДАЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Н.ЭНХБАЯР ТАНАА

Posted on 2008/12/15

0



“Ашигт малтмалын тухай” хуульд хориг тавиулах тухай Саяхан УИХ-аар батлагдсан “Ашигт малтмалын тухай” хууль нь ашигт малтмалын ордуудыг ач холбогдлоор нь ангилсан, тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсний хамт төв,орон нутгийн төсөвт нэлээд оновчтой хуваарилсан зэргээрээ өмнөх хуулиас арай дээр болжээ. Гэхдээ хамгийн чухал, тулгуур асуудал болох байгалийн нөхөгдөшгүй баялгийг Монгол улсын хөгжил,дэвшилд зориулан зүй зохистой ашиглах, хамгаалах асуудлаар ахиц гаргасангүй, харин ч ухралт хийх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тул энэ хууль нь Монгол улсын язгуур эрх ашигт огт нийцэхээргүй байна. Үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулах эх үндсийг тавьсан “Ашигт малтмалын тухай” 1997 оны хуулийн гол үзэл санаа,зохицуулалтыг үргэлжлүүлсэн хууль болжээ гэж бид дүгнэж байна. Энэхүү дүгнэлтийг бид дараах үндэслэлд тулгуурлаж хийлээ. Үүнд: 1. Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, заалтад харшилсан зохицуулалт энэ хуульд нэвт шингэсэн байна. Хуульд төрийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж, эрдэс баялгийг эзэмшин ашиглахад төрийн оролцоо, зохицуулалтыг аль болох бага байлгах, хатуу хязгаарлах зорилго,санаа,санаархал илт давамгайлсан байна. Мөн чанартаа ард түмний өмч,баялгийг газар нутгийн нь хамт захиран зарцуулах эрх мэдлийг хувийн өмчийн секторт шилжүүлэн хуваарилах үйл явцыг эрээ цээргүй баталгаажуулсан, өөрөөр хэлбэл хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэдхэн компани, хэсэг бүлэг хүний ашиг сонирхолд яв цав нийцүүлсэн хууль болжээ. 2. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлалын заалт, зарчимд харшилсан зохицуулалтыг энэ хуульд тусгасан байна. Энэ нь юуны өмнө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний хугацаа, нөхцөл буюу үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй, тэрчлэн улс орны эдийн засагт үлэмж хохирол учруулах нь илэрхий зарим заалтад хамаарна. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэгт барьцаалагдаж, стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа гадаадынхны эрх мэдэлд шилжүүлэх, нутаг дэвсгэрээ урт хугацаагаар эзэмшүүлэх, Монголд хохиролтой, харийнханд ашигтай нөхцлөөр гэрээ хэлэлцээ хийх, хувьцааны 66-гаас доошгүй хувийг тэдэнд эзэмшүүлж санхүүгийн талаар хохирох, байгаль орчин,уул ус,ургамал амьтнаа сүйтгүүлэх зэргээр Үндэсний аюулгүй байдалд үлэмж хохирол учруулж болзошгүй хууль батлагдчихлаа Жишээлбэл, дэлхийн зах зээлийн одоогийн үнээр 250 тэрбум доллараар хэмжигдэх буюу Монголын дотоодын нийт бүтээгдхүүнээс даруй 140 дахин их баялагтай Оюутолгойн хосгүй сайхан ордоо эзэмших эрх мэдлээ монголчууд бид 0,2-0,3 тэрбум долларын хайгуулын ажлын төлөөсөнд “Айвэнхоу майнз” компанид 30 жилийн хугацаатай гэрээгээр алдах гэж байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд энэхүү хуулийн харгайгаар ноцтой хор хөнөөл учирвал Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлын тулгуур үндэс хөндөгдөнө. Манай сор болсон ордуудын хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо эзэмшиж буй гадаад,дотоодын хэсэг бүлгийн “захиалгаар” тэдний ая таалалд нийцүүлэн энэхүү хуулийг хийжээ гэж хэлэхэд хилсдэхээргүй байна. 3. Үндэсний хөгжлийн бодлогод 1997 оны хуулийн уршгаар гарсан ноцтой алдааг энэ хууль улам лавшруулан баталгаажуулж, засаж залруулах аргагүй болгох гэж байна. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахад төрийн эзэмших хувийг (хувьцааг) зориуд ихээхэн доогуур төвшинд тогтоосон нь эцсийн дүнд байгалийн баялгийн үлэмж хэсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үнэ төлбөргүй “бэлэглэсэнтэй” ижил үйлдэл мөн. Энэ нь юуны өмнө төсвийн болон төсвийн бус хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн Оюу толгойн зэс алт, Таван толгойн коксжих нүүрс, Бүрэнхааны фосфорит, Сэлэнгийн төмрийн бүлэг орд гэх мэт томоохон ордод хамааралтай. Энэ хуулийг ёсчлон хэрэгжүүлбээс улс,нийгэм санхүүгийн асар их хохирол хүлээх төдийгүй цаашид дотоодын санхүүгийн эх үүсвэрт түшиглэн хөгжих ихээхэн боломжоо алдана. Тухайлбал, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон ордоос улсын төсөвт наанадаж олон зуун тэрбум төгрөгийн ашиг дутуу орох нь бүр одоо тодорхой байна. Ингэвээс улс орныг тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах зорилготой Мянганы хөгжлийн зорилт, одоо Таны шийдвэрээр боловсруулах гэж буй Үндэсний хөгжлийн хөтөлбөр зэрэг нь хөрөнгийн эх үүсвэргүйгээс хэрэгжихгүйд хүрч хоосон яриа, лоозон болж мэдэх юм. Хөгжлийн онцгой чухал эх булаг болох байгалийн гол баялгаа өөрийн захиран зарцуулах эрх мэдэлд байлгалгүйгээр хөгжиж дэвжсэн улс гүрэн дэлхий дээр байдаггүй билээ. 4. Өмнөх хуулийн дагуу бодлогогүй,замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг нэг мөр болгож цэгцлэх талаар шинэ хуульд зохицуулалт орсонгүй. Нийгмийн бухимдал, иргэдийн эсэргүүцлийг буй болгосон, байгалийн баялгийг лицензээр халхавчлан “хувьчилсан” бусармаг үйлдлийг таслан зогсоох биш, харин ч хуульчлан баталгаажуулсан байна. Ард түмэн ийм шударга бус, цагаандаа гарсан зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэхэд бэрх. Нийгмийн баялгийн шударга бус, тэнцвэргүй хуваарилалт ийнхүү үргэлжилж баян, ядуугийн ялгаа, үгүйрэл,хоосрол цаашид нэмэгдэх аваас ирээдүйдээ,төрдөө итгэх олон түмний итгэл найдвар алдагдаж,популист болон туйлширсан үзэл сэтгэлгээ газар авч, Монгол улсын нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй. 5. Хуульд тусгасан бусад олон зүйл,заалт ч (тухайлбал, сүйтгэсэн байгаль орчныг нөхөн сэргээх, хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай заалтууд) шаардлага хангахгүй байгаа төдийгүй улс орны эрх ашигт харшилсан гэдэг нь амьдралаар нэгэнт нотлогдсон 1997 оны хуулийн зохицуулалтыг улам лавшруулан баталгаажуулсан байна. Дээр дурдсан үндэслэл,санал,дүгнэлтээ энэ захидлын салшгүй хэсэг болох хавсралтад хураангуйлан тайлбарлав. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бидний зарим нөхдийг Таны дэмжлэг, УИХ-ын даргын шийдвэрээр албан ёсоор оруулсан боловч үйл ажиллагаанд нь оролцох боломж олгоогүй, хуулийг баяр наадмын өмнө УИХ-аар үндсэндээ хаалттай, маш яаруу хэлэлцсэн гэдгийг энд дурдах нь үнэнд нийцнэ. Хүндэт Ерөнхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Та бидний санал, дүгнэлтийг нягтлан үзэж Монголын төр,ард түмний нийтлэг язгуур эрх ашгийг бүхнээс эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн “Ашигт малтмалын тухай” хуульд бүхэлд нь хориг тавьж, Монгол улсын эрх ашигт ноцтой хохирол учруулах энэхүү түүхий хуулийг УИХ-аар дахин хэлэлцэх боломж олгоно гэдэгт бид гүнээ итгэж байна. Таныг хүндэтгэн ёсолсон: Эдийн засгийн ухааны доктор,уурхайн инженер С.АВИРМЭД Геологи, эрдэс судлалын ухааны доктор, профессор Ж.БЯМБА Техникийн ухааны доктор, баяжуулагч инженер М.ДАМДИНСҮРЭН Геологи, эрдэс судлалын ухааны доктор Ч.ХУРЦ Түүхч, угсаатнысудлаач, доктор Б.БАЛЖИННЯМ Эрдсийн баялгийн эдийн засагч, магистр С.БОЛД Геологич, магистр Д.САНЖААДОРЖ Олон улсын харилцааны эдийн засагч Р.ЭРХЭМБАЯР 2006 оны 8 дугаар сарын 7. Улаанбаатар хот

Posted in: medee